Японы уул уурхайн “Sumitomo Metal Mining”, “Mitsubishi Matreials”, “Furukawa” компаниуд Индонезийн зэсийн Batu Hijau ордын хувь эзэмшлээ орон нутгийн “PT Amman Mineral” компанид худалдахаар болжээ. Индонезийн “PT Amman Mineral” компани нь 750 сая ам.доллараар эл ордын 24,5%-ийг Японы консорциумаас худалдан авч байгаа юм.
Мөн ордын 31,5%-ийг АНУ-ын “Newmont Mining” компаниас 1,3 тэрбум ам.доллараар “PT Amman Mineral” компани худалдан авч байна.
Дээрхи хэлэлцээрүүдийг энэ оны гуравдугаар сард багтаж дуусгах төлөвлөгөөтэй аж.
Индонези улсын хоёр дахь том орд Batu Hijau нь 600 сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй бөгөөд 2000 оноос ашиглагдаж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар жилд 210 мянган тонн зэсийн хүдэр гарган авч байна.
Тус улсын Засгийн газраас 2009 онд гаргасан хуулийн дагуу 2014 оноос боловсруулаагүй түүхий эдийн экспортыг хориглосон билээ. Уг хуулинд зааснаар зэсийн хүдрийн экспортыг 2017 оноос зогсоож байгаа юм. Энэхүү хуулийн хэрэгжилтийн улмаас Япон болоод АНУ-ын хөрөнгө оруулагчид Индонезийн зэсийн салбарыг орхиж буй ажээ.
Э.Од