Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Moody’s металын зах зээлийн төлөвийг “тогтвортой” гэж үзэв

Зээлжих зэрэглэл тогтоодог, АНУ-д төвтэй Moody’s агентлаг гол металын салбарыг сөрөг гэсэн үнэлгээнээс тогтвортой болгож өөрчлөв. Төлөвийг ийнхүү өөрчлөхдөө Moody’s металын салбарын бизнесийн ирэх 12-18 сарын байдлыг шинжин ийн дүгнэжээ. Дунд хугацаанд металын үнэ ханш одоогийнхоос илүү доогуур түвшинд очихгүй гэж Moody’s хамгийн сүүлд гаргасан металын зах зээлийн талаарх тайландаа онцолжээ.

Гэхдээ үүний зэрэгцээ ойрын хугацаанд хөнгөн цагаан, зэс, цайр, никелийн зах зээлийн ханш төдийлөн өсөхгүй болов уу гэсэн таамаглалыг Moody’s тэмдэглэжээ.

Ийнхүү металын зах зээлийн төлөвийг “тогтвортой” болгож өөрчилсөн явдал нь Хятадын эдийн засгийн байдал тогтворжиж эхэлж буйтай холбоотой ажээ. Тус улсын Засгийн газрын эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ, тухайлбал дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бодлогын хүүгийн бууралт, банкуудын хөрөнгийн шаардлагатай доод үлдэгдлийг бууруулах зэрэг нь цаашид металын зах зээлийг дэмжих гол хөдөлгөгч байна гэж Moody’s тайлбарлалаа.

Хэдий Moody’s металын салбарын төлөвийг дээшлүүлсэн ч тус агентлагийн тэргүүн дэд ерөнхийлөгч Кэрол Кован металын зах зээл дор хаяж 2018 он хүртэл амаргүй байх болно гэж үзэж байна. Тэр үед зах зээлийн эрэлт нийлүүлэлт харьцангуй ижил түвшинд очих болов уу гэсэн таамаглал шинжээчдийн дунд түгээмэл байгаа юм. 

Moody’s агентлагийн хувьд 2015 оны нэгдүгээр сард металын салбарын төлөвийг тогтвортойгоос сөрөг болгон доошлуулж байсан юм.

 

Б.Төгс