Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Монгол”-ын хөрөнгө 10 тэрбум долларт хүрэх боломжтой

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өчигдөр компанийнхаа 2015-2017 оны “Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг танилцууллаа. Тус шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр компанийн удирдаж буй хөрөнгийн хэмжээ өнөөдрийнхөөс 10 дахин нэмэгдэж 10 тэрбум долларт хүрэх боломжтой хэмээн Б.Бямбасайхан захирал онцлов.

Өнгөрсөн хугацаанд “Темасек холдинг”, “Женерал Электрик”, “Рио Тинто”, “Би Эйч Би Биллитон” зэрэг дэлхийд тэргүүлэх томоохон компаниудын стратеги, үйл ажиллагааны загваруудад суурилж “Эрдэнэс Монгол” компанийн бизнесийн загварыг төгөлдөршүүлэхэд зайлшгүй шаардлагатай “Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлж байгаа аж.

“Эрдэнэс Монгол” компани нь “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшдэг. Эдгээр компанид нийт 10 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа. Үүн дээр ханган нийлүүлэгч компаниудын 40 мянган ажлын байрыг нэмбэл тус компани Монголын хамгийн том ажил олгогч болж байгаа юм. Үүнээс гадна 2012-2015 онд нэгдэл компанийн хэмжээнд 1.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр ирэх 6 жилд 3.3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.

Энэхүү “Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрнст энд Янг” компаниар “Эрдэнэс Монгол” болон охин компаниуддаа аудит хийлгэж, нэгдэл компанийн хэмжээнд олон улсын санхүүгийн тайлагналын стандартыг нэвтрүүлж, нэгдсэн санхүүгийн нэг тайлантай болсон байна. Мөн Азийн хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, ТӨК-ийн цогц удирдлагын системийг бий болгох ажлыг эхлүүлжээ.

“Эрдэнэс Монгол” компани байгалийн нөөцийг зохистой удирдаж, уул уурхайгаас гадна дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, дэлхийд өрсөлдөх компани болох зорилготой. Ерөнхий сайд маань хэд хоногийн өмнө Монгол улсын хэмжээнд бэлэн болсон ТЭЗҮ-тэй, хэрэгжүүлэх том төсөл алга байна гэж мэдэгдсэн. Хэрэв бид цогц удирдлагын системээ бүрэн хэрэгжүүлбэл, том төслүүдийн ТЭЗҮ боловсруулах, хэрэгжүүлэх гэх зэрэг бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хийх чадвартай болно” хэмээн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан онцолсон юм.

С.Болд