Нью-Йоркийн бирж дээр өчигдөр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн зургаан долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод ханшид хүрч нэг тонн нь 4690 ам.доллар болжээ. Энэ нь хүрэн металын зах зээл дэх нийлүүлэлт нэмэгдэж, уурхайн үйлдвэрлэлийн тасалдал харьцангуй бага гарч буйтай холбоотой.
Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 4732 ам.доллараар хаагдсан байна. Энэ нь сүүлийн хоёр сар орчмын хугацаан дахь хамгийн доод үнэ юм.
Зах зээлийн нийлүүлэлт талд Freeport, Glencore зэрэг томоохон тоглогчид зарим уурхайн үйлдвэрлэлээ танаад байгаа ч нөгөө талд Перу, Мексик, Канад дахь томоохон уурхайнуудын үйлдвэрлэл нэмэгдэхээр байна. Зарим нь аль хэдийнэ үйлдвэрлэлд шилжээд буй юм. Тухайлбал Перу дэх Хятадын хөрөнгө оруулалттай Las Bambas уурхай энэ жил ашиглалтад орсноор жилдээ 250-300 мянган тонн зэс үйлдвэрлэхээр байна. Тус уурхай 2017 онд нийтдээ 400 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжих төлөвтэй байгаа юм. Түүнчлэн Freeport компанийн Перу дэх Cerro Verde уурхайн хүчин чадлыг 270 мянган тонноор нэмэгдүүлснээр уурхайн үйлдвэрлэл аль хэдийнэ үлэмж хэмжээгээр нэмэгджээ.
Morgan Stanley банкны тооцоолж буйгаар оны сүүл хагаст уурхайн үйлдвэрлэлийн тасалдал доголдол тооцоолж байснаас бага хэмжээтэй байх аваас зэсийн нийлүүлэлт өмнө тооцоолж байснаас 230 мянган тонноор нэмэгдэхээр байгаа ажээ. Энэ нь зэсийн үнийн төлөвийг бууруулах нөхцөл болно гэж тус банк тайлбарлажээ.
Оны эхний долоон сарын байдлаар дэлхийн зэсийн зах зээл дэх эрэлтийн 40 гаруй хувийг эзэлдэг Хятад улсын зэсийн баяжмалын импорт 9.4 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36%-иар нэмэгдсэний сацуу цэвэр зэсийн импорт мөн хугацаанд 3.1 сая тоннд хүрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад бараг 20%-ийн өсөлт юм байна. Гэхдээ Хятадын импортын эерэг мэдээлэл зэсийн үнийн төлөвт төдийлөн сайн нөлөө үзүүлж чадахгүй байгаа юм. Учир нь ойрын хугацаанд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ өндөр байх төлөвийн тухай таамаглал зах зээл шинжээчид болон хөрөнгө оруулагчдын дунд бат суусан нь сүүлийн үеийн мэдээллээр улам нотлогдсоор байна.
Б.Төгс