Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 4.37 тэрбум ам.доллартай тэнцэж, экспорт 2.5 тэрбум доллар, импорт 1.8 тэрбум доллар болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт бараа эргэлт 12.9%, экспорт 9.6%, импорт 17%-иар тус тус буурсан гэсэн үг юм.
Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспорт 11 сая тоннд хүрсэн нь биет хэмжээний хувьд өмнөх оны мөн үетэй жишихэд 35%-иар өссөн бол орлогын үзүүлэлт 337 сая доллар болж, 5%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа.
Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний долоон сарын байдлаар 950 мянган тонн баяжмал гадагш нийлүүлж, 1 тэрбум 37 сая доллар олсон нь биет хэмжээний хувьд 21%-иар өссөн ч орлогын хувьд 23%-иар буурлаа. Боловсруулсан цэвэр зэсийн экспорт мөн хугацаанд 7.3 мянга орчим тонн, орлого 33 орчим сая ам.доллартай тэнцсэн нь жин, үнийн дүнгийн тухайд хоёул буурсан үзүүлэлттэй гарлаа.
Төмрийн хүдэр ба баяжмалын экспорт оны эхний долоон сард биет хэмжээгээр 3.1 сая тонн, үнийн дүн нь 120 сая ам.доллар болсон нь жингийн хувьд 16%-иар нэмэгдсэн ч орлого 10%-иар доошилсон дүнтэй байна.
Газрын тосны экспорт оны эхний долоон сарын байдлаар 4.8 орчим сая баррельд хүрч 186 сая долларын орлоготой байсан нь жингийн хувьд 6%-иар өссөн ч үнийн дүнгээр 20.5% танагджээ.
Харин алтны экспорт бусад эрдсийг бодвол худалдааны хамгийн сайн үзүүлэлттэйгээр хошуучилж байгаа юм. Улсын хэмжээнд алтны экспорт оны эхний долоон сард 8.5 тонныг гадагш нийлүүлж, 341.5 сая долларын орлого оруулсан нь жингийн хувьд 84%, үнийн дүнгийн тухайд 90 орчим хувиар өссөн байна.
Бусад эрдсийн хувьд тухайлбал молибденийн экспортын биет хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад өссөн ч, орлогын дүн нь харин буурлаа. Цайрын экспорт биет хэмжээгээр өссөн бол орлогийн хувьд өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.
Жонш, гянтболдын хүдэр, баяжмалын хувьд экспортын биет хэмжээ, орлогын дүн хоёул доошилсон дүнтэй байна.
Оны эхний долоон сарын байдлаар экспортын орлогын дүнгээр нь ашигт малтмалын бүтээгдэхүүнүүдийг эрэмбэлэх юм бол зэс тэргүүлж, алт хоёрдугаарт орж байгаа бол нүүрс, газрын тос, төмрийн хүдэр удаалж байна.
Б.Төгс