Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“АЛРОСА” группын төрийн өмчийн 10,9%-ийг хувьчлах ажил эхэллээ

Оросын алмаз үйлдвэрлэгч “АЛРОСА” группын төрийн өмчийн 10,9%-ийг хувьчлалыг лхагва гаригт эхлүүлжээ. Энэ тухай тус улсын Эдийн засаг хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдсэн байна.  
 
Алмаз үйлдвэрлэгч “АЛРОСА” групп 2013 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, 41 тэрбум рублийн хөрөнгө босгох үед компанийн төрийн мэдлийн 7%-ийг 18 тэрбум ам.доллараар хувьчилж байжээ. Өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр тус групп нь ойролцоогоор 506 тэрбум рубль буюу 7,8 тэрбум ам.доллар үнэлэгдэж байгаа бөгөөд энэхүү хувьчлалаас 50 тэрбум рубль буюу 774 сая ам.долларын орлого олохоор тооцооолж байна.

Алмазын олборлолтоор дэлхийн 27%, Оросын зах зээлийн 97%-ийг хангаж буй “АЛРОСА” группын 43.9% нь Оросын Төрийн өмчийн газар, 25% нь Якутын Засгийн газар, 8% нь Якутын орон нутгийн засаг захиргааны байгууллагын мэдэлд байдаг.

Якут үндэстний уугуул соёлоос үлдсэн цөөн бэлгэ тэмдгийн нэг нь алмаз тул  тус улсын Засгийн газрын мэдлийн хувийг хувьчлахгүй байх талаар якутчууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путинд хүсэлт тавьсан удаатай. Өнөөдөр “АЛРОСА” группын татвар нь Якут улсын төсвийн 20%-ийг бүрдүүлж байна.

Оросын эрх баригчид энэ оноос төрийн өмчит томоохон компаниудыг хувьчлан, хувьчлалаас олсон ашиг орлогоороо төсвийн алдагдлаа нөхөх төлөвлөгөөтэй байгаа юм.  Тус улсын эдийн засгийн хямралын эсрэг төлөвлөгөөний дагуу өмч хувьчлалаас хоёр жилийн хугацаанд 1 их наяд рубль буюу 12.5 тэрбум ам.долларын орлого олохоор тооцоолж буй. Төрийн өмчит компаниудыг хувьчлах 2014-2016 оны хөтөлбөрт 514 аж ахуйн нэгж болон 436 хувьцаат компани, тэр дунд “АЛРОСА”, “Внуково”, “Шереметьево”, “Аэрофлот”, “Роснефть”, “Башнефть”, “Ростелеком”, “Совкомфлот”, “Оросын төмөр зам”, “Сбербанк” багтсан байдаг.

Э.Од