Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохыг судалжээ

“Байгаль орчны хохирлыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох нь” хаалтын семинар Пума зочид буудалд энэ сарын 10-нд боллоо. Уг төслийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Хаалтын семинарыг нээж БОНХАЖЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга П.Цогтсайхан, ЭТИС хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн нар үг хэлэв.

“Олон улсын донор байгууллагын тусламжтайгаар бид байгаль орчны хохирлоо бодитой тооцож,  хохирол учруулсан субъектээр нөхөн төлүүлэх эрх зүйн орчны бүрдүүлэх зорилгоор  энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм.  Үр дүнтэй, сайн ажил болж байна” хэмээн П.Цогтсайхан дарга ярилаа.

Мөн   “Энэ төслийн үйл ажиллагаа хаагдаж байгаа хэрэг биш, цаашид илүү үр дүнтэй ажлын эхлэл тавигдаж байгаа  юм шүү” хэмээн ноён Штефан Ханселманн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Уг төслийг хэрэгжүүлэхэд хээрийн судалгаа хийгдэж, тооцох аргачлалыг газар дээр нь туршсан нэлээд  ажлууд хийгджээ.

БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалан төслийн талаар танилцуулахдаа  “Монголын уул уурхайн салбарт нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулсан хууль бус үйл ажиллагаа явагдаж байсан. Тиймээс байгаль орчны хариуцлагын тогтолцоо, байгаль орчинд үзүүлсэн хохирлыг тооцох талаар бусад улс орнуудад хэрэглэж буй арга зүй, олон улсын туршлагыг судаллаа” хэмээн онцолсон.

Энэ чиглэлд Европын холбооны улсууд, тэр дундаа ХБНГУ-ын Гессен мужид хэрэгжсэн байгаль орчны  нөхөн сэргээлтийг хэрхэн хийж  байгаа тухай болон байгаль орчинд учруулсан хохирлыг хэрхэн тооцдог талаар судалгаа хийж,  туршлагаас нь хуваалцжээ.

Мөн байгаль орчны нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгааллын талаар Fraport нисэх онгоны буудлын жишээн дээр бодит газартай танилцаж, харилцан санал солилцсон байна.

“Байгаль орчны хохирлыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох нь” хаалтын семинарын төгсгөлд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболдыг уул уурхайн компанийн нийгмийн хариуцлага болон  байгаль орчны хохирлыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох төслийг амжилттай хэрэгжүүлснийг нь үнэлж, БОНХАЖЯ-наас “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан юм.


Г.Идэр

  


  • Зочин (103.26.195.71)
    Худлаа баахан цаас хийсэн төслүүд үр дүн хаана байнаа ажил хэрэг болгох мэргэжилтнүүдээр нь хийлгэх хэрэгтэй
    2016 оны 11 сарын 12 | Хариулах