Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Дэлхийн удирдагчид АСЕМ-ын түүх, ирээдүйн замналын талаар хэлэлцлээ

Сурвалжилсан Г.Идэрхангай

Долдугаар сарын 15-ны өглөөний 7:00 цаг. Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад (АСЕМ) оролцох өндөр дээд хэмжээний зочдыг угтан авах ажиллагаа “Шангри Ла” цогцолборын угтах талбайд албан ёсоор эхэллээ. Тусгайлан хөлөглөж ирсэн  унаанаасаа буугаад, улаан хивсэн дээгүүр яаруухан алхалсаар “Шангри Ла”-гийн хурлын танхим руу орох эрхэм зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж угтан авч, хүндэтгэл үзүүлэв. 

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн хамгаалалтын албаныхан түүнийг хүрэлцэн ирэхээс нэлээд хэдэн мөчийн өмнө ирчихсэн, эргэн тойрны зүйлсийг үе үе шалган, тун харицлагатай ажиллаж байгаа нь содон байв. Хойд хөршийн Засгийн газрын тэргүүн цор ганцаар, өөрийн найдвартай унаа болох урт хар Бенз машинаараа ирсэн юм. 

Хоёр өдөр үргэлжлэх АСЕМ-ын уулзалтад төрийн тэргүүний түвшинд Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь зэрэг нийт 11 орны Ерөнхийлөгч, Индонези, Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч нар, Засгийн газрын гишүүний түвшинд Орос, Хятад, Сингапур, Тайланд, Камбож, Герман, Вьетнам зэрэг  24 орны Ерөнхий сайд, Шадар сайд, бусад түвшинд Грек, Дани, Ирланд, Итали, Пакистан, Франц зэрэг 16 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар, Европын холбооны Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Ийнхүү Ази-Европын 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад зогссонгүй, энэ уулзалтаар АСЕМ-ын 20 жилийн ой тохиосноороо ихээхэн онцлог байв.

Ази-Европын орнуудын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц болсон АСЕМ-ын өнгөрсөн 20 жилийн ололт амжилт, алдаа оноог энэ удаагийн уулзалтаар дүгнэн хэлэлцэхээр 51 улс, 2 олон улсын байгууллагын удирдагчид Улаанбаатарт хуран цуглав.

“АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдсан уулзалтын нээлт 9:00 цагт албан ёсоор эхэлсэн. Нээлтийн өмнө хүндэт зочид төлөөлөгчид долдугаар сарын 14-ний шөнө буюу уулзалт эхлэхийн өмнөх  шөнө Франц улсын нийслэлд болсон террорист халдлагад амь насаа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэв.

Дараа нь АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээж, зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. 

Тэрээр, Дэлхийн бүх улс түмний анхаарлын төвд байгаа АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Монгол Улс, Монголын ард түмэн нэн өндөр ач холбогдол өгч байгаа билээ. Чухамдаа дэлхийн эдийн засгийн бараг гуравны хоёрыг бүрдүүлдэг АСЕМ-ын гишүүн орнуудын тэргүүнүүд өнөөдөр Улаанбаатар хотод маань хуран цуглараад байна.

Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд монголчууд бид Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойг тэмдэглэж байгаа түүхэн тэмдэглэлт ойн жил энэхүү Дээд түвшний уулзалтыг өөрийн орондоо хүлээн авч буйгаараа онцлог юм.

Монголчууд бид АСЕМ-ын энэхүү дээд түвшний уулзалтыг Монгол газар шороон дээр бүтэн зуунд тохиох чухал үйл явдал гэж үзэж байгаа” хэмээн  онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нээлтийн үгийн дараа Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Мьянмарын Ерөнхийлөгч, АСЕАН-ы зохицуулагч Тин Киав, Европын Холбооны зохицуулагч, Словакийн Ерөнхий сайд Роберт Фико, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд, NESA-гийн зохицуулагч Мурраи МкКүлли нар тус тус үг хэллээ.

Нээлтийн ажиллагааны дараа АСЕМ-ын дөрвөн дагалдах хурал болох Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалт (ACEП), Ази-Европ түмний чуулга (AEПФ), Ази-Европын Бизнесийн чуулган (AEDФ), Залуучуудын Модел АСЕМ-ын зохион байгуулагчид үг хэлж, хурлын үр дүнг танилцуулан Дээд түвшний уулзалтын баримт бичигт тусгуулах саналаа уламжилсан юм.

Ингээд АСЕМ-ын уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагааны дараа хоёр хэлэлцүүлэг бүхий Нэгдсэн хуралдаан хаалттай болов. Эхний хэлэлцүүлэг нь “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж, АСЕМ-ын түнш орнуудын төрийн тэргүүн нар сүүлийн 20 жилийн улстөрийн хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл-нийгмийн солилцоо, хамтын ажиллагаагаа дүгнэн ярилцлаа. Мөн АСЕМ-ын дараагийн арван жилийн төлөвлөгөө, төсөөллийн талаар санал солилцсон юм.

Хоёрдугаар хэлэлцүүлэг нь “АСЕМ-ын Түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр өрнөж, Ази-Европын “зөөлөн” болон “хатуу” уялдаа холбоог хөгжүүлэхэд илүү төвлөрч ярилцсан юм. Энэхүү хоёр сэдэв бүхий хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг төгсгөлийн баримт бичгүүдэд тусган батлах юм.

Нэгдсэн хуралдаанд оролцсон Ази, Европын төр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд,  террорист халдлага үйлдэгчдэд НҮБ-ын дүрэм болон олон улсын бусад хууль тогтоомжийн дагуу хатуу шийтгэл ногдуулж, хариуцлага тооцох ёстойг мэдэгдэж, хүчээ нэгтгэн терроризмтэй тууштай тэмцэхээ цохон тэмдэглэжээ.

Нэгдсэн хуралдааны дараа төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зургаа татуулж, АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж, үндэсний уламжлалт баяр “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт хоёр дахь өдрөө буюу 16-нд АСЕМ Вилла хотхоны Их гэрт хаалттай хуралдаанаар үргэлжилсэн юм. Уг хуралдаанаар Төгсгөлийн баримт бичгүүдийг батлан гаргасан нь уулзалтын хамгийн том үр дүн байлаа.

Хаалттай хуралдаанаар төлөөлөгчид “АСЕМ-ын гурван баганыг сайжруулах нь” сэдвийн хүрээнд албан бус хэлэлцүүлгүүд өрнүүлж, мөн бүс нутгийн хамтын ажиллагаа болон олон улсын терроризмын эсрэг үйл ажиллагаа, дүрвэгсдийн асуудал, цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хүний эрх, хуулийн засаглал, эрчим хүч, хүнс тэжээл, цэвэр ус, хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг цаг үеийн асуудлыг хөндөн ярилцсан юм.

Хурлын төгсгөлд “Хурлын даргын мэдэгдэл” болон “Улаанбаатарын тунхаглал” гэсэн хоёр баримт бичгийг баталлаа. АСЕМ-аас гурав дахь арван жилдээ баримтлах чиг шугамыг тодорхойлох “Улаанбаатарын тунхаглал”-д “Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Ази, Европын хооронд илүү нягт уялдаа холбоо, илүү үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар АСЕМ-ын үйл явцыг нээлттэй, хувьсан хөгжих байдлаар урагшлуулах шийдвэр төгс байна.

АСЕМ-ын үйл явц нь нийтийн зөвшилцлийн үзэл санааны дагуу эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх болон харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр цааш хөгжих ёстой гэдгийг бид бататган илэрхийлж байна.

Бид АСЕМ-ын ач холбогдлыг харуулах, түүний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “АСЕМ-ын өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд эсвэл гуравдугаар сарын эхний долоо хоногийн аль нэг өдөрт тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэв” хэмээн тэмдэглэжээ.

Мөн АСЕМ-ыг мөн гурав дахь арван жилд амжилттай залан чиглүүлэхийн тулд “Түншлэлээ бэхжүүлнэ”, “Бодит өгөөжийг дээшлүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлнэ”,  “Уялдаа холбоог бүхий л чиглэлээр бэхжүүлнэ”, Албан бус шинж чанар, сүлжээний хэлхээ холбоо, уян хатан байдлыг хөгжүүлнэ”, “Дараагийн  арван жил рүү” гэсэн үүргүүдийг хүлээж буйгаа тунхаглалд илэрхийлжээ.
 
Энэхүү баримт бичгүүд нь АСЕМ-ын үйл явцыг урагшлуулах, эрх тэгш түншлэл, харилцан бие биенээ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр Ази, Европын хооронд харилцаа холбоогоо илүү өргөн хүрээнд бэхжүүлэх, тодорхой салбар асуудлаар илүү төвлөрсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон хөтөч зураг болно гэж уулзалтад оролцогчид санал нэгтэй дүгнэсэн.

АСЕМ бол нэг улсад 100 жилд ганц удаа тохиох онцгой үйл явц

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо нар Шангри-Ла цогцолборын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол улс терроризмтэй тэмцэхэд бэлэн байна. Энэ бол хурлын чухал хэсэг байлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж:

АСЕМ-ын 11 дүгээр Дээд түвшний уулзалтыг амжилттай явуулж өндөрлөж байна. Энэ хурлаас Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл гэсэн хоёр том баримт бичгийг батлан гаргалаа. Дээд түвшний уулзалтын үеэр Ази-Европын 20 жилийн ойг тэмдэглэлээ.  АСЕМ-ын уулзалтын өмнөх өдөр Францад аймшигт халдлага гарсан. Бид Францын ард түмэнтэй, Европын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа. Монгол улс терроризмтэй тэмцэхэд бэлэн байна. Энэ бол хурлын чухал хэсэг байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн АСЕМ-ын хуралдааны хүрээнд нийтдээ 62 уулзалт боллоо. АСЕМ-д хүрэлцэн ирсэн улс орны удирдагч, дээд түвшний төлөөлөгчид өөр хоорондоо 100 гаруй албан ёсны уулзалт хийлээ.
АСЕМ бол нэг улсад 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явц. Монгол улс 100 жилийн дараа АСЕМ-ыг дахин зохион байгуулж магадгүй.

Хэвлэл мэдээллийнхэн, та бүхэн их сайн ажиллалаа. Та бүхэн өөрийнхөө ажил мэргэжлээр дамжуулан дэлхийн 1,5 тэрбум хүнд АСЕМ-ын үйл ажиллагааг шууд хүргэлээ.

Хурлын төгсгөлд би хоёр зүйл хэлье. Ажлын хэсэгт ажилласан бүх хүнд талархал илэрхийлье. Ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцсон хүмүүст бүгдэд нь баярлалаа. Үйлчилгээ, хамгаалалтад ажилласан бүх хүнд баярлалаа. Та нар үнэхээр сайн ажиллалаа.

Би Европын холбоонд талархаж байна. Бусад орны Засгийн газар, хамтарч ажилласан улс орнуудад үнэхээр их баярлалаа. Та бүхний тусламжтайгаар АСЕМ-ыг Монгол оронд амжилттай зохион байгууллаа. Бид бие биесээсээ олон зүйлийг сурлаа. Сурсан зүйл маань бидэнтэй хамт үлдэнэ. Энэ бол нэг төрлийн хөрөнгө оруулалт юм. Бид 2050 онд Олимп зохион байгуулахаар мөрөөдөж байгаа. Энэ бол бидний зорилго.  

Европын холбоо Ази тивтэй түншилж хамтран ажиллаж байгааг чухал гэж үздэг

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск:

АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулсан Монгол улсын Ерөнхийлөгч, ноён Ц.Элбэгдорж Танд талархаж байна. Үүний хажуугаар хэзээ ч мартагдахгүй аяллыг Монголд хийлээ. Наадам их таалагдлаа. Дээд хэмжээний уулзалтын үеэр Франц улсад халдлага гарч, Туркэд төрийн эргэлт хийхийг оролдлоо.

Энэ бүхэн мэдээж хэрэг дэлхийн хэмжээний уулзалтын зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай асуудал байлаа. Өнөө өглөө Туркийн асуудлаар Европын холбооны лидерүүд ярилцсан. Турк бол манай Европын холбооны чухал түнш. Европын холбоо ардчилсан замаар сонгогдсон Засгийн газар болоод ардчиллын институтыг ямагт дэмжсээр ирсэн, хуулийн засаглалыг дэмждэг. Тиймээс туркууд Үндсэн хуулийн аргаар засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байсан.  

Европын холбоо Ази тивтэй түншилж хамтран ажиллаж байгааг чухал гэж үздэг. Ээлж дараалан гарч буй террорист халдлага бол манай хоёр тивд аль алинд нь нөлөөлж буй аюултай үзэгдэл.  Тиймээс хоёр тив хамтран тэмцэх шаардлагатайг сануулсан үйл явдал боллоо гэж харж байна. Есдүгээр сард Хятад улсад “Их 20”-ын уулзалт болно. Энэ үеэр Европ болон Азийн хамтын ажиллагааны нэг чухал зүйл нь аюулгүй байдал юм гэдэг дээр санал нэгдсэн.

Монголд дэлхийн хэмжээний хөгжим тоглолоо

Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клад Юнкер:

Би Монгол улсыг үнэхээр гайхан биширдэг. Монголд гурав дахь удаагаа ирж байна. Ирэх тутамдаа Монгол улс хэрхэн хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байгааг хардаг. Энэ удаагийн уулзалт онцлогтой байлаа. Хурлын үеэр хоорондоо уялдаа холбоотой харилцаатай байх ёстой. 20 жилийн турш болсон уулзалтуудаас Монголд болсон нь хамгийн үр дүнтэй байлаа.

Сайн зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч энэ боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. Хоёр талын уулзалтуудыг маш олноор зохион байгуулсан. Энэ бүхэн үр дүнтэй байлаа. Дэлхийн хэмжээний хөгжим тоглосон үйл явдал Монголд боллоо гэж хэлж болохоор байна.

Бас Монгол Улсын нэр хүндийг маш их өргөсөн хоёр хоног байлаа. Би Монгол бол том газар нутагтай улс гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Монголын ард түмэн ийм аугаа гэдгийг сая бүгд харлаа.

Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно. Хурлыг сайхан удирдлаа. Улс орноо ч сайхан удирдаж байна.

Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах тал дээр бид санал нэгдлээ

Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу:

Амьдралд нэг тохиох гайхалтай туршлага байлаа. Энэ гайхалтай орны байгалийг үзсэндээ, зочломтгой занд баярлалаа. Энэ хоёр өдрийн хурлын үеэр албан болон албан бус олон уулзалтууд хийсэн. Хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах тал дээр бид санал нэгдлээ. Зөөлөн болон хатуу уялдаа холбоогоо сайжруулж, бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааэд тулгарч буй нийтлэг асуудлуудаа ярилцлаа.

Терроризмтэй тэмцэх, хууль ёсыг дээдлэх, тогтвортой хөгжлийн 2030 оны зорилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хөгжилтэй холбоотой асуудлуудыг мөн ярилцав. 

АСЕМ-ын үр дүнд бий болсон хамтын ажиллагаа маань зөвхөн хоёр тивийн улсууд төдийгүй дэлхий дахинд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Мьянмар улс АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг 2017 онд зохион байгуулах болно. Хурлыг зохион байгуулсан Монгол улсад баярлалаа. Үнэхээр мэргэжлийн түвшинд зохион байгууллаа.

Ирэх 10 жилд АСЕМ-ыг улам сайжруулж, урагшлуулахын төлөө ажиллахад бэлэн байна

Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо:

Өнгөрсөн хоёр өдрийн турш бид ямар хүнд хэцүү цаг үед амьдарч байгааг харуулсан, тивүүд хоорондоо хамтарч ажиллах хэрэгтэйг сануулсан үйл явдлууд боллоо. Бид бүгд өөр өөрийн үзэл бодолтой. Гэвч бид яагаад эрх тэгш, харилцан ашигтай байдалтайгаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой вэ гэдгээ ойлгодог. Франц, Туркт болсон гунигтай явдлууд бүх дэлхийд хамаатай. Миний хувьд АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцох нь нэр төрийн хэрэг байлаа.

Бид хөтөлбөртөө тусгагдсан асуудлыг биелүүлэхийн тулд маш их зорилго тавьж ажиллаж байна. Ирэх 10 жилд АСЕМ-ыг улам сайжруулж, урагшлуулахын төлөө бэлэн байна.