Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Профессор Жеймс Робинсон лекц уншлаа

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон Улсын хамтын ажиллагаа нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга(ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Цуврал хэлэлцүүлгийн сүүлийн буюу “UВ IMPULSE”-ийн арав дахь удаагийн лекцийг өчигдөр МУИС-ийн тавдугаар байрны Хурлын танхимд зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүндэт зочноор уригдсан Чикагогийн Их сургуулийн Харрисын нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор, доктор Жеймс Робинсон   “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан: Эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал” сэдвээр  сонирхолтой илтгэлээ тавилаа.

Хэлэлцүүлгийг нээж, МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа,  GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн нар үг хэлсэн юм.

Профессор, доктор Жеймс Робинсон нь  “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан: Эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал” номоо профессор. Др.Дарон Асимоглугийн хамт бичсэн нь олон улсын түвшинд өндөр үнэлгээ авч, танил болжээ. Уг номдоо улс орнуудын улс төрийн институцийн ялгаатай талууд болон уналт доройтол, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн талаар  бичсэн юм.

Профессор Жеймс Робинсон нь АНУ-ын Чикагогийн Их сургуулийн Харрисын нэрэмжит Төрийн бодлогын сургууль болон Богота дахь Андийн их сургуульд багшилдаг аж. Түүнчлэн улс төрийн эдийн засаг харьцуулсан улс төр, улстөр-эдийн засгийн хөгжлийн чиглэлээр Латин Америк, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд болон Бүгд найрамдах Ардчилсан Конго улс, Сьерра Леон, Гаити, Колумби зэрэг улсад судалгаа хийдэг байна.

Жеймс Робинсон нь Лондоны Эдийн засаг, улстөрийн сургуульд бакалавр, Варвикийн их сургуульд магистр, Иэлийн их сургуульд докторын зэргээ тус тус хамгаалжээ. Мөн Мельбурны Их сургуулийн Эдийн засгийн тэнхим, Өмнөд Калифорнийн их сургууль, Бэркли дэх Калифорнийн их сургуулиудад эдийн засаг, улстөрийн шинжлэх ухааны хичээлүүд  зааж байжээ. 

Тэрээр Мicrosoft-ийг үндэслэгч Билл Гейтс, Мексикийн тэрбумтан Карлос Слим нарын улс орныхоо эдийн засагт үзүүлсэн нөлөө, бизнесийн амжилт, амжилтад хүрсэн арга хэлбэрийн ялгаагаар лекцээ эхлүүлсэн.  

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоол шийдвэрээр түүнд  “Хүндэт доктор” цол олгосон байна.  

Дашрамд дурьдахад, UВ IMPULSE цуврал хэлэлцүүлгийг 2013 оноос эхлүүлж, үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлыг цуврал хэлбэрээр толилуулсан аж. Тухайлбал ”Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай”, “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Европын хямрал: Дэлхийн  ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөн үү?”, “Уул уурхайн салбар дахь авлигын хэлбэр ба үр дагавар: хэрхэн авлигатай тэмцэж сайн засаглалыг бэхжүүлэх вэ?” зэрэг сэдвээр амжилттай зохион байгуулагдсан билээ.

   

Г.Идэр