Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

АДБХОБ: Шинэ төмөр замын төсөлд хамтрах боломжтой


Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандиан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзсан бөгөөд Монгол-Хятад-Оросын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтын төслүүдийн талаар судалж, хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. 

Тэрээр энэ сарын 10-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК дээр ажлын уулзалт хийлээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнбаяр, Дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандиан тэргүүтэй банкны төлөөлөгчдөд Төмөр замын бодлогын 1 болон 2 дугаар үе шатанд баригдах 1800 км орчим төмөр замын дэд бүтцийг барих, санхүүжүүлэх, ашиглах зорилго бүхий ”Шинэ төмөр зам” төслийн талаар танилцуулга хийлээ.

Түүнчлэн компанийн зүгээс тухайлан анхаарч байгаа Зүүн босоо тэнхлэгийн буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, төслийг санхүүжүүлэх чиглэлээр банктай цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Д.Ж.Пандиан төслийн төмөр замын талаар хийгдсэн судалгааны ажлуудыг АДБХОБ-ны техникийн мэргэжилтнүүдээр судлуулан, цаашид тус банкны тухайлсан шаардлагуудыг хангахуйц баримт бичгийг боловсруулах чиглэлээр “МТЗ” ТӨХК-д техникийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах боломжтой гэв.

Эх сурвалж: mtz.mn