Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашигт малтмалын үнэлгээ, үндэслэлийн ялгааг танилцууллаа


Монгол улсын Засгийн газар болон Австрали улсын Засгийн газрын хоорондын  “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг /АМЕP/ хэрэгжүүлэгч “Адам Смит Интернэйшнл”  өнөөдөр “Ашигт малтмалын үнэлгээ (Valuation) болон үндэслэлийн (Evaluation)  ялгаа” сэдэвт хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудлын “Топаз” хурлын танхимд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай Стефан Гемэлл илтгэл тавьж, зочдын асуултад хариулсан юм. Тэрээр уул уурхайн төслийн үнэлгээ, техникийн аудит болон стратегийн судалгаа, уул уурхайн төлөвлөлт хийх, техник эдийн засгийн үндэслэл бэлтгэх чиглэлээр арвин мэдлэг, туршлага хуримтлуулжээ.

Одоогоор Австрали улсын VALMIN хороо болон тус улсын Уул уурхай, Металлурги, Газрын тосны Инженерийн холбооны (AuslMM) гишүүнээр ажиллаж байгаа аж.   

Энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго нь ашигт малтмалын үнэлгээ болон үндэслэлийг хооронд нь яагаад нэг ойлголт мэт адилтган үзэх болсон талаар тайлбарлаж, ялгаатай байдлыг онолын болон практикийн түвшинд ойлголт өгөхөд чиглэжээ. 

Ашигт малтмалын үнэлгээ (Valution) болон үндэслэл нь (evaluation) ялгаатай ойлголтууд боловч Монгол хэлэнд энэхүү хоёр өөр ойлголтыг “үнэлэх” гэдэг нэг үгээр орчуулах, хэрэглэх, адилтган ойлгох байдал түгээмэл байгаа аж.

Тэгвэл “ашигт малтмалын үнэлгээ” гэдэг нь үнэлгээ хийж буй цаг хугацаан дахь тухайн ашигт малтмалын үнэ цэнийг мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох үйл явцыг хэлж байгаа бол “ашигт малтмалын төслийн үндэслэл” нь ихэвчлэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ашиглах зорилгоор өргөн хүрээний асуудлыг хамарсан, тухайлбал бодит байдлын, техникийн, хууль эрх зүйн, эдийн засгийн тооцоо, тооцоолол хийхийг хэлдэг байна.

Энэхүү тооцоо, тооцоололд ТЭЗҮ, урьдчилсан ТЭЗҮ, урьдчилсан эдийн засгийн тооцоо болон тойм судалгаа зэрэг багтдаг хэмээн Стефан Гемэлл тайлбарлалаа.

Тэрээр итгэлдээ үндэслэл судалгааны аргууд, үндэслэлийн тайлан, үнэлгээний үндсэн үзэл баримтлалууд, төрийн байгууллагууд үнэлгээг хэрхэн ашиглах вэ, үнэ цэнийг тайлагнах зэрэг өргөн хүрээнд ойлголт өгч, тодорхой асуултуудад хариулт өгсөн юм.

Хэлэлцүүлэгт Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар зэрэг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд, уул уурхайн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Дашрамд дурьдахад, “Адам Смит Интернэйшнл” нь “АМЕP” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын уул уурхайн бодлого, журам, зохицуулалтын асуудлаар шаардлагатай техникийн туслалцаа үзүүлж байгаа юм. Тухайлбал, Монгол улсын алтын салбарыг 2015-2025 он хүртэл хөгжүүлэх стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлжээ.

Мөн Ашигт малтмалын ордуудын үнэлгээ хийх, аргачлалыг боловсронгуй болгох, Ашигт малтмал баяжуулах үйлдвэрүүдийн аюулгүй ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах, УУЯ, АМГ-ын харилцаа холбооны стратегийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна.



Г.Идэр