Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эрдсийн экспортын үнийн дүн буурсан ч, жингийн үзүүлэлт өсч байна

Монгол улсын хэмжээнд эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 3.69 тэрбум ам.доллартай тэнцэж, өмнөх оны мөн үеийнхээс 12.3%-иар буурсан дүнтэй гарсныг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар мэдээллээ.  Оны эхний хагаст улсын нийт экспорт 2.19 тэрбум ам.доллар, импорт 1.49 тэрбум ам.доллартай тэнцсэн бөгөөд өмнөх оны мөн үеийн дүнтэй харьцуулахад экспорт 7.5%, импорт 18.5%-иар танагдсан байна. Ийнхүү гадаад худалдааны тэнцлийн хувьд оны эхний хагаст 693.8 сая ам.долларын ашигтай гарчээ.

Экспорт өмнөх оныхоос бууралттай гарахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 311 сая доллараар багассан нь голлон нөлөөлжээ.

Оны эхний хагасын хэмжээнд нүүрсний экспорт биет хэмжээгээр 9.6 сая тонн, борлуулалтын дүнгээр 293 сая ам.долларт хүрсэн нь жингийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс 39.5%-иар дээшилсэн ч, орлогын хувьд 5.3%-иар бага дүнтэй гарлаа. Энэ нь нүүрсний үнэ ихээхэн доошилсныг харуулж байна.

Зэсийн баяжмалын экспорт оны эхний хагаст 817 мянган тоннд хүрч, 916 сая ам.долларт хүрсэн нь биет жингийн хувьд 23%-иар нэмэгдсэн ч, үнийн дүнгийн тухайд 20%-иар доошилсон үзүүлэлттэй байна. Цэвэр зэсийн хувьд мөн хугацаанд 6.5 мянган тонныг гадагш нийлүүлсэн нь өмнөх оны тухайн үеийнхээс 6.5%-иар өссөн үзүүлэлт боловч, орлогын дүн нь 17%-иар багасчээ.

Төмрийн хүдрийн хувьд олон улсын зах зээлд үнэ ханш нь ихээхэн савлагаатай байгаа ч Монгол улсын экспорт биет жингийн хувьд өмнөх оны мөн үеийнхээс 12.4%-иар дээгүүр буюу 2.55 сая тоннд хүрлээ. Харин борлуулалтын үнийн дүнгийн хувьд 96.8 сая доллар байсан нь өмнөх оны мөн үеэс 15.4%-иар танагдсан дүн юм.

Эрдсийн салбарт хамгийн амжилттай үзүүлэлт алтны салбарт гарч байна. Алтны экспортын тухайд мөн хугацаанд 7.1 тоннд хүрч, үнийн дүн нь 280 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс биет жин болон орлогын дүнгээр 76-77%-иар дээшилсэн үзүүлэлтээр тэмдэглэгджээ.

Газрын тосны хувьд олборлолт өмнөх оны мөн үеэс 11 орчим хувиар дээшилж 4.2 сая орчим баррельд хүрсэн ч орлогын хувьд 19%-иар буурч 159.8 сая ам.доллар болжээ.

Бусад эрдэс бүтээгдэхүүнийн тухайд, молибденийн баяжмалийн үйлдвэрлэл нэмэгдсэн ч орлого бүрдүүлэлт нь мэдэгдэхүйц доошилсон бол жонш, тунгстены олборлолт, орлогын дүн аль аль нь буурчээ. Цайрын хувьд олборлолт багагүй нэмэгдсэн ч, орлого бүрдүүлэлт нь өмнөх оныхтой адилхан байв.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт хэдийгээр үнийн дүнгийн хувьд буурч буй ч, биет хэмжээгээр нэмэгдэж буй нь манай улсын эрдсийн салбарт ажиллаж буй компаниуд зах зээлийн хүнд үед зах зээлээ алдахгүйг хичээн ажиллаж чадаж буйг харуулж буй юм.




Б.Төгс