Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ураны борлуулалт буурч Cameco алдагдал хүлээв


Уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх Cameco компани хоёрдугаар улирлын тайлангаа мэдээлсэн байна. Уг тайланд дурдсанаар тус компани хоёрдугаар улиралд шинжээчдийн тооцоолж байснаас хавьгүй муу үзүүлэлттэй ажиллажээ.

Канадад төвтэй тус компанийн борлуулалтын биет хэмжээ өнгөрсөн улиралд 37%-иар буурч 4.6 сая фунт /2.1 сая орчим кг/ болсон байна. Үүнээс гадна нэг фунт ураны борлуулалтын дундаж үнэ нь 8%-иар буурчээ.

Ийнхүү Cameco оны хоёрдугаар улиралд 137 сая канад долларын алдагдалтай ажиллалаа. Энэ нь нэгж хувьцаа бүрт 35 канад центийн алдагдалтай ажилласан гэсэн үг юм. Гэхдээ үүний дийлэнх хэсгийг хөрөнгийн үнэ цэнийн бууралт эзэлж байгаа аж.
Нийт орлогын хувьд 17.2%-иар бага буюу 466 сая канад доллар байсан нь шинжээчдийн таамаглаж байсан 572 сая долларын орлогоос илт доогуур гарлаа.

Ийнхүү борлуулалтын хэмжээ буурсны улмаас тус компанийн орлогын үзүүлэлт илт доошилсон болохыг BMO-ийн шинжээч Эдуард Стерк онцолсон байна.

2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд зүүн хойд нутагт болсон хүчтэй цунамигийн улмаас Фукушимагийн атомын цахилгаан станцад осол гарсан нь ураны үнийг сүүлийн таван жилийн турш доод хэмжээнд хүргэсэн билээ.

Зах зээлийн шинжээчдийн зарим нь 2018-2020 оны орчимд ураны үнэ сэргэх хандлагатай болж ирнэ гэж үзэж буй.

Б.Төгс