Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Экспо Монголиа” үзэсгэлэнгийн нээлт боллоо




Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа-2016” үзэсгэлэн, бага хурал Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд үргэлжлэх тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын сайд М.Энхсайхан, ХБНГУ-ын Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Герхард Тийдеманн,  “JV Consult Mongolia LLC”-ийн Ерөнхий захирал  Юрген Фагел нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

“Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудад үзэсгэлэн яармаг нь олон арван жилийн турш эдийн засгийн бүхий л салбарыг хамран зохион байгуулагдсаар өнөөгийн орчин үеийн түвшинд хүрсэн. Манай оронд олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж эхлээд удаагүй, хөгжлийнхөө эхлэлийн шатанд явж байна.

Үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжийн шинэлэг бүхнийг танилцуулдаг “Expo Mongolia”  нь манай оронд европ стандартын түвшинд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буйд нэн таатай байна” тэрээр М.Энхсайхан сайд онцлон тэмдэглэлээ.  

Тус үзэсгэлэнг “JV Consult Mongolia LLC”, “Expo Mongolia 21 GmbH”, “JV Consult Messemangement” болон Planetfair Group” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Монголын Бизнесийн Зөвлөл”, МҮХАҮТ, Чехийн Худалдааны танхим, Канад-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллага дэмжигчээр ажиллаж байна.

“Экспо Монголиа-2016” үзэсгэлэнгийн нээлтийн дараа “Байгаль орчин-ногоон хөгжил”, “Барилга, уул уурхайн бүтээн байгуулалт”,  “Санхүүжилт, хөрөнгө оруулалт”, “Улс хоорондын эдийн засгийн харилцаа” зэрэг үндсэн хэсэгт хуваагдсан илтгэлүүдийг БОНХАЖЯ, ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнууд тавилаа.



Мөн  “Барилга, уул уурхайн бүтээн байгуулалт” хэсэгт “Bauer spezieltiefbau GmbH” мужийн захирал Петра Петр “Технологи ба үйлчилгээ-Тусгай сан”, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн профессор Гюнтер Штер “Эрдэс боловсруулалтын хөгжил, чиг хандлага”, БНХАУ дахь Польшийн элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга , ноён Артур Сиежка “Польшийн эдийн засаг ба Польш-Монголын хамтын ажиллагаа”, “Евро Хан” ХХК-ийн захирал Оливер Шнорр “Германаас санхүүжилтын боломжууд” зэрэг сэдвээр мэдээлэл хийсэн юм.  

Үзэсгэлэнгийн гурав дахь өдөр  БОНХАЖЯ-наас  “Ногоон хөгжлийн бодлого”, “Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ”, “Усны нөөц үнэлгээ ашиглалт”  сэдвүүдээр дагнасан мэдээллүүдийг хийнэ хэмээн  “Экспо Монголиа-2016” үзэсгэлэнгийн зохион байгуулагчид тодотголоо.

“Экспо Монголиа” үзэсгэлэн нь  оролцогч болон зорилтот үйлчлүүлэгчдийг холбон,  зах зээлийн шинэ мэдээ, мэдээллийн талаар ярилцан хэлэлцэх тавцан болж шинэ бизнес тогтоох боломжоор хангах зорилготой аж.

Г.Идэр