Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны цахим хуудсыг ар гэрийнхнээс нь эрхлэн гаргаж өнөөдөр нээж байна. Эрхлэгчийн маань мэндэлсэн 8 дугаар сарын 7-ны энэ өдрийг тохиолдуулан www.bolormaa.mn албан ёсны цахим хуудсыг нь олонд дэлгэн түүний үнэнч уншигчдад ийнхүү толилуулж байна.
Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн хүч оюунаа зориулан, нийгмээ соён гэгээрүүлэх үйлсэд онцгой гавьяатай ажилласан олон эрхэм сэтгүүлчийн нэгэн тод төлөөлөл нь Болормаа эрхлэгч маань билээ. Түүний сэтгүүл зүйн салбарт зүтгэсэн, тэр дундаа өөрийнх нь үүсгэн байгуулж, салбарын гол хэвлэл болтол нь хөгжүүлсэн “Mongolian Mining Journal” уул уурхайн сэтгүүлд болон Baabar.mn дэх өөрийн хуудаснаа нийтэлж байсан, 2008-2015 оныг хүртэлх улс төр, нийгэм, эдийн засгийн сэдэвт шилдэг бүтээлүүдийг нь уншигч түмэндээ нэгтгэн хүргэж байна.
Bolormaa.mn цахим хуудсыг нээснээр Болормаа эрхлэгчийн бүтээсэн үйл хэргийг мөнхжүүлж буйгаас гадна сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өрнөсөн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэх боломжийг уншигч олонд хүргэж байгаа юм. Түүнчлэн Монголын шинэ залуу сэтгүүлчид, сэтгүүлчийн ангийн оюутнуудад бүтээлүүдийг нь нэг дороос судалж, мэдлэг чадвараа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлснээрээ уг шилдэг бүтээлүүдийг архивласан цахим хуудас ихээхэн чухал ач холбогдолтой юм.
Болормаа эрхлэгчийн маань цахим хуудаснаа түүний бүтээлийн цоморлигоос гадна сэтгүүл зүйн салбарт зүтгэж ахуй үеийнх нь дурсамжтай гэрэл зураг, дүрс бичлэг, нэвтрүүлгийг оруулж өгсөн нь тэрбээр бидний дунд ямар эгэл даруухан хэрнээ цогтой, амжилттай ажиллаж, амьдарч байсныг бага ч атугай бодитоор харуулахуйц болж чадсан хэмээн бид бүхэн найдаж байна. Эрхлэгч маань Монголын сэтгүүл зүйн салбарт бүтээн туурвисан гойд чанартай нийтлэл нэвтрүүлгүүд, мэргэжилдээ үнэнч шударга, чин сэтгэлээр хандсан хөдөлмөр зүтгэлээрээ нийтлэлийн чанарын дээд жишиг, баларшгүй мөнхийн урам зоригийг мэргэжил нэгт нөхдөдөө, хойч үеийн сэтгүүлчдэдээ тод мөртэйгөөр үлдээж чадсан. Тэр гарамгай сэтгүүлч байхын хамтаар хамт олон биднийхээ үлгэр дууриал-манлайлагч, хайртай үрсийнхээ ачлалт ээж байсан юм.
Түүний үлдээсэн тэр гэрэлт урам зориг, бахархам үлгэр жишээ Монголын сэтгүүл зүйн салбарт үеийн үед цэцэглэн бадамлаж, ээл ивээлээ өгсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна. Монголын сэтгүүл зүйн салбар мөнхөд хүчтэй оршиж, сэтгүүлчдийн үг нь үнэн, үзэг нь хурц байх болтугай!
Гэр бүл, хамт олноос нь