Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Уул уурхайн салбарын орлогын мэдээллийг 21 аймгийн түвшинд харьцуулав


Н.Ариунтуяа

Уул уурхайн салбарын орлогын мэдээллийг 21 аймгийн түвшинд харьцуулсан дүн шинжилгээг The Mongolian Mining Journal энэ дугаартаа бүрэн эхээр нь нийтлэн Уншигч танд хүргэж байна.

The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) тайланг ойлгомжтой болгон мэдээлэх төслийг 2015 онд хэрэгжүүлсэн билээ. GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захиалгаар Баянхонгор, Сэлэнгэ аймгийн түвшинд хийсэн ажлынхаа арга зүй, форматыг илүү далайцтай болгон 2016 онд үргэлжлүүлэв. Энэхүү ажил нь Монгол улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэл тайлангийн мэдээлэлд тулгуурласан ба Баянхонгор, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн түвшинд боловсруулсан юм.  

Байгалийн баялгийн салбарт засаглал, ил тод, хариуцлагатай байдлаа сайжруулахад нь хөтлөн чиглүүлдэг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) олон улсын стандарт болж, өдгөө дэлхийн 50 гаруй улс орон уг дүрмийг даган мөрдөж байна. Хэрэгжүүлэгч улс орнуудад эхнээсээ эерэг өөрчлөлт, үр дүн ажиглагдаж, ард иргэд нь Санаачилгыг ойлгож эхэлж буй нааштай хандлага нийтэд нь байгаа аж. Монгол улс Санаачилгад нэгдээд 10, тайлагнаад 9 жил болж байна.

Асар их тоон мэдээлэл агуулсан баялаг тайланг 9 дэх жилдээ гаргаж буй ч өдгөө ОҮИТБС-ын ач холбогдлыг зөвхөн тайлан гаргахаар хязгаарлалгүй илүү ахьсан түвшинд үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч эхлэв.  

ОҮИТБС-ын ач холбогдол юу болох, ил болгосон мэдээллийг ашиглаж чадаж байна уу, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байна уу, жирийн иргэд, тэр тусмаа орон нутгийн иргэдэд ойлгомжтой байна уу, ашиг тусыг нь хүртэж чаддаг уу гэвэл учир дутагдалтай. Улмаар ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр салбарын засаглал сайжирсан уу, засаглал сайжирснаар ядуурлыг бууруулахад, авлигыг багасгахад ямар хувь нэмэр оруулав гэвэл үнэлэхэд бүр ч  хэцүү. Ил тодын тайлан уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, шинэтгэх хэрэгсэл болж чадах уу, чингэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг нь зайлшгүй хөндөх ёстой асуудал юм. Уул уурхайн компаниуд ч 9 жил тайлан гаргасны эцсийн үр дүн юу болох, Монголын нийгэм дэх асуудлуудыг шийдэж чадаж байна уу гэдэгт эргэлзэх болов. Үр дүнд нь тайлагнагч компанийн тоо 2014 оны тайлангаар буурч, хүрсэн амжилтаасаа ухарч эхэлжээ.
 
Гэхдээ Санаачилгаас үр дүн нэхэх, тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх явдал зөвхөн Монголд бус бусад улс оронд ч хурцаар тавигдаж байгаа аж. Тайланд дүн шинжилгээ хийж байна уу, яаж хийж, түүнийг хэрхэн ашиглаж байна, дүн шинжилгээ хийсэн бол бодлого боловсруулагчид түүнд үндэслэн ямар үйлдэл, шийдвэр гаргаж байна вэ гэдэг нь Санаачилгыг хэрэгжүүлэгч орнуудад нийтэд нь тулгамдаж буй асуудал юм. 

Мэдээллийн дутмаг байдал сөрөг ойлголт, хандлагыг авчирдаг. Олборлолт явуулж буй компани тухайн орон нутагт ямар үйл ажиллагаа явуулж, бүтээсэн баялгаасаа хөгжилд нь ямар хувь нэмэр оруулж, тэр нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлснийг ОҮИТБС-ын тайлан тодорхой харуулах нь чухал билээ. Орон нутгийн иргэд ч олборлох үйлдвэрлэл орон нутагт нь ямар үр нөлөө авчирч байгааг тайлангаас шууд харахыг хүсдэг. Яг тухайн орон нутагт үйл явц хэрхэн өрнөж буйг харах боломжийг тайлангаар нээж өгвөл тайлагнах үйл явцыг тооноос чанарт шилжүүлэх эхний алхам юм.    
 
Үүнд The Mongolian Mining Journal хувь нэмрээ оруулж, ОҮИТБС-ын тайланг иргэдэд ойлгомжтой болгон хялбаршуулан мэдээлэх төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлсэндээ баяртай байна. Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймагт уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй компаниудын тухай, тэдний ирүүлсэн тайланд анализ хийсэн нэг ёсны дэлгэрэнгүй судалгааг Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ, Б.Төгсбилэгт нар бэлтгэв. Уул уурхайн салбарын орлогын мэдээллийг 21 аймгийн түвшинд харьцуулсан дүн шинжилгээг, Сэлэнгэ аймгийн ОҮИТБС-ын тайланг боловсруулсантай хамтатган хүргэж байна. 



Энэ удаад нийгэмд өргөн хэлэлцүүлэг, үйл явдал дагуулах төлөвтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг оросууд Монголд худалдсан талаарх асуудлаар MMJ-ийн сэтгүүлчдийн бэлтгэсэн цогц мэдээлэл Танд сонирхолтой байх болов уу.

Мөн Ази-Европын орнуудын 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг (AСEM) Монгол улс долдугаар сарын 15-16-нд амжилттай зохион байгууллаа. 11 орны Төрийн тэргүүн, 23 Ерөнхий сайд, 13 Гадаад хэргийн сайд болон олон улсын хоёр байгууллагын дарга тэргүүтэй 4000 гаруй төлөөлөгч оролцсон АСЕМ-ын 20 жилийн ойн уулзалтын талаарх дэлгэрэнгүй сурвалжлага, улмаар сонгуулийн дараах гадаадын хөрөнгө оруулалтын хандлага, эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр дэх уул уурхайн зорилтуудын талаарх нийтлэл энэ дугаарт нийтлэгдэж байна. Тухлан уншина уу.