Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон БНХАУ-ын “Smart Oil investment” компани хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ёслол өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. Гэрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт, “Smart Oil investment” компанийн Ерөнхийлөгч Жоу Жин Мин нар гарын үсэг зурав.
Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах сумдыг хамрах 11630 км.кв талбай бүхий “Эргэл XII” талбайд ашиглалт явуулах компанийн сонгон шалгаруулалтыг 2014 онд олон улсад нээлттэй зарласан бөгөөд БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Smart Oil investment” компани шалгарсан юм.
Тус компани нь “Эргэл XII” талбайд хайгуул явуулах 8 жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул, 1000 тууш км 2 хэмжээст, 100 кв.км талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээс гадна хайгуул, үнэлгээний 8 цооног өрөмдөх зэрэг нийт хайгуулын ажилд 35,5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд 1 сая ам.доллар зарцуулах юм байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт
“Монгол улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Smart Oil investment” компани хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгох 53 дугаар тогтоол батлагдан гарсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт, хайгуулын ажил багассан өнөө үед хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэсэн, хайгуулын ажлаа сайтар төлөвлөсөн компанитай гэрээ байгуулж байгаа нь Монгол улс дахь газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол улсын газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах томоохон алхам гэж үзэж байна.
Гэрээний дагуу “Smart Oil investment” компани нь 8 жилийн хугацаанд “Эргэл XII” талбайд хайгуулын ажил явуулахдаа нийт 35,5 сая ам.доллар зарцуулна. Энэ нь хайгуулын ажилд зарцуулах хамгийн доод хэмжээ юм. Компанийн зүгээс хөрөнгө оруулалтыг 100% өөрсдөө хийх бөгөөд хайгуулын явцад газрын тос илэрсэн тохиолдолд ашиглалтын асуудал яригдана. Ашиглах асуудлын тухайд талууд 40, 60%-иар буюу олборлосон газрын тосны 40%-ийг Монголын Засгийн газарт өгөх тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь энэ. Нэг өдөрт олборлох олборлолтын хэмжээнээс шалтгаалан 70% хүртэл өсөх боломжтой. Тодорхойлбол, нэг өдөрт 15 мянган баррелээс дээш хэмжээтэй газрын тос олборлож эхэлбэл олборлолтын 70% Монгол улсын Засгийн газарт ногдохоор гэрээнд заасан байгаа.