Хятад улс нь байгалийн хийн импортоо 2030 он гэхэд жилд 190-270 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байна. Энэ тухай тус улсын төрийн өмчит CNPC корпорацийн олон улсын хэлтсийн захирал Лю Юэцян мэдэгджээ.
2015 онд Хятад улсын байгалийн хийн хэрэглээ 200 тэрбум шоо метр байхад ердөө 54 тэрбум шоо метр байгалийн хий импортолсон аж.
Тус улсын эдийн засгийн өсөлт удаашрах хандлага ажиглагдаж байгаа хэдий ч ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжих бодлогын хүрээнд байгалийн хийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэнэ гэж Лю Юэцян мэдэгдэлдээ онцолсон байна.
2014 онд CNPC корпораци нь Оросын “Газпром” компанитай 30 жилийн турш Хятад руу жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх гэрээг байгуулсан билээ. Одоогийн байдлаар төслийн хүрээнд байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалт хийгдэж буй.
Хятад улсын байгалийн хийн компаниуд түүхий эд нөөцлөх асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа юм. Тус улсын газрын тос, байгалийн хийн “Sinopec” корпораци нь Хятад улс дахь байгалийн хий дамжуулах томоохон хоолойн 50%-ийг худалдах тухайгаа мэдээлжээ. Энэ нь Пугуан ордоос байгалийн хийг баруун урд зүгийн бүс нутаг руу нийлүүлэх “Сычуань-Дорнод Хятад” хоолой юм.
“Сычуань-Дорнод Хятад” хоолой нь 2010 онд ашиглалтад орсон бөгөөд жилд 12 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай.
Уг наймаанаас 15 тэрбум юань буюу 2,3 тэрбум ам.долларын ашиг олно хэмээн “Sinopec” корпораци тооцоолж буй. Тус орлогоо байгалийн хий нөөцлөх шинэ байгууламж барихад зориулах аж.
Э.Од