Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2019 онд ашиглалтад орно

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн  Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Засгийн газар болон Хөрөнгө оруулагчдын хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөрөнгө оруулагч талыг төлөөлөн “Бодь интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, “Пауэр чайна Ресурсэс” компанийн ТУЗ-ийн дарга Шин Юмин, “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Амармэнд нар гарын үсэг зурлаа. Харин Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд худалдан авагчийг төлөөлөн “Диспетчерийн Үндэсний Төв”, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани, худалдагч талыг төлөөлөн “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, “Бодь интернэшнл” ХХК, “Пауэр чайна Ресурсэс” компанийн удирдлага гарын үсэг зурав.

Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн ордыг түшиглэсэн цогц төсөл нь байршил, дэд бүтэц, хэрэглэгчдэдээ ойрхон, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай. 2019 оноос жилдээ 1.6 тэрбум кВт.цаг буюу манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 30 хувийг үйлдвэрлэх аж. 2019 онд эхний ээлжийн 300 мВт-ыг ашиглалтад оруулах бол 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болох аж. 600 мВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай, жилд 3 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайн ажил гээд томоохон цогцолборыг барих төслийг “Бодь Интернэшнл” компани 5 жилийн өмнөөс эхлүүлсэн нь ийнхүү ажил хэрэг болж байгаа аж.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг ОХУ-аас өндөр үнээр импортолдог байсныг дотоодын хямд үйлдвэрлэлээр орлуулж, 2019 он хүртэл 1.1 тэрбум ам.долларын валютын урсгал нэмэгдэж, 300-гаад ажлын байр бий болох зэргээр нийгэм, эдийн засгийн томоохон ач холбогдолтой хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлсэн юм.

Ёслолыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ, “Найман сарын өмнө БНХАУ-ын Далянь хотод болсон Эдийн засгийн зуны чуулганд оролцох үеэр энэхүү төсөлд хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээнд Монголын “Бодь интернэшнл” болон Хятадын “Пауэрчайна Ресурсэс” компани гарын үсэг зурж байсан нь ийнхүү эдийн засагтаа гэрэл, эрч хүч нэмэх бодитой шатандаа орлоо” хэмээн онцолсон юм.

Төслийн бүтээн байгуулалтыг 2019 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө дуусгаж, Монголд сүүлийн 30 гаруй жил баригдаагүй томоохон цахилгаан станцыг барих болно хэмээн “Бодь Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан онцолж байсан юм. Дашрамд дурдахад, манай цахилгаан станцуудын насжилт өндөр болж, технологи нь хуучирч байгаа бөгөөд энэхүү станц нь байгаль орчинд ээлтй, орчин үеийн технологиор баригдах станц хэмээн албаны хүмүүс мэдээлж байв.

С.Болд

  • мэргэжлийн инженер (103.212.116.33)
    чийглэг ихтэй залуу хүрэн нүүрсийг шатааж дулааны цахилгаан станц барих нь хамгийн алдагдал ихтэй муу сонголт шүүбөөрөлжүүтийн хүрэн нүүрсний чийглэг нь 42-47 хувийн чийглэгтэй гэж үзвэл жингийн хэвийн хорогдол нь 30 гаруй хувь болоно гэж тооцож болоогүй юм болов уу
    2017 оны 07 сарын 18 | Хариулах