Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод цэгт ойртож буурсан буюу нэг тонн нь 4558 ам.долларт хүрсэн байна. Зэсийн үнэ өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд нэг тонн нь 4466 ам.долларт хүрч буурч байсан билээ.
Зэсийн үнэ сүүлийн гурван долоо хоногийн турш буурсаар байгаа юм. Ийнхүү зэсийн үнэ буурахад долларын ханш чангарсан нь нөлөөлжээ. Доллараар арилжаалагддаг бүх түүхий эдийн хувьд долларын ханшийн чангарал нь бусад орны худалдан авагчийн хувьд худалдан авалтын зардлыг нэмэгдүүлдэг. АНУ-ын Холбооны нөөцийн банк ирэх сард бодлогын хүүгээ нэмэгдүүлж болзошгүй гэсэн таамгаас үүдэн долларын ханш өссөн байна.
АНУ-ын эдийн засгийн байдал харьцангуй сайжирч, орон сууцны борлуулалт сайжирч эхэлсэн нь удахгүй бодлогын хүү нэмэгдэх магадлалыг улам баталгаажуулж байгаа юм.
Долларын ханшийн чангарлаас гадна
зэсийн уурхайнуудын нийлүүлэлт тасалдах эрсдэл багассан нь нийлүүлэлт эрэлтээс давах төлөвийг тодотгож
байна. Нөгөөтэйгүүр Хятадын зэсийн эрэлт дөрөвдүгээр сард суларсан дүнтэй
гарсан нь цаашид хүрэн металын эрэлт сайнгүй байх төлөвийг хөрөнгө оруулагчдын
дунд газар авахуулж байна.
Б.Төгс