Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Д.Цогтбаатар: Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжинэ

Америкийн худалдааны танхимын (AmCham) өнөөдөр болсон уулзалтад АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт,  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар уригдан оролцлоо. Энэ үеэр Д. Цогтбаатар гишүүн шинэ Засгийн газрын бизнесийн салбарыг дэмжих бодлого, хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авахаар хийх ажлын тухай өөрийн бодлыг хуваалцав. Уулзалтад АмЧам-ын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.

Д. Цогтбаатар гишүүн Монголын Засгийн газар хэдийгээр шинээр байгуулагдаж байгаа ч гадаад харилцаан дээр өмнөх жилүүдэд баримталж ирсэн суурь үзэл баримтлалаа хэвээр хадгалах болно гэдгийг дуулгасан юм. Мөн сүүлийн жилүүдэд тохиож буй эдийн засгийн уналт нь Монголын хувьд сургамж өгч байна. Сонгуулийн нэг сайн үр дүн нь сүүлийн арван жилд Монголын эдийн засгийг доош нь чангааж байсан популизмыг сонгогчид үгүй гэж хэлж буйг харуулсныг тэрбээр уулзалтад оролцогчдод тайлбарласан юм. Ард иргэд эрдсийн төслүүдэд үндсэрхэг үзлээр хандахыг хүсэхгүй байна. Энэ бол бизнесийнхэнд сайн мэдээ юм. Шинэ Засгийн газар одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн илүү бодитой, эрүүл, тэнцвэртэй бодлого баримтлах хэрэгтэй. Мега төслүүдийг хөдөлгөхийн төлөө шинэ Засгийн газар ажиллах болно хэмээн тэрбээр онцоллоо.

Монгол улс макро эдийн засгийн хувьд амаргүй нөхцөл байдалтай байгааг одоо бүгд мэднэ. Гадаад валютын нөөц доошилж буй, бондын төлбөр төлөлтийн хугацаа хаяанд тулж ирээд буй. Энэ нөхцөл байдалд шинэ Засгийн газар бизнесийг дэмжихийн тулд мэдээж шинэ татвар гаргахгүй бөгөөд одоо байгаа татварын хэмжээг ч нэмэхгүй болохыг гишүүн уулзалтад оролцогчдод дуулгалаа. Түүнчлэн шинэ Засгийн газар аливаа бизнесийг дэмжих бөгөөд 1.5 тэрбум төгрөгөөс доош эргэлттэй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 1 хувь болгох амлалтыг хэрэгжүүлэх тухай тэрбээр ярилаа. Энэ бол МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан байсан амлалтын нэг юм.

Харин АНУ-ын Элчин сайд, хатагтай Женифер Зимдал хэлэхдээ “Энэ удаагийн AmCham-ын уулзалт нь сонгуулийн дараа болж байна. АНУ-ын Засгийн газар Монголын шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа бөгөөд энэхүү түншлэлд AmCham-ийн үүрэг их байх болно. Монголын Засгийн газар хэдийгээр шинээр байгуулагдсан ч тэдэнд тулгарч буй асуудал нь огтхон ч шинэ биш хэвээр байгаа юм.” хэмээн онцоллоо.

Дашрамд дурдахад AmCham нь АНУ-ын элчин сайдын яамтай хамтран Америкийн өдрүүд үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг бөгөөд ирэх есдүгээр сарын 24-25-нд гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.


Б.Төгс