Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Армандо Торрес “Оюутолгой”-н захирлаар томилогдоно

“Рио Тинто” компанийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Австрали, Монгол дахь үйл ажиллагааг хянах, тэр дундаа “Оюутолгой”-н шинэ захирлыг томилохоор болжээ. Ингээд ирэх сарын 1-нд Эндрью Вүүдлэйгийн оронд “Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны салбарт ажиллаж байсан Армандо Торресийг томилохоор болсон байна. Энэ тухай  Австралийн Sydney Morning Herald хэвлэлд мэдээлжээ.

“Рио Тинто”-гийн Мозамбик, Австрали дахь нүүрсний үйл ажиллагааг удирдаж байсан туршлагатай Эндрью Вүүдлэйгийн тухайд 2014 оны аравдугаар сараас хойш бараг хоёр жил шахам хугацаанд “Оюутолгой”-н Гүйцэтгэх захирлын албыг хашсан бөгөөд түүний алба хаасан үед “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт шийдэгдсэн билээ.

Харин шинээр томилогдох Армандо Торресийн тухайд 2011 оны хоёрдугаар сараас “Рио Тинто” компанийн хөнгөн цагааны компанид ажиллаж эхлэн үйл ажиллагаа хариуцсан захирлын албанд хүртэл дэвшин ажиллажээ. Тэрбээр сүүлийн таван сарын турш “Рио Тинто”-гийн Австралазийн бүс нутаг дахь боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм байна. “Рио Тинто” компанитай ажил амьдралаа холбохоос өмнө тэрбээр 2004-2011 оны хооронд АНУ-д төвтэй метал үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани “Alcoa(болон “Alcoa Australia)-д ажиллажээ. Ерөнхийдөө Армандо Торрес нь метал, боловсруулах үйлдвэрийн чиглэлд 25 жилийн туршлагыг хуримтлуулсан хүн юм.  

“Рио Тинто” компани Монгол дахь гол төсөлдөө түүнийг томилж буй явдал нь “Оюутолгой”-н өргөтгөл төсөл хэрэгжихтэй уялдуулан боловсруулах үйлдвэрлэлд мэргэшсэн хүнийг ажиллуулахаар сонгосон хэрэг байж болох юм. “Оюутолгой”-н хувьд гүний уурхайг байгуулснаар баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил давхар өрнөх билээ.

Үүнээс гадна “Оюутолгой”-н шинэ захирлын томилгоо “Рио Тинто” компанийн шинэ захирал Жан Себастьян Жак томилогдсоноос хойш ердөө нэг сарын дараа тохиож байна.

Жан Себастьян Жакийн хувьд Гвиней дэх төмрийн хүдрийн үлэмж төсөл болох 20 тэрбум долларын төсөв бүхий Симандоуг царцаагаад байгаа бөгөөд “Рио Тинто”-гийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгохын тулд маш эрчимтэй ажиллаж байгаа юм.

 


Б.Төгс