Ярилцлага
Ураны салбарт шинэ орд эдийн засгийн эргэлтэд орно
2016-05-31
Монгол улсын цөмийн энергийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, салбарын сүүлийн үеийн үйл явдлын талаар “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Э.Галбадралтай ярилцлаа.
Ярилцсан Э.Оджаргал
Төрийн өмчит “Мон-Атом” компани ямар статус, бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор төрийн өмчит “Мон-Атом” компани байгуулагдсан. Тухайн онд Монгол улсад Цөмийн Энергийн тухай хууль батлагдаж байсан юм. Цөмийн энергийн хуулийг дагаж Цөмийн энергийн газар хэмээх Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулагдаж байсан үе.
Өнгөрсөн жил Цөмийн энергийн газрыг татан буулгахдаа үйл ажиллагааны чиг үүргийг нь Монгол улсын Ерөнхий сайд ахалдаг Цөмийн энергийн комисст шилжүүлсэн. Цөмийн энергийн комиссоос гарсан шийдвэр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд “Мон-Атом” компани үйл ажиллагаа явуулдаг.
Компани нь Монгол улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологийн эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэж, нөөцийг тогтоох, ашиглах олборлох болон гадаад дотоодын хамтарсан төслүүдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.
Өнгөрсөн оны олон улсын хамтын ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?
2015 оны байдлаар Монгол улсын ураны салбарт хамтарсан шинэ компани байгуулагдсан. “Мон-Атом” болон Чех улсын “Ураниум индастри” компанитай 2013 онд Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсний хүрээнд Монгол улсын Засгийн газрын 51%-тайгаар хамтарсан “Мон-Чех ураниум” компани бий болж байгаа юм.
Чех нь ураныг хүн төрөлхтөнд нээсэн улс гэж үздэг. Тус улсын хувьд ураны салбарт 60 гаруй уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулсан, эрэл хайгуулын арвин туршлагатай. Манай Эрдэнэтийн УБҮ-ийг хамгийн анх Чехийн геологчид нээсэн түүхтэй. Тэгвэл энэ төрлийн том уурхайг ураны салбарт нээх зорилттой хамтарсан компани ажиллаж эхэллээ гэж хэлж болно. Шинэ ордыг нээхдээ Монгол улсын төр 51%-ийг эзэмших, Чехийн тал геологи хайгуулын зардлыг 100% хариуцахаар хайгуулын ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн, 2015 онд компанийн санаачилгаар манай улсад уран олборлон боловсруулах ураны хүдрийн баяжмал шар нунтагт тавих техникийн ерөнхий шаардлага MNS ASTM 976-2015 стандарт, газар дор уусган баяжуулах аргаар уран олборлоход хэрэглэх хүхрийн хүчлийн техникийн шаардлага MNS 0442-2015 стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн тогтоолоор улсын хэмжээнд хэрэглэх үндэсний стандартаар батлуулан нэвтрүүллээ. Эдгээр стандартыг мөрдүүлөх болсон нь хамтарсан төслүүдэд ураны хүдрийг олборлон боловсруулах технологийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой “Мон-Атом” компани хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэ хүрээнд Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын нэгдсэн стандартуудыг ураны салбар дахь төслүүдэд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Ер нь цөмийн салбараа хөдөлгөөнд оруулах гэж буй аливаа улс орон Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-аас гаргадаг заавар зөвлөмжийг бүгдийг биелүүлсэн байх шаардлагатай. Энэ дагуу Монгол улс ураны салбар дахь хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр хангалттай ажиллаж байгаа. Ураны салбар нь хууль эрх зүйн орчноо маш сайн бүрдүүлж байж хөгжүүлэх нөхцөл бүрддэг онцлогтой салбар юм.
Энэ жилийн хувьд ямар төсөл, ажлууд хийгдэж байна вэ?
2016 онд манай компанийн хувьд үйл ажиллагаа нэлээд эрчимжих жил байх болно. Тэр дундаа улсынхаа ураны нөөц, баялгийг шинээр нэмж илрүүлэх зорилтыг нэн тэргүүнд тавьж ажиллаж байна. “Мон-Чех ураниум” компанийн хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос эхэлсэн эрэл хайгуулын ажил энэ жил үргэлжлэн хийгдэнэ. Ойрын жилүүдэд Монгол улс ураны салбарт хайгуулын шатны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилт тавьж байна. 2016 онд баруун, зүүн аймгуудаар түргэвчилсэн хайгуулын судалгааны ажил хийхээр төлөвлөөд байгаа.
Монгол улсын ураны нөөцийг сүүлийн жилүүдэд шинээр нэмж тогтоосон уу?
Монгол улсын хувьд 140 мянга гаруй тонн ураны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталж, ОУАЭА дээр бүртгэсэн байдаг. Энэхүү нөөцийн хэмжээгээр Монгол улс дэлхийн 200 гаруй улсаас эхний 10-т орж байна. Сүүлийн жилүүдэд нөөцийн тоо нэмэгдээгүй. Таамаг нөөцийн хувьд 1.7 сая орчим тонн гэж үзэж байгаа. Харьцуулах юм бол ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч Казахстан улс 1.5 сая тонн батлагдсан нөөцтэй.
Өнөөгийн байдлаар “Мон-Атом” компани гадаадын ямар улс орнуудтай хамтран ажиллаж байна вэ?
Цацраг идэвхит ашигт малтмалын салбар бол хүссэн болгон орж хамтран ажилладаг салбар биш юм. Энэ салбарт “Мон-Атом” компани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 орны гуравтай нь Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна. Хамтарсан компанийн түвшинд Чех улстай хамтарч байгаа. Хятадын CNNC компанитай Гурванбулагийн ордын төслийг хамтран хэрэгжүүлж байна. Францын “Арева” компанитай ураны 2 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хамтын ажиллагааны хэлэлцээрийн шатанд ажил явж байгаа.
Монгол улсын хэмжээнд ураны 11 орд бүртгэгдсэн байдаг. Эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр Хятад, Орос, Чех, Франц, Япон, Канад зэрэг оронтой янз бүрийн түвшинд хамтын ажиллагаа явуулж байна.
Эдгээрээс идэвхтэй хэрэгжиж байгаа ямар төсөл байна вэ?
Идэвхтэй хэрэгжүүлж байгаа гэж хэлэхээр төсөл одоогоор байхгүй. Ордууд дээр зуны цагт төлөвлөгөөт хайгуулын ажил хийгдэж байгаа. Олборлолтын шатанд Францын “Арева” компанийн төсөл хөдлөх гэж байна.
“Арева” компанийн хэрэгжүүлэх ураны төслийн явцын талаар мэдээлэл өгнө үү?
2013 оны аравдугаар сард Францын “Арева”, Японы “Мицубиши” корпорацитай “Мон-Атом” компани хамтарсан компани байгуулахаар хувьцаа эзэмшигчдийн гэрээ үзэглэсэн. “Арева”-гийн ажиллаж байгаа Дорноговь аймаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордууд нь дэлхийн 10 том ордод багтахуйц ураны нөөцтэй. Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Монгол-Францын талууд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Францын “Арева” компанийн хувьд ураны салбарт арвин туршлагатай. Энэхүү туршлагыг Монгол улсад нэвтрүүлэхээр хамтын ажиллагаа өрнөж байна.
“Арева” компанитай холбоотой лиценз шилжүүлэх асуудал яригдаж байгаа?
2015 оны 6 дугаар сард Монголын Засгийн газраас “Арева”-гийн охин компани болох “Кожеговь”-д ашиглалтын лиценз олгосон юм. Лицензийг олгосноор манай улсын ураны салбарт томоохон ахиц гарсан. Уул уурхайн салбартаа түшиглэсэн эдийн засагтай Монгол улсын хувьд бас нэгэн шинэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болж байгаа нь том давуу тал юм.
Гурвансайханы орд дахь Канадын “Денисон Майнс”-ийн эзэмшиж буй хувийг Чехийн “Ураниум индастри” компани худалдаж авах асуудал бүрэн эцэслэгдсэн үү?
“Денисон Майнс” компани манай улсын ураны салбарт 1993 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хайгуулын ажилд нэлээд хөрөнгө оруулалт хийсэн компани. Тухайн ондоо “Мон-Атом” болон Канадын “Денисон Майнс” хувь нийлүүлсэн “Гурвансайхан” компанийг байгуулсан байдаг. Тус компанийг Чехийн “Ураниум индастри” худалдан авч байгаа юм. Худалдан авна гэдэг нь “Мон-Атом” компанитай шинээр хамтарсан компани байгуулж, цаашид А лиценз хүссэн өргөдлөө өгнө гэсэн үг.
Олон улсын арбитрын шүүхээр Канадын “Хан Ресурс” компанид Монгол улсын Засгийн газар торгууль төлөх болсон асуудлаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү?
Канадын “Хан Ресурс” компантай холбоотой энэ асуудал Монгол улсын ураны салбарт үл тоож болохгүй чухал асуудал юм.
Өнөөдөр Монгол улс Орос улстай ураны салбарт ямар түвшинд хамтран ажиллаж байна вэ? “Мон-Атом” компанийн зүгээс үүнд ямар үүрэг оролцоотой ажилладаг вэ? ОХУ-аас Монгол улсын их өрийг тэглэсний хариуд Мардайн ураны ордыг ашиглах тохироо хийгджээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багагүй шуугисан?
Орос улстай хамтын ажиллагааны түвшинд 2009 онд “Дорнод Уран” хамтарсан компани байгуулах санамж бичиг үзэглэсэн ч харилцаа одоогоор зогсонги байдалтай байна. Ерөнхийдөө хөрш хоёр их гүрэнтэйгээ ураны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх чиглэлээр дээд шатны байгууллагуудтай ярилцаж байгаа. Одоогоор ярихад арай эрт байна.
Монгол улс уран олборлох нь зүйтэй юу? Ямар учраас?
Энэ салбарыг хариуцан ажиллаж буй хүний хувьд буруу гэж хэлэхгүй шүү дээ. “Дэлхийд хэрэгтэй зүйлийг бид өгөх ёстой” гэж тунхаглалд нь байдаг НҮБ-д Монгол улс гишүүнээр элсэн орсон. Уран бол хүн төрөлхтний чухал хэрэглээний нэг. Өнөөдөр дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 20%-ийг атомын цахилгаан станцууд /АЦС/ хангаж байна. Хүн төрөлхтөн ураныг эрчим хүч болгон ашиглаж байгаа нь энэ. Бидний амьдралд ойр бас нэг жишээ бол эрүүл мэндийн салбарт эхо оношлогоонд цөмийн технологийг ашиглаж байна.
Ингээд үзэхээр бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд цөмийн технологиос татгалзах хэрэггүй юм. Мэдээж Монгол улс уран олборлохгүй, ашиглахгүй байх эрхтэй. Адаглаад бид АЦС барьдаггүй юм гэхэд нүүрс, алт, зэс зэрэг ашигт малтмалын адил ураныг түүхий байдлаар буюу шар нунтгийн түвшинд ашиглах боломжтой. Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “шар нунтаг байдлаар ашиглах” гэж заасан байгаа. Үүнээс гажиж, өөр байдлаар ураныг ашиглахгүй. Энэ үүднээс ураны салбарыг хөдөлгөх нь зүйтэй. Ирээдүйд ураны салбар нь Монгол улсын урдаа барьдаг эдийн засгийн үр өгөөжтэй, олон улсад Монголын нэр хүндийг өсгөх салбар болно гэж хардаг.
Ураныг худалдан авч ашиглаад цөмийн хог хаягдлыг нь эргээд уран олборлосон тухайн улсын газар нутагт булшлах тухай олон улсын журам дүрэм, стандарт байдаг гэсэн мэдээлэл их явж байна?
Албан ёсоор хэлэхэд ийм хууль, дүрэм журам, туршлага олон улсад хаана ч байдаггүй. Энэ нь нийгмийн сэтгэл зүйг төөрөлдүүлэх гэсэн оролдлого. Уран гэдэг нь адилхан л уул уурхай, ашигт малтмал, эрдэс баялаг шүү дээ. Монгол улс ардчилсан нийгэмд шилжээд төдий л удаагүй байна. Тиймээс ураны хэрэглээний талаарх нийгмийн ойлголт арай бага байна уу гэж хардаг. Мэдлэг, мэдээлэл дутуугаас хүмүүс төөрөлдөж байна. Мунхагийн гай гэдэг шиг. Дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэхүйц хөгжилд хүрье гэж байгаа бол Монгол улс ураныг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ салбарт удирдах алба хашиж яваа хүний хувьд Та Монгол улсын ураны салбарын хэтийн төлөвийг хэрхэн харж байна вэ?
Арвин их баялгаа ашиглан хөгжсөн улс орон олон байна. Тэрхүү баялгаа инноваци, технологи болгон ашиглах юм бол тухайн улс илүү хүчирхэг болдог. Тиймээс Монгол улс адаглаад ураныг ашиглах 4 үе шатын нэгийг нь эхлүүлэх зорилт тавьж байна. Хүссэн, хүсээгүй ирээдүйд уранаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь тодорхой. Тиймээс бид одооноос суурийг нь тавьж эхлүүлэх ёстой. Уран бол хүний амьдралын хэрэглээ, бүх технологийн үндэс юм гэдгийг бид одоо л ойлгох хэрэгтэй.