“Рио Тинто” болон Гвиней улсын Засгийн газрын хамтарсан “Симфер” компани нь тус улсад хэрэгжүүлэх төмрийн хүдрийн 20 тэрбум ам.долларын төсөлд оролцож магадгүй байна. “Симфер” компанийн зүгээс төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг эхлүүлжээ.
Төмрийн хүдрийн 2 тэрбум тонн нөөцөөрөө “Симандоу” орд нь дэлхийд дээгүүрт жагсдаг. Эл ордыг түшиглэсэн уурхай ашиглалтад орсноор жилд 100 орчим сая тонн хүдэр олборлох тооцоо бий. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төслийн хүрээнд 650 км төмөр зам, 128 км авто зам болоод боомтын дэд бүтцийг байгуулахаар төлөвлөж буй.
Төслийг хэрэгжүүлснээр Гвиней улс нь дэлхийн төмрийн хүдрийн томоохон экспортлогч орон болох бөгөөд ДНБ нь хоёр дахин өсөх боломжтой. Харин олон улсын шинжээчдийн зүгээс дэлхийн түүхий эдийн зах зээлийн хүнд байдал, төмрийн хүдрийн үнэ ойрын ирээдүйд төдийлөн өсөхгүй хандлагатай энэ үед төсөл амжилттай хэрэгжиж чадах эсэхэд эргэлзэж байна.
Хамтарсан “Симфер” компанийн 46,6%-ийг “Рио Тинто”, Хятадын “Chalco Iron Ore Holdings” консорциум 41,3%, Гвинейн Засгийн газар 7,5% болон “International Finance” корпораци 4,6%-ийг тус тус эзэмшдэг юм. "Симандоу" төслийг 2018 оны сүүлээр ашиглалтад оруулах тухай "Рио Тинто", "Чалко", "Дэлхийн Банк", Гвинейн Засгийн газрын хооронд 2014 онд байгуулсан гэрээнд тусгасан байдаг.
Э.Од