Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбар буюу “АмЧам Монголиа”-гийн өнөөдрийн хурал дээр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүрэлцэн ирж, эдийн засгийн хүндрэлтэй үед авч хэрэгжүүлэх Монголын Засгийн газрын төлөвлөгөөний талаар хуралд оролцогчдод товч мэдээлэл хүргэлээ. Тэрбээр Монголын Төр улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой бодлого баримталж ажиллахыг мэдэгдээд, Монголын Засгийн газар дөрөв, таван хэсэгт хуваагдаад буй улсын төсвийг нэгэн дээвэр дор нэгтгэж, ил тод болгох талаар танилцууллаа.
Үүнээс гадна Засгийн газар нийтдээ
найман төрлийн татвар нэмэгдүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан тухай тэрбээр
хэллээ. Найман төрлийн татвар нэмэгдүүлэх жагсаалт дунд Монголбанкинд тушаах алтны
роялтийн хэмжээг одоо байгаа 2.5%-иас 5% болгож нэмэгдүүлэх санал багтаж байна.
Одоогийн байдлаар бусад төрлийн ашигт малтмалд дунджаар 5%-ийн роялти ногдуулж
байгаа бөгөөд алтных ч адил түвшинд байх ёстой гэсэн зарчмыг баримталж буйг
тэрбээр тайлбарлалаа. Гэхдээ энэ саналыг УИХ баталсны дараа хүчин төгөлдөр
болох юм. Өндөр орлоготой буюу сард 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн
орлогын татварыг 25% болгож нэмэх, архи, тамхи, хөдөлгүүрийн багтаамж ихтэй
автомашин болон тансаг зэрэглэлийн машины онцгой албан татварыг нэмэгдүүлэх гэх
мэт татвар нэмэгдүүлэх саналууд нь үндсэндээ жирийн иргэдэд огт нөлөөлөхгүй
бөгөөд дээгүүр орлоготой хэсэгт л ногдохоор байгааг тэрбээр онцоллоо.
Эх сурвалж: Монгол банк
Төрийн эрх барьж буй МАН-ын хувьд хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн тогтвортой бодлого баримтлах замаар “бэлэг барина” гэдгээ удаа дараа мэдэгдэж буй. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй алхмын тоонд Ерөнхий сайдын дэргэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд Хөрөнгө оруулалтын чиглэлээр тусгай зөвлөл байгуулж байгаа юм байна. Ирэх хоёр долоо хоногийн хугацаанд тус зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрэм журмыг цэгцлэх юм байна.
Өнөөдрийн хуралд АНУ-ын Элчин Сайдын Яамны дэд тэргүүн Мануэл Микаллер хүндэт зочноор оролцож, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Ерөнхий захирал Стив Поттер зочин модератораар ажиллалаа. Хуралд “АмЧам”-ын гишүүд болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн нийт 60 гаруй хүн ирж оролцлоо.
Б.Төгс