“Англо-Американ” группын фосфорит болон ниобийн 2 орд, 2 уурхай, боловсруулах 3 үйлдвэрийн хувьцааг Хятадын “China Molybdenum” концерн 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Таамаглаж байсан өртгөөс 50%-иар илүү наймаалцсан гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр гангийн эрэлт хэрэгцээ буурч ниобийн ханшийг унагасан хэдий ч “Англо-Американ” группын хувьцааг худалдаж авахаар 15 компани өрсөлджээ. Тэдгээр дунд АНУ-ын фосфорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Mosaic”, Австралийн нүүрс, гангийн үйлдвэрлэгч “South 32”, Швейцарийн химийн үйлдвэрийн “EuroChem” компаниуд багтсан байна.
Бразил улс ниобийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч бөгөөд 2015 онд 50 мянган тонныг экспортод гаргажээ. Тус улсын “Cia. Brasileira de Metalurgia & Mineracao” компани нь дэлхийн ниобийн зах зээлийн 85%-ийг дангаар хангадаг. “Bloomberg” агентлагийн мэдээллээр, дэлхийн нийт ниобийн эрэлт хэрэгцээ жилд 90 мянган тонн аж.
Газрын ховор элементийн бүлэгт багтах ниоби нь пуужин, нисэх онгоцны эд анги хийдэг бат бөх чанарын хөнгөн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах гол түүхий эдийн нэг юм.
Хятадын “China Molybdenum” компанийн хувьд өнгөрөгч 4 дүгээр сард Конго улс дахь зэсийн “Tenke” уурхайг 2.65 тэрбум ам.доллараар худалдаж авах хэлэлцээрийг АНУ-ын “Freeport McMoran” компанитай байгуулсан билээ.
Э.Од