Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

”Оюутолгой”-н алтны үйлдвэрлэл 52%, зэсийнх 10%-иар буурав


“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсанаар, ил уурхайн хүдрийн агуулга буурсны улмаас зэс, алтны үйлдвэрлэл буурсан талаар мэдээлсэн байна. Тодруулбал, хоёрдугаар улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан бол алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувиар бага дүнтэй гарсан нь ил уурхайн хүдэр олборлолт багассан төдийгүй хүдэр дэх металын агууламж доошилсонтой холбоотой ажээ. Гэхдээ ийнхүү хүдэр дэх агууламж буурсны улмаас алтны олборлолт мэдэгдэхүйц буурна гэдгийг “Оюутолгой” компани өмнө нь мэдээлж байсан юм. Хэдийгээр олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээ хоёрдугаар улиралд буурсан ч борлуулсан баяжмалын хэмжээ оны эхний улирлынхаас 6.7 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Хоёрдугаар улирлын байдлаар Оюутолгойн баяжуулах үйлдвэр дунджаар 24.9%-ийн зэсийн агууламжтай 207.1 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бөгөөд баяжмалд агуулагдах цэвэр металын дүнгээр авч үзвэл 51.7 мянган тонн зэс, 70 мянган унц алт, 391 мянган унц мөнгө гэж тайланд тэмдэглэжээ.

Борлуулалт мөн улиралд үйлдвэрлэлээс давсан дүнтэй буюу 227.4 мянган тонн баяжмал худалдаалсан үзүүлэлттэй байгаа бөгөөд баяжмалд 54.4 мянган тонн зэс, 95 мянган унц алт, 395 мянган унц мөнгө агуулагджээ.

Хэдий “Оюутолгой”-н борлуулж буй зэсийн баяжмал дахь зэс, алтны хэмжээ буурсан ч, мөнгөний хэмжээ буураагүй байна. Өмнөх 2015 оны эхний хагаст тус компанийн борлуулсан баяжмалд 464 мянган унц агуулагдаж байсан бол энэ оны эхний хагаст уг үзүүлэлт 700 мянган унцид хүрчээ. Ийнхүү баяжмал дахь мөнгөний хэмжээ дээшилсэн нь уурхайн хүдэр дэх мөнгөний агууламжаас хамаарч буй юм.

Оны эхний хагасын байдлаар “Оюутолгой” компани 105.7 мянган тонн зэс, 270 мянган унц алт, 700 мянган унц мөнгө агуулсан 440 мянган тонн баяжмал борлуулаад байна.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Бид үйлдвэрлэлийн зардлаа бууруулахад анхааран ажилласан хэвээр байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагааны бүтээмжийг улам бүр дээшлүүллээ. Ил уурхайн олборлолт алтны агуулга багатай бүсэд шилжиж буй энэ үед дээрх арга хэмжээ нь бидний хамгийн гол зорилт юм” хэмээн тэмдэглэсэн байна.

 Энэ жил Оюутолгойн ил уурхайгаас баяжмалд агуулагдах цэвэр металын дүнгээр авч үзвэл 175,000-195,000 тонн зэс, 255,000-285,000 унц алт үйлдвэрлэх төлөвтэй байгааг компанийн зүгээс мэдээллээ.



Б.Төгс