Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто “Симандоу” төслийг царцаалаа

Төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том орд болох Симандоу төслөө Рио Тинто групп царцаахаар болжээ. Энэ тухай тус группын Гүйцэтгэх захиралын албан тушаалыг энэ сарын 2-ноос хүлээн аваад буй Жан Себастьян Жак мэдэгдсэн юм. Тэрээр дэлхийн түүхий эдийн зах зээл таагүй байгаа өнөө үед “Симандоу” төслийг хэрэгжүүлэхэд групп илүү зардал гаргах шаардлагагүй гэж үзсэн байна.

Жан Себастьян Жакийн таамаглаж байгаагаар дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт үргэлжлэх бөгөөд төмрийн хүдэр, нүүрсний үнэ тогтворжихыг удаан хугацаанд хүлээх шаардлагатай хэмээн ярилцлагадаа өгүүлжээ. Харин зэсийн үнийн хувьд харьцангүй тогтворжиж эхэлж буйг онцолсон байна.

Рио Тинто групп нь Хятадын “Чалко” компанитай хамтран нийт 20 тэрбум ам.долларын өртөг бүхий “Симандоу” төслийг хэрэгжүүлэх гэрээнд 2014 онд гарын үсэг зурсан билээ. Ингэхдээ төслийг хэрэгжүүлэхээр хамтарсан “Симфер” компанийн байгуулж 46.6%-ийг “Рио Тинто”, Хятадын “Chalco Iron Ore Holdings” консорциум 41,3%, Гвинейн Засгийн газар 7.5% болон “International Finance” корпораци 4.6%-ийг тус тус эзэмшдэг.

“Симфер” компани нь өнгөрсөн тавдугаар сард “Симандоу” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг эхлүүлээд байсан юм.    

Төслийн хүрээнд ордоос Гвинейн хойд хэсгийн эрэг буюу Conakry хот хүртэл 700 км төмөр зам, 128 км авто зам болоод Morebaya эргийн боомт, бусад дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байдаг. Төслийг хэрэгжүүлснээр уг ордоос жилд 95 сая тонн төмрийн хүдэр олборлох тооцоотой.  

Африкийн Гвиней улс дахь Симандоу орд нь 2.25 тэрбум тонн 66-68%-ийн агуулгатай төмрийн хүдрийн нөөцтэй.

Э.Од