Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний зах зээл ялимгүй дээшилж, зэсийн найдвар сулрав



The Mongolian Mining Journal /2016.05 №090

Б.Төгсбилэгт

Коксжих нүүрсний үнэ 100 долларт дөхөв

Коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд өсөхгүй гэсэн таамгийг олонхи судалгаа шинжилгээний байгууллага дэвшүүлээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд коксжих нүүрсний шууд худалдааны үнэ Австралийн боомт дээр нэг тонн нь 99.5 ам.долларт хүрч өссөн нь энэ оны оргил үнэ байлаа. Өмнөх оны арваннэгдүгээр сарын сүүлээр коксжих нүүрсний үнэ 72.5 ам.долларт хүрч буусан нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдож байсан юм. Коксжих нүүрсний зах зээлд тохиосон үнийн өсөлт энэ сард аажмаар суларсаар мөн сарын 20-ны байдлаар нэг тонн нь 88 ам.долларын орчимд хэлбэлзсэн байна. Гэхдээ энэ сарын 23-ны байдлаар Австралийн боомт дээр коксжих нүүрсний үнэ эргээд өсч 94 ам.доллар болжээ. Мөн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ өмнөх сарын оргил үеийнхээс 15%-иар буурч, 691 юань буюу 105 ам.долларт хүрчээ.
 
Ийнхүү коксжих нүүрсний үнэ он гарсаар 20%-иар өсөөд байгаа нь шинжээчдийн таамгаас эсрэгцсэн явдал боллоо. Гэсэн ч коксжих нүүрсний зах зээлийн одоогийн өссөн үнэ нь нийлүүлэгчдийн хувьд хэтэрхий хямд   байсан хэвээр. Сүүлийн саруудад эрчим хүчний нүүрсний ирээдүй улам бүр бүрхэг болж буй тухай мэдээлэл уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлэх улс орнуудын бодлоготой холбоотойгоор батлагдсаар байгаа билээ. Харин гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг коксжих нүүрсний хувьд нөхцөл байдал эрчим хүчний нүүрснийх шиг бүүдгэр биш байгаа юм.

Учир нь гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улсын хувьд коксжих нүүрсний дотоодын нөөц багатай юм. Мөн коксжих нүүрсний эрэлт нь хурдацтайгаар өсч буй Энэтхэг улсын хувьд ч дотоодын нөөц бага гэдэг нь цаашид уг түүхий эдийн зах зээл харьцангуй өөдрөг гэдгийг илтгэж байгаа юм.

Коксжих нүүрсний зах зээл сүүлийн таван жилийн турш зогсолтгүй уруудаж ирсэн бөгөөд ган үйлдвэрлэлийн түүхий эд төмрийн хүдэртэй харьцуулахад ямар ч өсөлтгүй явж ирсэн юм. Коксжих нүүрсний үнэ ийнхүү өссөн нь Хятадад гангийн үйлдвэрлэл өсч, ган бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотой.  Нөгөөтэйгүүр энэ оны дөрвөн сарын байдлаар Хятадын коксжих нүүрсний импорт 16.7 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15%-иар өссөн дүн болж байна. Тус улсын эрчим хүчний нүүрсний импорт буурч буй ч коксжих нүүрснийх сулрах болоогүй харин ч өсчээ. Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 2015 онд 48 сая тоннд хүрч өмнөх оныхоосоо 23%-иар буураад байсан ч энэ оны байдлаар өсөлттэй гарч эхэллээ. Түүнчлэн дөрөвдүгээр сарын коксжих нүүрсний импорт нь 5.37 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 43.2%-иар нэмэгджээ. Хятад руу хийж буй нийлүүлэлтээр Австрали Монголын өмнө бичигдсэн хэвээр бөгөөд эхний дөрвөн сарын байдлаар тус улс бараг 9 тонныг экспортолжээ. Харин Улсын Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлж буйгаар Монгол улс оны эхний дөрвөн сард 5 сая тонн нүүрс Хятад руу экспортолж 155.7 сая доллар олсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад биет жингийн хувьд 18.7%-иар нэмэгдсэн үзүүлэлт болсон ч орлого бүрдүүлэлтээр өнгөрсөн оныхоос 20% доогуур байна.

Коксжих нүүрсний үнэ өссөн нь Монгол шиг коксжих нүүрс экспортлогч улс оронд таатай мэдээлэл боловч Macquarie банкны хувьд коксжих нүүрсний үнэ оны хоёрдугаар хагаст эргээд буурна гэж үзэж байна. Commonwealth банкны хувьд ч коксжих нүүрсний үнийн өсөлтийг урт хугацааных гэж үзэхгүй байна. Оны сүүлийн улиралд уг түүхий эдийн үнэ эргээд буурч нэг тонн нь 85 ам.долларын үнийн түвшинд очно гэж үзжээ.

Ирэх оны гуравдугаар сар гэхэд коксжих нүүрсний хамгийн том ордуудын нэг Мозамбикийн Моатиз ордыг эзэмшдэг Vale Mozambique компанийн 15%-ийг худалдаж авахаар Японы Мицүи корпораци Бразилийн Валетай тохиролцоонд бараг хүрээд байна. Коксжих нүүрсний хувьд дэлхий дээр бага нөөцтэй чухал эрдэс учир Мицүин хувьд энэхүү худалдааны хэлцэл нь харьцангуй ашигтай арилжаанд тооцогдож байна гэж хэлж болох юм.

Гэхдээ коксжих нүүрсний зах зээл урт хугацаандаа дээшилнэ үү гэхээс богино хугацаанд сэргэнэ гэх хандлага ажиглагдахгүй байна. Хятадын гангийн хэрэглээний бууралтыг бусад улс орны эрэлтийн өсөлт арилгаж чадахгүй нь тодорхой байгаа учир коксжих нүүрсний зах зээл ойрын хугацаанд сэргэж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд коксжих нүүрсний зах зээлээс нийт 48 сая тонн нүүрсний нийлүүлэлт хасагдсан нь далайн тээврээр худалдаалагддаг коксжих нүүрсний зах зээлийн 16%-тай тэнцэж байгаа баримтыг Канадын Corsa Coal-ын захирал Жорж Детлефсен World Coal хэвлэлд өгчээ. Цаашид нийлүүлэлт эрэлтээсээ их байна гэсэн төсөөлөл зах зээлд амь бөхтэй хэвээр байгаа учир үнийн өсөлтийг шууд таамаглахад бэрх болохыг салбарын олборлогч компаниуд тайлбарлаж байгаа юм.

Хятадын араас Энэтхэг улс нь коксжих нүүрсний импортоороо мөшгиж 2015 оны хэмжээнд 47 сая тонн түүхий эд импортолжээ. Энэтхэгийн коксжих нүүрсний жилийн хэрэглээ 90 сая тонноор хэмжигдэж байна. Цаашид Энэтхэг улсын гангийн үйлдвэрлэл идэвхтэй байж, импорт нь хэвээр байвал коксжих нүүрсний зах зээлийн сэргэлтэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй юм. Гэхдээ “Англо Американ” компани коксжих нүүрсний салбараас гарах гэж байгаа нь энэ салбар төдийлөн ашигтай биш байгаагийн дохио гэж Commonwealth банк тайлбарлажээ.

Ямар ч байсан коксжих нүүрсний үнэ тодорхой хэмжээнд дээшилсэн нь уг түүхий эдийн зах зээлд сэвшээ салхи үлээсэн хэрэг боллоо. Гэхдээ олборлогчдын хувьд зах зээлийн сэргэлттэй золгох хүртэл зай байсаар.

Төмрийн хүдрийн үнийн өсөлтийн эрч суларч эхлэв

Төмрийн хүдрийн үнэ одоогоос ердөө нэг сарын өмнө нэг тонн нь бараг 69 ам.долларын үнэд хүрээд байсан билээ. Гэвч энэ сарын сүүлийн байдлаар нэг тонн төмрийн баяжмалын үнэ Тянжины боомт дээр 50 ам.долларт хүрч буув. Хятадын агуулах дахь төмрийн хүдрийн нөөц 100 гаруй сая тоннд хүрсэн тухай олон улсын хэвлэлүүдээр цацагдаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын төмрийн хүдрийн импорт өссөн ч, дөрөвдүгээр сард бага зэрэг саарсан билээ.
Хөрөнгө оруулалтын банкуудын таамгаар бол төмрийн хүдрийн үнэ ойрын 2-3  жилийн хугацаанд 50 ам.доллар болон түүнээс доогуур ханшийн түвшинд арилжаалагдах төлөвтэй байна.

Macquarie банк ирэх оны төмрийн хүдрийн үнийн төлөвийг өмнө нь таамаглаж байснаасаа 11%-иар нэмэгдүүлж 50 ам.долларт тогтоосон ч уг түүхий эдийн зах зээл 2020 оноос нааш сэргэхгүй гэж төсөөлж байна. Тодруулбал 2018 онд үнэ эргээд буурч 47 ам.долларт хүрч, 2019 онд 50 ам.доллар болно гэж тооцжээ. Түүхий эдийн судалгааны байгууллага Platts-ийн хувьд ч мөн адил ойрын жилүүдэд үнэ 50 ам.доллараас дээш гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Рио Тинто, BHP Billiton-оос гадна Vale, Roy Hill зэрэг компанийн хямд зардлаар олборлодог уурхайнуудын нийлүүлэлтийн нэмэгдэл зах зээлд түрж орж ирснээр үнийн өсөлтийг хангалттай хазаарлах нь тодорхой байгаа юм.

Төмрийн хүдрийн үнийн өсөлт нь сүүлийн гурван сар орчмын хугацаанд үргэлжилсэн боловч хөрөнгө оруулалтын банкууд төмрийн хүдрийн үнийн таамгаа дээшлүүлэхгүй л байсан юм. Учир нь төмрийн хүдрийн томоохон нийлүүлэгчид нийлүүлэлтийн тэлэлтийн бодлогоо хэвээр үргэлжлүүлж буйн сацуу томоохон хэрэглэгч Хятадын гангийн хэрэглээ, үйлдвэрлэлийн өсөлтийн хэтийн төлөв нааштай бус байсан нь үүнд нөлөөлжээ. Гэхдээ дэлхийн төмрийн хүдрийн эрэлтийн 70%-ийг дангаараа эзэлдэг Хятад улс ирэх гурван жилийн хугацаанд зам тээврийн 303 дэд бүтцийн төслийн бүтээн байгуулалтад зориулж 720 тэрбум ам.доллар зарцуулах болсноо зарласан нь хөрөнгө оруулагчдад харьцангуй эерэг дохио өгч буй юм. Гэвч зах зээлд уг түүхий эдийн үнэ өсөхөд хангалттай нөлөөлөхүйц байж чадахгүй гэх дүгнэлтийг олон улсын хэвлэлүүдэд мөн өгүүлжээ. Өөрөөр хэлбэл чамлахааргүй том эрэлт дуулдавч, түүнээс дутуугүй нийлүүлэлтийн бараан сүүдэр нь үнийн өсөлтийн тухай бодох сэхээ өгөхгүй байна.

Бас нэг мэдээ гэвэл “Рио Тинто” компанийн хувьд Хятадын “Чалко”-той хамтран хэрэгжүүлж буй Африкийн Гвиней улс дахь 2 тэрбум тонн 66-68%-ийн агуулгатай төмрийн хүдрийн нөөцтэй Симандоу төслийн ажлаа урагшлуулж эхэлснээ зарласан явдал байлаа. Уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Рио Тинто” Гвинейн Засгийн газарт өргөн барьжээ. Жилдээ 100 хүртэлх сая тонн хүдэр олборлож, нийлүүлэх хүчин чадалтайгаар байгуулах уг орд нь нийтдээ 20 тэрбум ам.долларын төсөвт өртөг бүхий асар том төсөл билээ. Энэхүү төслийг урагшлуулж буй явдал нь “Рио Тинто” төмрийн хүдрийн урт хугацааны зах зээлд илүү итгэлтэй байгааг харуулж байна.

Төмрийн хүдрийн хувьд Монгол улсын хэмжээнд оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 сая орчим тонн баяжмал экспортолж, 44.8 сая доллар олсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад биет жингээр 8%-иар доогуур байгаа бол үнийн дүнгийн хувьд 45%-иар бага үзүүлэлттэй гарчээ. Эндээс төмрийн хүдрийн үнийн бууралт манай улсын экспортын борлуулалтад хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхой харагдаж байна.

Зэсийн зах зээлд найдваргүй уур амьсгал “шургалав”

Дэлхийн эдийн засгийн ерөнхий байдлын илтгэлцүүр болдог зэсийн үнэ ханш энэ тавдугаар сарын байдлаар дараалан уналттайгаар зах зээлд арилжаалагдаж байна. Уг нь зэсийн зах зээлийн хэтийн төлөвт эерэг нөлөө үзүүлэхүйц үйл явдлууд сүүлийн үед улам тодорч байгаа билээ. Тухайлбал цахилгаан машины үйлдвэрлэлд хувьсгал хийсэн гэж хэлж болохуйц Tesla Motors-той зэрэгцээд автомашины гол гол үйлдвэрлэгчид тус компанийн машинаас дутахааргүй хол зай туулахуйц цахилгаан машинуудыг ирэх онуудад худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа нь ирээдүйд ашиглагдах зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх нь тодорхой болоод байгаа юм. Тодруулбал ердийн машиныг бодвол цахилгаан машинд хэрэглэгдэх зэсийн орц хэмжээ нь дөрөв дахин их байдаг байна. Энэ ч үүднээс дэлхийн зарим хэвлэлд Оюутолгой ордын хөгжилд Tesla хувь нэмрээ оруулж байгаа тухай мэдээлэл нийтлэгдсэн нь гайхаад байх зүйл биш. Гэхдээ зах зээл шинжилгээний байгууллага CRU групп цахилгаан машины хэрэглээ дэлхийд өргөн тархах хүртэл нэлээд зай байгаа учир   энэ нь зах зээлд сайнаар нөлөөлнө гэж хэлэхэд эрт байна гэж манай сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлж байсан удаатай.

Зэсийн үнэ он гарсаар 5000 ам.долларын шугамд нэлээд дөхсөн байдалтайгаар Лондоны металын бирж дээр арилжаалагдаж байсан бол энэ сард үнэ тасралтгүй доошилсоор 4500-4600 ам.долларын түвшинд буугаад байгаа нь зэсийн зах зээл харьцангуй сэргэнэ гэсэн найд­варыг унтраагаад байна. Өнгөрсөн гуравдугаар сард    Хятадын зэсийн импорт 570 мянган тонн байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хэмжээ 430 мянган тонн болж буурсан нь Хятадын зэсийн эрэлт буурах нь гэсэн сануулгыг хөрөнгө оруулагчдад өгөөд байгаа юм. Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн банк ирэх сард бодлогын хүүгээ нэмэгдүүлж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болсон. Тус улсын эдийн засгийн үзүүлэлт сэргэж эхлэх тусам бодлогын хүү нэмэгдэх магадлал улам тодорхой болж, улмаар энэ нь ам.долларын ханш чангарахад хүргэсэн. Долларын ханш чангарснаар зөвхөн зэс гэлтгүй, бусад доллараар худалдаалагддаг түүхий эдийн худалдан авалтад ханшийн чангарлыг давхар бий болгодог жамтайг шинжээчид тайлбарлаж буй.

Зэсийн хувьд өнгөрсөн онд дэлхийн нийт хэрэглээ 22.7 сая тонн байсан нь өмнөх оныхоосоо 0.3%-иар буурсан бөгөөд энэ нь 2001 оноос хойш анх удаагаа хэрэглээ буурсан явдал байлаа. Үүнд Европын холбооны зэсийн эрэлт мэдэгдэхүйц буурч, Хятадын зэсийн эрэлтийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ. Харин өнгөрсөн онд зэсийн нийлүүлэлт уурхайн олборлолт ч тэр, цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэлийн хэмжээ ч тэр өссөн дүнтэй гарчээ. Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн газрын (BREE) гаргасан оны эхний улирлын түүхий эдийн тайланд зэсийн үнийг энэ онд дунджаар тонн тутамдаа 4786 ам.доллар байна гэж тооцжээ. Үнэ ирэх онд 5800 ам.доллар, дараах жилүүдэд 6000 ам.долларын босгыг давна гэж төсөөлжээ. Харин Дэлхийн банкны дөрөвдүгээр сарын түүхий эдийн тайланд зэсийн дундаж үнийг энэ онд 5000 ам.доллар, улмаар ойрын таван жилд үнэ жил бүр аажмаар өссөөр 2020 онд 5800 ам.долларын түвшинд очно хэмээн нэлээд “хэрсүү” таамаг дэвшүүлжээ. 2020 оноос хойш дэлхийн хэмжээнд зэсийн уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэлт багасах хандлагатай байна. Учир нь энэ үед шинэ уурхайнууд төрөн гарах нь ховордохоос гадна уурхайн хүдрийн агуулга буурах зэрэг асуудал учрахаар байгаа тухай Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн газрын тайланд дурджээ. Энэ нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусах хугацаатай давхцаж байна.

Зэсийн баяжмалын экспорт Монгол улсын хэмжээнд оны эхний дөрвөн сарын байдлаар 557 мянган тоннд хүрч 637 сая доллар олсон байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс биет жингийн хувьд 34%-иар өндөр байгаа ч үнэлгээний хувьд 4.5%-иар буурсан дүнтэй байна. Харин цэвэршүүлсэн зэсийн хувьд мөн хугацаанд 4.2 мянган тонныг экспортолж, 18.9 сая ам.долларын орлоготой ажилласан нь биет жингийн хувьд өмнөх оны мөн үеэс 11%-иар өссөн ч, орлогын дүнгээр 11%-иар танагджээ.

Зах зээлийн хувьд коксжих нүүрсний салбарт бага зэргийн урь орсон сар тохиосон ч зэсийн зах зээл санаснаас илүү эмзэг байгааг сануулсан өдрүүд болж өнгөрлөө. Төмрийн хүдрийн тухайд хөрөнгө оруулалтын банкуудын хаширласан төлөвийг биелүүлсэн мэт үнийн огцом уналтыг авчирсан өдрүүд ирсэн ч үүнд олборлогчид бэлтгэлтэй байсан биз ээ. Учир нь зах зээлд үнэ өсч, уруудахад алинд нь ч бэлтгэлтэй байх “хичээл”-ийг зах зээлийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хангалттай заасан, заасаар ч байгаа билээ.