Ярилцсан С.Болд-Эрдэнэ
(Жич: Энэхүү ярилцлага нь Mongolian Mining Journal сэтгүүлийн 6 дугаар сарын дугаарm хэвлэгдсэн болно.)
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Та Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд шийдэж хэрэгжүүлсэн ажил чамлалтгүй байгаа байх?
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2015 оны 11 дүгээр сард томилогдсон. Компанид гэрээ хэлцэл, өр төлбөр зэрэг хууль эрх зүйн асуудалтай холбоотой хуримтлагдсан асуудал олон байгаагаас гадна үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаатай холбоотой шийдвэрлэх шаардлагатай ажлууд ч их байсан.
Энэ албан тушаалд томилогдсоноос хойш үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах, гэрээ эрх зүйн болон өглөг авлагатай холбоотой асуудлуудыг том жижиг гэлтгүй шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллaлаа.
“Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн үйл ажиллагаа, олборлолт, борлуулалт ямар байна вэ?
Энэ жилийн хувьд манай компани 10 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хоногт 500-700 тээврийн хэрэгслээр нүүрсний экспортыг тасралтгүй хийж байна. 2016 он гарсаар Гашуунсухайтын боомтоор нийтдээ 3.3 сая тонн нүүрс экспортод гарсны 80 гаруй хувийг манай компанийн нүүрс эзэлж байгаа. Нүүрсний зах зээл, борлуулалттай холбоотойгоор Баруун Цанхийн үйл ажиллагааг түр зогсоосон боловч олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун, зүүн уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт олборлосон нүүрсний хэмжээ энэ 6 дугаар сарын сүүлээр 20 сая тонн болно. Эдийн засгийн таагүй энэ үед бид бүхэн аль болох зардлаа бууруулж, ашигтай ажиллах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнгөрсөн 5 жилийн хугацаанд 243.8 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төсөвт төвлөрүүлсэн ба дотоодын аж ахуйн нэгжүүдээс нийт 1.05 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
“Чалко”-гийн гэрээ байгуулагдаад бараг 4 жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэрээг байгуулж байхад тонн нүүрсний үнийг 70 ам.доллараар тооцсон гээд шүүмжилж байв. Гэрээг сайжруулна гээд дордуулсан гэж шүүмжилдэг. Одоо ямар үнээр нүүрсээ зарж байгаа вэ? Энэ нь “Чалко”-гийн гэрээг өөрчилсний үр дүнд бий болж байгаа үнэ үү, эсвэл анх байгуулсан гэрээний дагуу индекс нь ингэж таарч байна уу?
“Чалко”-гийн гэрээг хүмүүс сайн, муу олон талаас нь ярьдаг. Өнөөдрийн байдлаар “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу II дугаар улирлын индексээр нэг тонн коксжих нүүрсийг 24.4 ам.доллараар борлуулж байгаа. Удахгүй III улирлын үнээр нүүрсээ борлуулж эхэлнэ. Үнэ харьцангуй өсөлттэй байх эерэг дүр зураг харагдаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд гэрээний үнийг нэмэгдүүлэх, индексийг сайжруулах, гэрээг хоёр талд харилцан ашигтай байдлаар өөрчлөх зэргээр нэмэлт, өөрчлөлт оруулах ажил тодорхой үе шаттайгаар хийгдэж ирсэн. Одоо талууд гэрээг тогтвортой мөрдөх, гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар урьдчилгаа төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллаж байна. Мэдээж гэрээг илүү сайжруулах, үнийг бага ч гэсэн нэмэгдүүлэх тал дээр бүхий л боломжоороо ажиллаж байна.
Ер нь “Чалко”-гийн гэрээний гол онцлог нь хоёр талын тохирсон үнийн индекс бөгөөд Цанхийн Зүүн уурхайн зөвхөн 4 дүгээр давхаргын коксжих нүүрсэнд зориулагдсан байдаг. Удахгүй 3 дугаар давхаргын нүүрсийг олборлож эхлэх тул шинээр үнийн индекс тохирч, нүүрсээ зарах арга замыг эрэлхийлж байна. Мөн хуримтлагдсан эрчим хүчний нүүрсийг борлуулахаар ярилцаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Чалко” компани болон Хөгжлийн банк, арилжааны банкуудад хэдий хэмжээний өр, зээлтэй вэ?
Одоо арилжааны банкуудад ямар нэгэн өр төлбөр байхгүй болсон. Хамгийн сүүлд Хаан банкинд 5 сая долларын зээлийг төлж дууссан. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдэд 60 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсны ихэнх хэсгийг төлж барагдуулсан.
“Чалко” компанид 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 121.2 орчим сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн өртэй байсан. Өнөөдрийн байдлаар 111 сая ам.долларын үлдэгдэлтэй. Энэ жил ойролцоогоор 50 орчим сая ам.доллар төлнө гэсэн төлөвлөгөөтэйгээр олборлолт, тээвэрлэлт, борлуулалтаа хийж байна. “Чалко”-гийн урьдчилгаа төлбөр жилийн 10 гаруй хувийн хүүтэй, сард дунджаар 900 мянга орчим ам.долларын хүү төлж байна. Энэ үүднээс урьдчилгаа төлбөрийг хурдан төлж барагдуулах шаардлагатай байгаа. 2016, 2017 онд төлж барагдуулах бүрэн боломжтой гэж тооцож байна. Мөн Хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын зээлийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаар ажиллаж байна.
“Чалко” компанийн өрнөөс энэ жил 50 сая долларыг төлөх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Энэ өрийг дарж чадахгүй удаж буйн шалтгаан юу вэ?
“Чалко”-гийн гэрээ байгуулагдаад дөрвөн жил болж байна. Хэд хэдэн шалтгааны улмаас хоёр тал гэрээгээ тогтвортой хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Нэгдүгээрт, зах зээлийн нөхцөл байдал муудсан. Хоёрдугаарт, нүүрсний чанарын маргаан гарсан тул тодорхой хэмжээгээр нүүрсний нийлүүлэлт саатсан. Нөгөө талаас гэрээнд талууд хэдэн тонн нүүрс нийлүүлэх болон худалдан авах хэмжээг тодорхой заагаагүй байсан. Мөн нүүрс олборлогч гэрээт компанийн өртөг зардал өндөр байсны улмаас гэрээг сайжруулж, шинэчлэх ажилтай холбоотойгоор олборлолтын үйл ажиллагаа түр зогссон зэрэг хүчин зүйлүүд бий.
Цанхийн баруун уурхайн олборлолтын ажил яагаад эхлэхгүй байгаа юм бэ?
Цанхийн баруун уурхайг ашиглах нь компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх санхүүгийн гол эх үүсвэр байдаг. Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө бид хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байсан. Нэгдүгээрт, нүүрсний үлдэгдэл овоолгуудыг борлуулах, хоёрдугаарт, зах зээл дэх нүүрсний үнийн өсөлтийг хүлээх, гуравдугаарт найдвартай худалдан авагч олох зэрэг асуудлууд байсан. Баруун Цанхийн үйл ажиллагаа удахгүй эхэлнэ. Цаашид бид борлуулалтад тулгуурласан олборлолт хийж, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид хүргэхээр зорьж байна.
“Саусгоби Сэндс” компанийн 20 тэрбум төгрөгийн өрийг танайд хөрс хуулалт хийлгэж төлүүлэхээр Засгийн газраас шийдвэр гарсан. Энэ юу болсон бэ?
Засгийн газраас тодорхой шийдвэр гарсан. “Саусгоби Сэндс” ХХК-ийн улсад төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийг Тавантолгойн уурхайд олборлолтын ажлыг зах зээлийн үнээс хямд үнээр гүйцэтгүүлэх замаар барагдуулах арга хэмжээ авч, улсын төсөвт зохих төлбөрийг төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газар энэхүү татварын үлдэгдлийг богино хугацаанд барагдуулах боломжтой гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан болов уу.
Нөгөө талаасаа бидэнд гэрээт олборлогч компанийг аль болох хямд үнээр ажиллуулах хүсэл бий. “Саусгоби Сэндс” компани манай уурхайд зах зээлийн үнээс хямд 5900 төгрөгөөр нэг м3 уулын цулын ажлыг гүйцэтгэх санал ирүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилийн олборлогч компанийн үнээс бага байгаа бөгөөд хямд өртгөөр ажил гүйцэтгүүлэх нь компанид хэмнэлт бий болгоно. Энэ үүднээс Засгийн газрын шийдвэрийг зөв гэж үзэж байгаа. Мөн олборлолтыг бага үнээр хийх нь ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллах бусад олборлогч компаниудын хувьд жишиг болно гэж харж байна.
“Саусгоби Сэндс” компани Засгийн газарт төлөх өр, төлбөрөө барагдуулсны дараагаар Тавантолгой ордод гэрээт олборлогчоор үргэлжлүүлэн ажиллах уу?
Засгийн газрын тогтоолд өр төлбөрийг энэ оны 3 дугаар улиралд багтааж барагдуулахаар заасан. Энэ хугацаанд ажил нь хийгдэж дуусна. Цаашид энэ ажлыг хийх чадвартай хямд үнийг санал болгосон компанитай л хамтран ажиллах болно.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилт тодорхойгүй байна. Энэ төмөр замын асуудлыг шийдвэрлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК ямар түвшинд оролцох ёстой вэ?
“Монголын төмөр зам” ХК-ийг төмөр замын санхүүжилтийг босгохоор ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Бид төмөр замын бүтээн байгуулалтын төсөлтэй үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор Хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн төмөр зам ашиглалтад ороход бид 20-30 сая тонн нүүрсийг олборлож, экспортлох хүчин чадалтай байх нь чухал. Энэ нь төмөр замын санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг болно гэж харж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ сорчилж зарж байгаа гэсэн яриа бий. Миний ойлгож байгаагаар одоо чанарын хувьд сайн биш нүүрсний давхарга руугаа орж байгаа байх. Нүүрсээ үнэд хүргэж, нэмүү өртөг шингээж зарах талаар ямар ажил хийж байна вэ?
Бидний хувьд нүүрсээ сорчилж олборлосон зүйл байхгүй. Манай олборлолт технологийн дагуу батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд явагдаж байгаа. Гагцхүү зах зээл, дэд бүтцээс хамаарч ТЭЗҮ-д тусгагдсан хэмжээнээс бага олборлож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ойрын 5-10 жилийг харж,төлөвлөлтийн дагуу олборлолтоо хийдэг.
Компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсийг баяжуулж борлуулах зорилт тавьж байгаа. Бид энэ зорилтыг өнөөдөр тавьж байгаа юм биш. Байгуулагдсан цагаасаа л боловсруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, төсөл хэрэгжүүлж ирсэн. Өмнө нь “Энержи Ресурс” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт нүүрс баяжуулах туршилт хийж байсан. Мөн гадны компаниар жилд 20 сая тонн нүүрс баяжуулах ТЭЗҮ боловсруулж ЭБМЗ-өөр батлуулсан байдаг. Гэхдээ уг үйлдвэрийн хөрөнгө оруулалт өндөр байсан тул ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Одоо бид хөрөнгө оруулалт бага байх бусад хувилбаруудыг идэвхтэй судалж байгаа, ойрын хугацаанд сонголтоо хийнэ.
Эдгээрээс гадна нүүрсийг хуурай аргаар баяжуулах чиглэлээр хэд хэдэн компанитай судалгааны ажил хийсэн. Тухайлбал, Японы “Нагата Инженеринг” компанитай хамтарч байгаль орчинд сөрөг нөлөө багатай нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр барих ажлыг эхлүүлээд явж байна. Мөн БНСУ-ын “Ханбит” компанитай хамтран жилд 1.2 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах загвар төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
“Энержи Ресурс” ХХК-ийн туршилтын үр дүн яаж гарсан бэ? 15 сая тонны хүчин чадалтай угаах үйлдвэр сул шахуу зогсож байна. Үүнийг ашиглах талаар яригдаж байсан ч үр дүн алга. Та Г.Батцэнгэл захирлын манай сэтгүүлд өгсөн ярилцлагыг уншсан байх. Үнэхээр асуудал танайд байна уу?
Нүүрсийг угааж баяжуулахад хамгийн гол нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх ёстой. Туршилтын үр дүнд Цанхийн хэсгийн 4 дүгээр давхаргын нүүрсийг Ухаахудагийн хэсгийн нүүрстэй хольж угаахад баяжмалын гарц нь 72.3%-тай байсан. Нүүрсний баяжмалын гарц бага байсан нь нүүрсийг түүхийгээр борлуулах зардлуудтай харьцуулахад эдийн засгийн хувьд үр ашиг багатай байна гэж үзээд тодорхой хугацаанд нүүрсээ түүхийгээр борлуулах нь зүйтэй гэж шийдсэн.
Гэхдээ Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон Ашигт малтмалын тухай хуульд баяжуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох тухай заалт байгаа шүү дээ?
Хуульд заавал баяжуулах ёстой гэсэн зохицуулалт байхгүй. Гэхдээ нүүрсээ баяжуулах нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэн тэргүүний зорилго мөн. Тэр ч үүднээс бид баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгааг дээр дурдсан. Өнөөдрийн байдлаар хил орчмын зах зээл дээр угаасан нүүрснээс илүү түүхий нүүрс авах сонирхол их байна. Нөхцөл байдал ийм байхад баяжуулсан нүүрсийг өндөр үнээр зарах нь ихээхэн хүндрэлтэй, мөн цаг хугацаа, тэвчээр шаардсан ажил юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон туслан гүйцэтгэгч компаниуд хамтдаа жилд 150 тэрбум гаруй төгрөгийн татварыг улсын төсөвт төлж байна. Хэрвээ бидний нүүрс борлогдохгүй, үйл ажиллагаа доголдож сул зогсолт хийх юм бол татварын орлого, цаашлаад хэдэн мянган ажлын байр байхгүй болно.Тиймээс бид компанийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, гарч болох эрсдэлийг тооцоолох нь чухал юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газар эхний ээлжинд худалдан авах шийдвэр гаргалаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
Энэ бол Засгийн газрын баримталж байгаа бодлого. Энэ үйл явц нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг богино хугацаанд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалах шаардлагатайг харуулж байна. Бид хувьцаагаа арилжаалахтай холбоотой бэлтгэл ажлыг өмнө хийж байсан. Одоо ч шаардлагатай ажлуудыг хийж байгаа.