Монгол ын улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айчлалын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Монголын Уул уурхайн яам, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэх ёслолд оролцсон байна.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Нүүрс бол Монгол улсын чухал баялгийн нэг мөн. Өнөөдөр Монгол Улс 173 тэрбум тонн геологийн нөөцтэй. 34 сая тонн батлагдсан нөөцтэй бөгөөд цаашдаа ч энэ тоо нэмэгдэнэ. Нүүрс бол эрчим хүчний нөөцөөрөө цаашид 170 гаруй жил дэлхийд ашиглагдах боломжтой гэсэн судалгаа бий. Дэлхий нийтэд түүхий нүүрсний хэрэглээг багасгах хандлага байгаа ч цаашид нүүрсний технологийг дээшлүүлэн, боловсруулалтын түвшнийг сайжруулж ашиглахаас өөр гарцгүй. Манай улсын өмнө цаашид нүүрсийг үр ашигтай ашиглах шаардлага бий. Энэ чиглэлийн анхны алхам тавигдаж байна. Шинэ нүүрсний цэвэр технологи нь нүүрсийг хийжүүлэн, гарсан хийгээр нь эрчим хүч үйлдвэрлэхээрээ ялгаатай. Монгол улс цаашид нүүрс, химийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр, ГХЯ-ны Ази, Ойрхи Донод, Африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс байлцсан хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.