Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад нүүрс, гангийн үйлдвэрлэлийг танахад 4 тэрбум доллар “хаяна”

БНХАУ-ын нүүрсний олборлолтоор тэргүүлэгч Шаньси мужийн удирдлагууд тухайн бүс нутаг дахь зургаан том үйлдвэрийг хааж, үйл ажиллагааг нь зогсооход 947.7 сая юань буюу 142 сая ам.долларын хөрөнгө зарцуулахаар болжээ. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах тус улсын бодлогын хүрээнд нүүрсний үйлдвэрлэлийг бууруулахаар “13 дугаар таван жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын хэрэгжилт юм.

2015 оны байдлаар Шаньси муж 944.1 сая тонн нүүрс олборлосон нь Хятад улсын нүүрсний нийт олборлолтын 25.6%-ийг эзэлж байгаа юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус муж нь нүүрсний олборлолтоо 68.8 сая тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9%-иар бууруулсан байна.

Нүүрсний олборлолтоор Хятадад гуравдугаарт ордог төрийн өмчит “Datong Coal Industry” компани нь жилдээ нийт 3.75 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гурван уурхайгаа хааснаар Шаньси мужийн Засаг захиргаанаас 312.16 сая юань буюу 46.8 сая ам.долларын нөхөн олговор авчээ.

Тус улсын Хэнань мужийн удирдлагууд ч нүүрсний олборлолтоо  62.54 сая тонн болон гангийн үйлдвэрлэлээ 2.4 сая тонноор тус тус бууруулахад зориулан 2.18 тэрбум юань буюу 326.6 сая ам.долларын хөрөнгө зарцуулж байна.

Хятадын эрх баригчид “13 дугаар таван жилийн төлөвлөгөө”-г батлахдаа ирэх 3-5 жилийн хугацаанд нүүрсний үйлдвэрлэлээ 500 сая тонноор бууруулах тухай мэдэгдсэн билээ. Үүнээс 250 сая тонныг нь 2016 онд багтаахаар төлөвлөж буй. Өнөөгийн байдлаар тус улсын нүүрсний нийт үйлдвэрлэлийн илүүдэл жилд 2 тэрбум тонн гэсэн тооцоо бий.

Нүүрсний болон гангийн үйлдвэрүүдийг хааснаар ажилгүй болсон иргэдийн нөхөн олговорт энэ жил 100 тэрбум юань буюу 14.98 тэрбум ам.доллар Хятадын Засгийн газраас гаргахаар төлөвлөсөн тухай тус улсын Худалдааны яамнаас мэдээлжээ. 2016 он гарснаас хойш 30 тэрбум юань буюу 4.6 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа аж. Энэ хоёр салбарт нийт 1.8 сая хүнийг ажилгүй болох тооцоо байгаа юм.

Нүүрс, гангийн үйлдвэрлэлийг бууруулахад зөвхөн 2016 онд Хятадын эрх баригчид 27.64 тэрбум юань буюу 4.23 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй.   
 
Э.Од