Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс цахилгаан машины гол түүхий эдийг атгандаа оруулав



The Mongolian Mining Journal /2016.5 №091/

Б.Төгсбилэгт


Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж, улмаар дэлхийн газрын тосны зах зээлд заналхийлж мэдэхээр байгаа тухай олон улсын хэвлэлүүдээр итгэлтэй нь аргагүй таамаглал дэвшүүлцгээх болов. Wood Mackenzie судалгааны байгууллагын тооцоолж буйгаар хэрэв Tesla болон бусад автомашин үйлдвэрлэгч цахилгаан машины үйлдвэрлэлээ тооцоолж буй шигээ өргөн хүрээнд нэмэгдүүлж чадвал 2025-2035 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүний эрэлтэд мэдэгдэхүйц нөлөөтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Дэлхийн цахилгаан машины үйлдвэрлэлд хувьсгал хийгч Tesla компанийн шинэ загварын машинуудын борлуулалт нэмэгдсэнээр зэсийн хэрэглээний өсөлтөд эергээр нөлөөлнө. Энэ нь Оюутолгойн зэсийн худалдаанд ч сайнаар нөлөөлнө гэсэн өгүүллүүд хэвлэлүүдээр гарсан нь үнэндээ хэтрүүлэг биш байв. Гэхдээ энэ бүх мэдээлэл цаагуураа автомашины зах зээлийн ирээдүйн чиг хандлагын талаар хүчтэй дохио өгч байна. Томоохон автомашины компаниуд Tesla-гаас дутахааргүй хүчин чадалтай цахилгаан машин үйлдвэрлэн худалдаанд гаргахаар зэхэж буй төдийгүй энэ дунд Хятадын автомашин үйлдвэрлэгчид мөчөөгөө өгөхгүй, өндөр амбицтайгаар орж ирж буй нь автомашины салбарын ирээдүйн дүр зургийг тодруулна.

Цахилгаан машины хамгийн гол онцлог нь мотор, зай хураагуур бөгөөд бензин түлшний оронд тогоор цэнэглэн хол замыг туулах явдал билээ. Тэгвэл уг төрлийн машины зай хураагуурын үйлдвэрлэлд лити, графит, кобальт хамгийн гол үүрэгтэйгээр оролцдог. Иймд Хятад улс кобальтын  нийлүүлэлтийг хяналтдаа авахаар хөдөлж эхэлсэн тухай хэвлэлүүдээр бичиж байна.

Учир нь Хятадын молибдени үйлдвэрлэгч  China Molybdenum  компани өнгөрсөн тавдугаар сард АНУ-д төвтэй зэсийн компани Freeport-ын Бүгд Найрамдах Конго улсад орших зэс, кобальтын уурхай Tenke Fungurume-г худалдаж авч буйгаа зарласан. Уг худалдааны хэлцлээр Хятадын компанийн хувьд хилийн чанад дахь зэсийн эзэмшлээ зузаатгаж буйн зэрэгцээ зэсийн зах зээлийн урт хугацааны төлөвт итгэлтэй байгаагаа давхар харуулсан юм. Нөгөөтэйгүүр Хятадын молибдени үйлдвэрлэгч энэхүү компани нь кобальтын бизнест хүрээгээ тэлэхээр хийсэн нүүдэл давхар өрнөсөн нь илхэн байв.

Цахилгаан машины хувьд тухайлбал, Tesla компанийн машинуудын хувьд лити-йон зай хураагуураар ажилладаг. Тэгэхээр тус компанийн зай хураагуурын үлэмж том үйлдвэр энэ оны сүүлээр ашиглалтад орж, улмаар уг төрлийн зайнд шаардлагатай түүхий эдийн эрэлт өсөх нь дамжиггүй. Одоогийн байдлаар Tesla компани түүхий эд нийлүүлэлтийн урт хугацааны томоохон гэрээг ямар нэг компанитай байгуулаагүй байна.

Харин Хятад улсын хувьд дотоодын автомашин үйлдвэрлэгч компаниуд нь цахилгаан машин үйлдвэрлэлийн чиглэлд олноороо хүч үзэж байгаа бөгөөд 2020 он гэхэд 5 сая цахилгаан машин үйлдвэрлэж борлуулсан байх зорилт тавиад буй юм.  Иймд тус улсад энэ төрлийн машины худалдаа, үйлдвэрлэл, түүхий эд нийлүүлэлтийн найдвартай байдал маш чухалд тооцогдох нь тодорхой болж байна.

China Molybdenum компани өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын компаниас Tenke Fungurume уурхайтай хамтаар кобальтын хоёр ч төслийг нийтдээ 2.65 тэрбум ам.доллараар худалдаж авч буйгаа зарласан юм. Үүний нэг нь Финландад орших Kokkola кобальт боловсруулах үйлдвэр бөгөөд уг худалдааны хэлцлийн үр дүнд Хятадын компани үйлдвэрийн 56%-ийг эзэмшинэ гэсэн үг. Энэхүү үйлдвэр нь дэлхийн зах зээлд нийлүүлж буй нийт цэвэршүүлсэн кобальтын 10%-ийг нийлүүлдэг.

Гэхдээ тус үйлдвэрээс илүү чухал алхам нь Конгод орших Tenge Fungurume зэс-кобальтын уурхайн 56%-ийг эзэмшсэн явдал гэдгийг дурдах нь зүйтэй. Тус уурхай нь дэлхийн нийт кобальт олборлолтын 13%-ийг дангаараа бүрдүүлдэг төдийгүй одоогийн хүчин чадлаараа ажиллавал ойрын 25 жилийн хугацаанд ажиллах нөөцтэй юм. Түүнчлэн тус ордын зэргэлдээ орших Kisanfu зэс, кобальтын хайгуулын төслийг Хятадын компани эзэмшихээр боллоо.

Хэрэв уг худалдааны хэлцэл эцэслэвэл Хятад улс ирэх он гэхэд дэлхийн цэвэршүүлсэн кобальт үйлдвэрлэлийн 62%-д дангаар ноёрхол тогтоох юм байна.  Дэлхийн эрдсийн зах зээл судалгааны байгууллага CRU-ийн шинжээч Эдуард Спенсер Financial Times хэвлэлд өгсөн ярилцлагадаа кобальтын дийлэнх хувь Хятадад очлоо. Тэдний дэлхий даяарх нөлөө үлэмж боллоо хэмээн мэдэгджээ.

Тэгэхээр цаашид Хятад улс кобальтын зах зээлийн нийлүүлэлтийг дангаар эзлэх нь бараг тодорхой байна. Одоогоор Канадын Lundin Mining компани Tenke уурхайн 24%-ийг эзэмшдэгийг эс тооцвол Хятад улс кобальтын нийлүүлэлтэд үлэмж томоохон байр суурийг тогтоож байгаа юм. Үүнээс гадна одоогийн байдлаар лити-йон зай хураагуур үйлдвэрлэлийн 90 гаруй хувь нь Хятад улсад харьяалагдах төлөвтэй бөгөөд Tesla компанийн зай хураагуурын үлэмж том үйлдвэр л цор ганцаар Хятадынх бус гэсэн тодотголтойгоор ажиллахаар  байна.

Ирэх арван жилийн хугацаанд лити зай хураагуурын үйлдвэрлэлийн салбарт асар их хэмжээний өсөлт гарахтай холбогдуулан кобальтын салбарт ч эрэлт талд 62%-ийн өсөлт гарах магадлалтай байна.

Өмнөх хугацаанд кобальтын эрэлтийн өсөлтийг уурхайн нийлүүлэлтээр хөнгөхөн залгуулж байсан бол одоо нийлүүлэлт төдийлөн санасан хэмжээнд хүрч өсч чадах нь эрдсийн зах зээлийн уналтаас үүдэн тун эргэлзээтэй болоод байна. Учир нь кобальт нь зэс, никелийн хүдэр олборлолтын дайвар бүтээгдэхүүн байдлаар ихэвчлэн олборлогддог байна. Зэс, никелийн үнэ зах зээлд буурч байгаагийн улмаас дайвар бүтээгдэхүүний олборлолт ч мөн өсөхөөргүй дүр зураг харагдаж байна. Кобальтын нийлүүлэлт 2016 онд эрэлтээсээ 15-25%-иар бага байх дүр зураг харагдаж байгаа тухай InvestorIntel байгууллагын судлаач Жон Петерсен тайлбарлажээ.

Хятад улс кобальтын нийлүүлэлтийн “хяналтын багц”-ыг атгах нь тов тодорхой болоод буй нь нийлүүлэлт хомсдож, үнэ өсөх вий гэсэн болгоомжлолыг төрүүлэх болсон нь эхнээсээ зарим шинжээчийн тайлбараас илэрхий болж байна.
Tesla болон бусад цахилгаан машин үйлдвэрлэгч нараас ямар нэгэн байдлаар энэ тухайд санал бодлоо илэрхийлсэн мэдээлэл гараагүй байгаа ч кобальтын нийлүүлэлт эрэлтдээ хүрэхгүй болбол уг металын үнэ өсөх нь гарцаагүй юм. Газрын ховор элементийн үйлдвэрлэлийн дийлэнхийг эзэлдэг Хятад улс нийлүүлэлт, экспортоо бууруулсан шигээ кобальтын нийлүүлэлтийг хязгаарлахгүй, үнийг өсгөхгүй гэсэн баталгаа байхгүй.

Гэхдээ Хятад улс автомашины ирээдүйн чиг хандлагыг харсны үндсэн дээр цахилгаан машины үйлдвэрлэлийг дэмжих, олноор нь үйлдвэрлэн гаргах тэмүүлэлтэй басхүү том зорилт тавьж байна гэсэн дүр зураг тодров. Дэлхийн аль ч оронд цахилгаан машины үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өргөн хэрэглээнд нэвтрүүлэх зэрэгт зай цэнэглэх сүлжээг олноор байгуулах, түүхий эдийн хүрэлцээний асуудал гээд цөөнгүй бэрхшээл тулгарч байгаа ч энэ төрлийн машины хөгжил, хэрэглээ ийм хурдан эрчээ авна гэдэгт эрдсийн судлаачид саяхныг хүртэл огт төсөөлөлгүй байсан бөгөөд ач холбогдол өгөлгүй хандаж байсан билээ.