Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Turquoise Hill” 2 дугаар улиралд 330 сая долларын орлоготой ажиллалаа

Өмнийн говьд орших зэс, алт, мөнгөний үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанийн 66%-ийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсанаар тус компанийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэгдүгээр улиралтай харьцуулахад зэсийн хувьд 10%-иар, алтны тухайд 52%-иар тус тус буурчээ. Ийнхүү буурсан нь ил уурхайн хүдрийн агуулгын хэмжээ буурснаас үүдсэн гэж компани мэдээлжээ.

Гэхдээ борлуулсан бүтээгдэхүүний биет хэмжээний тухайд өмнөх улирлаас 7 орчим хувиар өсч 227 мянган тонн баяжмал гадагш нийлүүлжээ. Тус компани энэ онд үйлдвэрлэх баяжмалынхаа худалдааны гэрээг байгуулаад байна.

Орлогын тухайд “Turquoise Hill” компани энэ оны хоёрдугаар улиралд 329.7 сая долларын орлоготой ажилласан нь өмнөх улирлынхаас 22%-иар доошилсон дүн боллоо. Орлогын бууралт нь алтны худалдаа багассанаас голлон шалтгаалжээ. Гэхдээ тус компани 30 сая долларын ашигтай ажилласан нь өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 4.9 сая доллараар илүү байна.   

Оюутолгойн роялтийн хэмжээ хоёрдугаар улиралд 18.5 сая ам.доллар байсан нь эхний улирлаас18.5%-иар буурчээ.

Харин зардлын тухайд Оюутолгойн нэг тонн зэс үйлдвэрлэлийн зардал тонн тутамд 3500 орчим ам.доллар /нэг фунт тутамд 1.55 ам.доллар/ байсан байна.

Далд уурхайг 2021 онд ашиглалтад оруулахаар “Оюутолгой” компани ажиллаж байгаа бөгөөд уг ажилд хамгийн чухал хамтрагчаар “Jacobs Engineering компанийг өнгөрсөн зургаадугаар сард сонгон гэрээ байгуулаад байгаа билээ. Мөн “Тийсс”, “Хишиг Арвин” компанийг далд уурхайн бүтээн байгуулалтад хамтрахаар сонгосон нь ихээхэн чухал үйл явдал болсон юм.

Turquoise Hill” компанийн бэлэн мөнгөний хэмжээ зургаадугаар сарын 30-ны байдлаар 1.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ оны үйл ажиллагааны зардал нь 840 сая ам.доллар байх тухай тус компани мэдээллээ.



Б.Төгс