Мэдээ мэдээлэл
Жеймс Робинсон: Хаалттай нийгэм урт хугацаандаа хөгжиж чаддаггүй
2016-06-13
МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Цуврал хэлэлцүүлгийн сүүлийн буюу “UВ IMPULSE”-ийн арав дахь удаагийн лекцийг МУИС-ийн тавдугаар байрны Хурлын танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүндэт зочноор уригдсан Чикагогийн Их сургуулийн Харрисын нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор, доктор Жеймс Робинсон “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан: Эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал” сэдвээр сонирхолтой илтгэл тавив.
Хэлэлцүүлгийг нээж, МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа, GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн нар үг хэлсэн юм.
Профессор, доктор Жеймс Робинсон нь “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан: Эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал” номоо профессор Др.Дарон Асимоглугийн хамт бичсэн нь олон улсад өндөр үнэлгээ авчээ. Уг номдоо улс орнуудын улс төрийн институцийн ялгаатай талууд болон уналт доройтол, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн талаар бичсэн юм.
Профессор Жеймс Робинсон нь АНУ-ын Чикагогийн Их сургуулийн Харрисын нэрэмжит Төрийн бодлогын сургууль болон Богота дахь Андийн их сургуульд багшилдаг аж. Түүнчлэн улс төрийн эдийн засаг, харьцуулсан улс төр, улстөр-эдийн засгийн хөгжлийн чиглэлээр Латин Америк, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд болон Бүгд найрамдах Ардчилсан Конго улс, Сьерра Леон, Гаити, Колумби зэрэг улсад судалгаа хийдэг байна.
Тэрээр Мicrosoft-ийг үндэслэгч Билл Гейтс, Мексикийн тэрбумтан Карлос Слим нарын улс орныхоо эдийн засагт үзүүлсэн нөлөө, бизнесийн амжилт, амжилтад хүрсэн арга хэлбэрийн ялгаатай талаар лекцээ эхлүүлсэн юм.
“Энэ хоёр тэрбумтны бизнесээ хөгжүүлсэн арга зам нь өөр. Билл Гейтс гэхэд инновацид илүү ач холбогдол өгч ажилласан бол Слим Мексикт эдийн засгийн монополь тогтоосон байдаг. 2005-2009 онд Мексикийн ДНБ буурч, хүн ам ядууралд ороход түүний монополь нөлөөлсөн. Энэ утгаараа инноваци бол эдийн засгийн хөгжлийн суурь юм” хэмээн тэрээр ярилаа.
Жеймс Робинсон илтгэлдээ, “Inclusive болон Extractive гэсэн улс төрийн хоёр инстутицийн ялгаа, онцлогийг хэд хэдэн улсын жишээн дээр тайлбарласан юм.
Түүний илтгэлийн гол санаа нь тогтолцоо. Эдийн засгийн хөгжил нь нээлттэй ардчилсан нийгэмтэй шууд холбоотой. Хаалттай нийгэм урт хугацаандаа хөгжиж чаддаггүй. Эдийн засгийн өсөлт нь засаглалын чанараас шууд хамаарна. Засаглалын нээлттэй тогтвортой тогтолцоо байхгүй бол эдийн засгийн хөгжил байхгүй гэдгийг олон жишээгээр тайлбарласан.
МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Жеймс Робинсонд “Хүндэт доктор” цол олгожээ.
Дашрамд дурьдахад, UВ IMPULSE цуврал хэлэлцүүлгийг 2013 оноос эхлүүлж, үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлыг цуврал хэлбэрээр толилуулсан юм. Тухайлбал ”Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай”, “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Европын хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” зайлшгүй үзэгдэл мөн үү?”, “Уул уурхайн салбар дахь авлигын хэлбэр ба үр дагавар: хэрхэн авлигатай тэмцэж сайн засаглалыг бэхжүүлэх вэ?” зэрэг сэдвээр амжилттай зохион байгуулагдсан билээ.