Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Орд ашиглах гэрээ байгуулахдаа уул уурхайн төслийн үнэлгээг олон улсын журмын дагуу хийх нь чухал




The Mongolian Mining Journal /2016.005 №091

Ярилцсан Г.Идэрхангай


 Ашигт малтмалын ордын  үнэлгээ хийх ажил  манай оронд ямар түвшинд байгаа талаар Та эхлээд танилцуулна уу ?    
Ашигт малтмалын ордын үнэлгээ буюу уул уурхайн төслийн үнэлгээг хийх, уул уурхайн ордыг ашиглах  хэлэлцээр  байгуулж  хэрэгжүүлэх нь  Монголд  төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой асуудал болж байна.

Монгол улсад өнөөдөр ашигт малтмалын ордын болон  уул уурхайн төслийн үнэлгээ хийж байгаа ажлыг боловсронгуй болгох , энэ чиглэл  дэх  төрийн байгууллагууд , төрийн бус байгууллагууд болон ТЭЗҮ хийдэг  аж ахуйн нэгжүүд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ) зэрэг байгууллагын   ажлын уялдаа холбоог идэвхижүүлэх, ордын хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж чадаж байна  уу гэдэгт  үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай   байна.
 
Бизнесийн төслийг үнэлэх, тэр дундаа уул уурхайн төслийн хөрөнгийн үнэлгээ, бодит үнэ цэнийг тогтоох нь нэлээд түвэгтэй ажил байх. Наад зах нь иж бүрэн судалгаа шаардлагатай. Уул уурхай өндөр хөгжсөн орнууд энэ чиглэлээр ямар туршлага хуримтлуулсан байдаг бэ?
Австрали, Канад зэрэг уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа улсад 1995 оноос орд газар буюу уул уурхайн төслөө үнэлдэг стандарт, журмыг боловсруулан гаргаж хэрэгжүүлсэн байдаг.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Австрали улс ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хийдэг стандарт, журамдаа дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлт нь 2015 онд хийгдсэн. Сүүлийн жилүүдэд Канад, Өмнөд Африк зэрэг улсад ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний стандарт, журмаа боловсронгуй болгох үйл явц идэвхтэй өрнөж байна.

Ерөнхийдөө уул уурхай өндөр хөгжсөн орнууд ордын хөрөнгийг үнэлдэг журмуудаа  дотоодын хуультайгаа зохицуулан мөрдөж байгаа. Олон улсад ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний нийтлэг журмыг боловсруулж мөрдүүлдэг Олон улсын ашигт малтмалын үнэлгээний хороо гэж бий. Энэ хорооны гишүүд нь Америк, Австрали, Канад, Өмнөд Африк,Чили зэрэг улс.

Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний нийтлэг журам уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа орнуудад, тухайлбал Европын орнуудад эрчимтэй нэвтэрч байна. Польш, Казахстан зэрэг улс энэ журам стандартыг нэвтрүүлэхээр олон жил ажиллаж байна.

Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний стандарт, журам ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрч байгаа нь анзаарагдаж байна?

Тийм л дээ. Гэхдээ Торонто, Нью-Йорк, Хонконг, Сингапур, Лондоны хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахтай холбогдуулаад ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хийгддэг. Өөрөөр хэлбэл, ордын үнэлгээний үндсэн зорилго нь хөрөнгийн бирж дээр тухайн ордыг эзэмшиж буй компани хувьцаагаа гаргаж, хөрөнгө оруулалтыг тухайн төсөлдөө татахад чиглэдэг.

Нөгөө талаас  тухайн орд газрыг буюу уул уурхайн компанийг худалдах болон худалдан авах гэрээ хэлэлцээ хийхтэй холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хийгдэж байна. Азиас Сингапур, Хонконг нь Австралийн уул уурхайн хөрөнгийн үнэлгээний журмыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хөрөнгийн бирж дээрээ мөрдүүлэх ажлыг хийж байгаа.

Тэгвэл Монгол улсад ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хийх үйл явц ямар шатандаа явж байгаа вэ?
Монгол улсад уул уурхайн үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Нийт 4500 гаруй  тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс 1500 нь ашиглалтынх. 1500 аж ахуйн нэгжийн 30 орчим нь олон улсын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгож, санхүүжилтээ олоод, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. 

Эдгээр компани орд газрынхаа үнэлгээг олон улсын стандартын дагуу хийгээд хөрөнгийн бирж дээр гарсан. Цөөн хэдэн үндэсний уул уурхайн компани л Монголын  хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй,  үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж хэрэг Монголын хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бол дотоодын санхүү болон хөрөнгийн хуулийн хүрээнд орд газар, компанийнхаа үнэлгээг хийсэн байгаа.

Монголын хөрөнгийн биржийн шаардлагууд дотоодынх учраас маш энгийн. Тухайн орд нь хэчнээн хэмжээний нөөцтэй, хэдэн жил ашиглаж, ямар хүчин чадалтай үйлдвэр, уурхайг байгуулах юм, улс, орон нутаг болоод төсөвт хэр хэмжээний мөнгийг төвлөрүүлэх вэ гэсэн гол үзүүлэлтүүдийг ТЭЗҮ-д тусгадаг. Энэ техник-эдийн засгийн тооцоонд уул уурхайн төслийн үнэ цэнийг ихэвчлэн мөнгөн урсгалын аргаар тооцож хийсэн байдаг.

Олон улсад ашигт малтмалын ордын үнэлгээг ямар журам, аргачлалаар хийдэг вэ?
Ордын үнэлгээ хийдэг түгээмэл гурван арга бий. Эхнийх нь зардалд суурилсан буюу тухайн төсөлд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт оруулсныг зардлаар нь тооцож хийдэг арга. Зардлаар тооцоо хийдэг аргыг голчлон хайгуулын  шатанд байгаа төсөлд хэрэглэдэг. Хоёр дахь нь, зах зээлд байгаа үнэлгээнүүдийг харьцуулдаг арга. Гуравдугаарт, мөнгөн урсгалын арга байна. Уул уурхайн бүтээн байгуулалтын болон ашиглалтын түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдэд мөнгөн урсгалын аргыг өргөн хэрэглэдэг. Энэ арга Монголд нэвтэрсэн. Тухайлбал, Монголын зураг төслийн компаниуд уг аргаар уул уурхайн төслийн техник- эдийн засгийн үндэслэл хийдэг. Энэ утгаар авч үзвэл Монголд олон улсын ордын үнэлгээ, төслийн үнэлгээ хийдэг олон улсын стандарт, журам зарим чиглэлээр хэрэгжиж  байгаагаас гадна арга аргачлалыг нь хэрэглэж байна.

Гэхдээ олон улсын стандарт, аргачлалыг бүрэн хэмжээгээр нь нэвтрүүлэх, ижилсгэх зэрэг ихээхэн хугацаа, зардал шаардсан ажлууд хүлээгдэж байгаа. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж нь ашигт малтмалын орд буюу уул уурхайн төслийг бизнесийн төсөл гэж үздэг. Энэ чиглэлээр өнөөдөр санхүүгийн ба хөрөнгийн хууль эрх зүйн орчин мөрдөгдөж байна.

Гэхдээ уул уурхайн төсөл бизнесийн төслөөс өвөрмөц онцлогтой. Зураглал, эрэл хайгуулаа хийнэ, нөөцөө тогтооно, уурхайгаа барина, баяжуулах болон боловсруулах үйлдвэрүүдээ бүтээн байгуулна, хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ экспортлох гээд үе шаттай иж бүрэн үйл ажиллагаа явагддаг. 

Бизнесийн төслөөс уул уурхайн төсөл илүү өргөн хүрээтэй. Хөрөнгө оруулалтын хувьд  том, хэрэгжих хугацаа удаан, уурхай ашиглах хугацаа урт. Ордыг ашиглах хугацаанд  гадаадын болон дотоодын зах зээлийн орчин байнга  өөрчлөгдддөг. Тэгэхээр Монголд уул уурхайн хөрөнгийн үнэлгээ хийх бие даасан аргачлал байх ёстой юм. 

ТЭЗҮ хийхдээ тав, арван жилийн үнийн дундаж прогнозыг аваад олборлох, үйлдвэрлэх, экспортлох бүтээгдэхүүнийхээ эдийн засаг, үр ашгийн тооцоог хийдэг. Ингэхдээ нэгдүгээрт урт хугацааны үнийн прогноз тооцоо хийнэ, хоёрдугаарт зах зээлийн мэдрэмжийн болон  улс төрийн эрсдэлийн үнэлгээ гаргана. Эрсдэлийн үнэлгээ хийх олон улсын арга аргачлал  бас бий.

Уул уурхайн төслийн үнэлгээ хийж байгаатай холбогдуулан нэг зүйл хэлэхэд Уул уурхайн яамнаас баталсан “Уул уурхайн төслийн ТЭЗҮ хийх заавар” гэж бий. Энэ заавар олон жил мөрдөгдөж, зохих үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ ордын нөөц баялгаа тооцох шинэ аргачлал батлагдсан ч хэрэгжих ажил удааширч байна.

Уул уурхайн төслийн ТЭЗҮ хийх заавар нь ямар байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг юм бэ?
Энэ заавар нь төрийн байгууллага, ТЭЗҮ боловсруулагч зураг төслийн байгууллагууд болон мэргэжлийн шинжээчдийн уялдаа холбоо, үүрэг хариуцлагыг тусгасан чухал баримт бичиг. Мөн Уул уурхайн сайдын баталсан Эрдэс баялгийн зөвлөлийн үйл ажиллагааны тухай  журам үйлчилж байна. Уг журмыг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний ба гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд уул уурхайн төслийн ТЭЗҮ, хөрөнгийн үнэлгээ хийхдээ дагаж мөрдөж байгаа.

Мэдээж хэрэг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрүүд гадаадын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож байгаа учраас хөрөнгийн үнэлгээгээ тухайн орны дүрэм журмын дагуу, харин ТЭЗҮ-гээ Монголын  дүрэм журмын дагуу  хийлгэдэг.

Тийм учраас энэ хоёр дүрэм журмыг ижилсгэх нь маш чухал юм. Тодруулж хэлэхэд, Олон улсын үнэлгээний хорооны журмыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм. Уг журмыг нэвтрүүлэхтэй холбогдуулан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Уул уурхайн яамтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байгаа.

Уул уурхайн төслийн үнэлгээний стандарт, журмыг хэрэгжүүлсэн сайн туршлага ямар улс орнуудад байна вэ?
Энэ журмыг Австралийн Уул уурхай, металлургичдын холбоо боловсруулж, уул уурхайн салбарын яам, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороондоо танилцуулаад хүлээн зөвшөөрүүлсэн.  Ингэж улсын хэмжээнд  хүлээн зөвшөөрөгдөж байж уул уурхайн төслийн үнэлгээ нь хийгддэг юм байна.  
Ийм үйл явц Монголд ч явагдана. Манай улсад Уул уурхайн мэргэжлийн 30 гаруй холбоог нэгтгэсэн зөвлөл бий.


АМЕР хөтөлбөрийн боловсруулсан уул уурхайн төслийн үнэлгээний суурь судалгааг мэргэжлийн холбоод судлаад Монголын нөхцөлд нэвтрүүлэх ажлыг хийх  хэрэгтэй. Цаашдаа Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай уялдуулан ийм дүрэм журмыг эцэслэн боловсруулахад нэгээс хоёр жил шаардагдах болов уу.     

ТЭЗҮ, банкны ТЭЗҮ хоёрын талаар зарим хүмүүс ойлголт багатай байдаг. Энэ талаар тодруулж хэлнэ үү?
ТЭЗҮ-ийн үнэлгээ,  хөрөнгийн үнэл­гээний тухай би түрүүн цухасхан дурдсан. ТЭЗҮ бол тухайн ордыг яаж ашиглах, ямар технологи хэрэглэх, ажиллах хүчин ямар байх зэргээр тухайн ордыг ашиглах үйлдвэрийн техникийн үнэлгээ. Үүн дээр санхүүгийн үнэлгээ, эдийн засгийн үнэлгээ бага зэрэг нэмэгддэг.

Хөрөнгийн үнэлгээ гэдэг нь ТЭЗҮ дээрээ суурилаад санхүүгийн үнэлгээг нь нарийвчлан хийж тайлан боловсруулахыг хэлж байгаа юм. Тухайн орны дотоодын хууль эрх зүйн орчныг олон улсын хууль эрх зүйн орчинтой уялдуулаад Монголынхоо хөрөнгийн бирж дээр  ч  гарч  болно, олон улсын хөрөнгийн бирж дээр ч гарч болно. Түүнчлэн олон улсын банк санхүүгийн байгууллагаас мөнгө татах бололцоо бүрдэнэ.

Банкны ТЭЗҮ нь ерөнхий ТЭЗҮ дээр ямар банкнаас аль орны зээлийг хэр  хугацаатай авах гэж байгаатай холбогдуулаад тухайн банкныхаа шаардлагын дагуу хуулийн судалгаа, хөрөнгийн үнэлгээг хийдэг. Өөрөөр хэлбэл, техникийн үнэлгээ, санхүүгийн үнэлгээн дээр банкны шаардлагыг тусгах байдлаар нэмэлт үнэлгээ хийгдсэн, банк зээл олгох шаардлага нөхцөлийг хангасан нэмэлт ажлыг хийсэн ТЭЗҮ-ийг хэлж байгаа юм.

Ашигт малтмалын үнэлгээ хийх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд цаашид юун дээр анхаарах ёстой вэ?
Нэг зүйлийг онцолж хэлэхэд, тухайн аж ахуйн нэгж аль орны ямар банк, хөрөнгийн биржид хандаж хөрөнгө босгох гэж байгаа вэ гэдгээс шалтгаалан тухайн улсынхаа заавар, журмуудтай танилцсан байх ёстой.
Нөгөөтэйгүүр, Уул уурхайн яам, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Мэргэшсэн үнэлгээчдийн холбоо болон мэргэжлийн холбоод нийлээд ашигт малтмалын мэргэшсэн үнэлгээчдээ бэлтгэх хэрэгтэй.

Өнөөдөр үнэлгээ хийж байгаа хүмүүс ихэвчлэн санхүүгийн үнэлгээчид л байна. Эдгээр нь ихэнхдээ эдийн засагч мэргэжилтэй. Гэтэл ордын үнэлгээг уул уурхайн мэргэжлийн хүмүүс, тэр дундаа эрдэс баялгийн эдийн засагчид хийх ёстой. Эрдэс баялгийн эдийн засагчдаа бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Дээр дурдсан ашигт малтмалын үнэлгээний гурван аргын цаана нь бас гуч гаруй аргачлал бий. Эдгээр бүх аргачлалтай мэргэшсэн үнэлгээчид танилцсан байх ёстой. Үүний бэлтгэл ажил болгож сургалтууд зохион байгуулах, үнэлгээчдийг мэргэшүүлэх ажлыг гадаад, дотоодын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийх хэрэгтэй байна.  Мэдээж энэ ажил хоёр гурван жилээр үргэлжилнэ.

Ордын үнэлгээг ганц хоёр хүн биш, мэргэжлийн бүхэл бүтэн баг хийх ёстой биз дээ?
Тийм ээ, энэ нь уул уурхайн эдийн засаг гэдэг утгаараа  геологич, уурхайчин, баяжуулагч гээд багаар хийх ажил. Өнөөдөр уул уурхайн төслийг ТЭЗҮ хийдэг компани л хийдэг. Уул уурхайн менежмэнт, эдийн засагчийг ШУТИС зэрэг уул уурхайн чиглэлийн сургуулиуд бэлтгэж байгаа. Цаашид ашигт малтмалын мэргэшсэн үнэлгээчийг нарийвчлан сургаж, бакалавр, магистрын түвшинд бэлтгэн гаргах  шаардлагатай байна.

Уул уурхайн зөвлөх болон мэргэшсэн инженерүүдээ энэ чиглэлд давтан сургаад, орд газрын үнэлгээний зөвлөх инженерүүдийг тусад нь бэлтгэж бас болно. Мэргэшсэн, томоохон  үнэлгээчдийг бэлдсэн тохиолдолд гадаад, дотоодын туршлагатай хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийхдээ харилцан ашигтай нөхцөлийг тохирч улмаар ордын өгөөжийг нэмэгдүүлж чадна гэж үзэж байна.

Уул уурхайн яам, “Сентерра гоулд” компанийн хооронд Гацууртын алтны орд дээр төрийн өмчийн хувь хэмжээг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тухай яриа хэлэлцээ хийж байгаа энэ үед тус ордын үнэлгээг хөндлөнгийн олон улсын байгууллагаар хийлгэж хэлэлцэх саналыг Засгийн газар тавьсан. Энэ асуудлыг шийдвэрлэх ордын үнэлгээний нэгдсэн журам, аргачлал манайд бий юу?

Гацууртын орд ашиглалтын тухайд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж байна. Алтны ордыг ашиглах гэрээ хийгдэж байгаа. Хамгийн гол нь уг ордыг зөв үнэлж байна уу, үгүй юу гэдэг асуудал чухал.

70 тонн алтыг 10 жил ашиглахад хэчнээн хэмжээний хөрөнгө, зардал гарч, хэчнээн хэмжээний  орлого олох вэ гэдгээ тооцох ёстой. Нийт орлогоосоо 34 хувьд ногдох нь хэд байх юм, одоо авахаар яриад байгаа 3 хувийн роялтид ногдох орлого нэг жилдээ, 10 жилдээ хэд байх вэ, нөөц ашигласны төлбөрийг оновчтой, харилцан ашигтай тохирч чадаж байна уу гэдэг чухал асуудал болоод байна.

Оюутолгойн орд газраас олох нийт орлогын 50 гаруй хувийг Монголдоо үлдэнэ гэж хэлэлцэж тохирсон. Сүүлийн жилүүдийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаа, жилийн тайлангуудаас харахад 20 орчим хувь  нь л Монголд орж ирж байна.

Тийм учраас хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээний үед тохирсон үнэлгээ, улсын  болон орон нутагт оруулах орлого, гарах зардлууд бодитой байх эсэх нь орд газрын  үнэлгээг хэр оновчтой хийснээс ихэвчлэн шалтгаалж байгаа. Бид өмнө нь томоохон ордын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тал дээрээ алдаж оносон, чадавх дутсан тал олон бий.  Шинээр орд ашиглах гэрээ байгуулахад ашигт малтмалын ордын үнэлгээ буюу уул уурхайн төслийн үнэлгээг олон улсын журмын дагуу хийх асуудал тэргүүлэх ач холбогдолтой.