Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Рио Тинто”-гийн үнэ цэнийг Жан Себастьян Жак өсгөсөөр байна



The Mongolian Mining Journal /08.2016 /093/

Б.Төгсбилэгт

2016 оны долдугаар сарын 1-ний өдөр “Рио Тинто”-гийн “хэзээд өөдрөг”, үргэлж инээмсэглэж харагддаг Гүйцэтгэх захирал  Сэм Уолшийн оронд Жан Себастьян Жак гэх 45 настай “хашир төрхтэй” эрийг томилов. Эдүгээ 66 настай Сэм Уолш төмрийн хүдрийн чиглэлээр мэргэшсэн нэгэн байсан бол Себастьяний тухайд зэсээр “овоглосон” мэргэжилтэн гэхэд болох юм. Сэм Уолшийн оронд “Рио Тинто”-гоос өөр хүн томилж мэдэхээр байсан ч  төмрийн хүдрийн үнэ буурч буй энэ үед ирээдүйд өсөлттэй байх зэсийн салбарыг сайн мэдэх хүнийх нь хувьд Себастьяныг сонгожээ.

“Рио Тинто” шинэ захиралтай болсон нь Монгол улсын хувьд анхаарал татахуйц үйл явдал юм. Түүний томилгооноос ердөө сарын дараа буюу энэ сарын 1-нд “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал     Эндрю Вүдлэйн оронд “Рио Тинто”-гийн боксит, хөнгөн цагааны салбарт олон жил удирдах алба хашсан туршлагатай нэгэн болох Армандо Торресийг томилохоор болсон билээ. Себастьяны баг бүрэлдэхүүнд хийсэн өөрчлөлт аль хэдийнэ хэвлэлүүдээр хурц содон гарчигтайгаар нийтлэгдээд эхэлсэн бөгөөд тэрбээр төмрийн хүдрийн салбар болон бусад салбар нэгжүүдийн захирлыг сольжээ.

“Рио Тинто” компанийн хувьд шинэ захиралтай болсноор удирдах баг бүрэлдэхүүнд өөрчлөлт орж эхэлсэн бөгөөд Себастьян албан тушаалаа хүлээж авахаас өмнө буюу өнгөрсөн зургадугаар сарын 21-нд өөрийн томилж буй шинэ баг бүрэлдэхүүнээс гадна компанийн бүтцийн өөрчлөлтийн талаар зарласан юм.

“Рио Тинто” компани бүтцийн хувьд томоохон өөрчлөлт хийсэн бөгөөд тус компани үйл ажиллагаагаа дөрвөн гол салбарт хуваарилж, хөнгөн цагаан; төмрийн хүдэр; зэс болон алмаз; эрчим хүч болон эрдэс гэсэн салбарт хамааруулсан байна. Тодруулбал, төмрийн хүдрийн салбар (Iron Ore) компанийн шинэ удирдлагаар өмнө нь зэс, нүүрсний группийг түр удирдаж байсан Chris Salisbury-г томилсон бол Alfredo Barrios-г хөнгөн цагааны группийн (Aluminum) удирдлагаар хэвээр нь үлдээжээ. “Рио Тинто”-гийн зэс, очир эрдэнийн (Copper and Diamonds group) үйл ажиллагааг нэгтгэсэн бөгөөд удирдлагаар нь Arnaud Soirat-ыг томилсон юм. Arnaud нь хөнгөн цагааны металын хэлтсийг удирдаж байжээ.

“Рио Тинто” нь бүтцийн өөрчлөлтийн хүрээнд шинээр Эрчим хүч болон эрдсийн (Energy and Minerals group) салбар компанийг нээж буй бөгөөд үүнд нүүрс, уран, давс, борат, титанийн диоксидын үйл ажиллагааг харьяалуулах юм. Тус салбарыг өмнө нь очир эрдэнэ болон эрдсийн салбарыг толгойлж байсан Alan Davies удирдахаар болжээ. Салбарын захирлууд бүгд эрдсийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай мэргэжилтнүүд гэдгийг Себастьян тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ компанийн үр ашигтай ажиллагааг дээшлүүлэх зорилготойгоор “Рио Тинто”-гийн тав дахь салбар болох Өсөлт хөгжил болон инновацийн группыг шинээр байгуулжээ.
 
Шинэхэн захирал Себастьяныг “Рио Тинто”-гийн үйл ажиллагааг зах зээлийн хүнд нөхцөлд илүү үр ашигтай ажиллуулж чадах хүн гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлтэй байгаа бололтой. Себастьян ажилдаа орсноос хойш “Рио Тинто”-гийн хувьцааны үнэлгээ аажмаар өссөөр байгаа нь үүнийг илтгэнэ.

Нөгөөтэйгүүр тэрбээр Африкийн Гвиней улсад хэрэгжүүлж буй 20 тэрбум долларын төсөв бүхий “Симандоу” төслийн бүтээн байгуулалтыг царцааж буйгаа мэдээлсэн ч  үнэндээ тийм ч цочирдом мэдээлэл биш байлаа. Тус компани төмрийн хүдрийн зах зээл уналтад ороод буй энэ үед уг төслийн дэд бүтцийн санхүүжилтийг олох нь тун хүндрэлтэй байгааг мэдээлжээ. Себастьяны хэвлэлд өгсөн мэдээллээр бол тус компани   дэлхийн хэмжээний төсөлд санхүүжилт хөөцөлдөхөөр зээл олгогчидтой нийтдээ 200 гаруй удаагийн уулзалтыг хийсэн ч бүтэлтэй хэлцэл огт байгаагүйгээ учирлажээ. Гэхдээ тэрбээр энэ мэдэгдэл нь “Симандоу” төслийг урт хугацаанд царцааж буй гэсэн үг биш болохыг онцолсон юм.

Харин “Рио Тинто”-гийн тайлбарт хамгийн их ундууцсан тал бол Гвинейн Засгийн газар. Гвинейн хувьд “Симандоу” төсөл нь яг л Монголд “Оюутолгой” төсөл ямар чухал байдагтай адил, магадгүй түүнээс ч илүү их итгэл найдвар төрүүлж байсан төсөл байв. Үүнээс гадна “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлаар Том Албанез ажиллаж байх үедээ тус компанийн хамгийн гол гурван төсөл бол Пилбара дахь төмрийн уурхайнууд, “Оюутолгой”, “Симандоу” гэж онцолж байсан бол харин одоо “Симандоу”-гийн бүтээн байгуулалт ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж болдгийг харуулж байна.

Гэсэн ч “Рио Тинто”-гийн хувьд төмрийн хүдрийн салбар   орлогынх нь хамгийн гол тулгуур хэвээр үлдэх бөгөөд Баруун Австралийн Пилбара дахь уурхайнуудаасаа энэ жил 330 сая тонн хүдрийг экспортлохоор төлөвлөж байна. Тус компани нэг тонн хүдрийг 13 ам.доллараар олборлож буй нь хямд өртгөөр олборлон өндөр ашиг олох боломжтой хэвээр байгааг нотолж байгаа юм.

Гэвч “Рио Тинто” компани энэ оны эхний хагасын тайландаа ашиг (underlying earnings) нь өмнөх оны мөн үеийнхээс 47%-иар буурч 1.56 тэрбум доллар болсноор сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн бага ашигтай ажилласнаа мэдээлсэн юм. Оны эхний хагаст ашгийн хэмжээ ийнхүү буурсан нь нэгж хувьцаан дахь ногдол ашиг өмнөх оны мөн үеийнхээс 58%-иар буурч 45 ам.цент болоход   нөлөөлжээ.  Ийнхүү компанийн ашиг үлэмж хэмжээнд буурсан ч тус компанийн өр төлбөрийн хэмжээ оны эхний хагаст 12.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны сүүл үеэс 6%-иар танагдсан сайн үзүүлэлт  гарчээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн зургадугаар сард “Рио Тинто” компани өөрийн компанийн 2018 онд төлөгдөх ёстой байсан 1.7 тэрбум ам.долларын бондыг буцаан худалдаж авсан явдал нь өрийн дарамтаа багасгаж, тайлан тэнцлээ бэхжүүлэхээр хийсэн алхам байв. Гэхдээ энэхүү бондыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр нь Оюутолгой ордыг барьцаалж босгосон хоёр дахь шатны бүтээн байгуулалтад зарцуулах зээл байсныг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр төмрийн хүдрийн үнэ энэ онд харьцангуй өсөлттэй байгаа нь тус компанид бондоо хугацаанаас нь өмнө худалдаж авах боломж нөхцөлийг бүрдүүлсэн байж болох талтай. Тус компанийн хувьд энэ онд өөрийн гаргасан бондыг худалдан авсан хоёр дахь тохиолдол болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компани 2017, 2018 онд төлөгдөх байсан 1.5 тэрбум ам.долларын бондыг худалдаж авсан билээ.

Себастьяны хувьд эрдсийн түүхий эдийн зах зээлд өөдрөг бус хандлагатай байгаа бөгөөд тэр дундаа цаашид төмрийн хүдрийн үнэ буурна гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар цаашид дэлхийн зах зээл төдийлөн сэргэхгүй бөгөөд эмзэг хэвээр байх төлөвтэй. Түүнчлэн “Рио Тинто”-гийн орлогын тал хувийг бүрдүүлдэг Хятадын эдийн засаг богино хугацаанд сэргэчихгүй бөгөөд тус улсын  өсөлт нь саарч буйг тэрбээр онцолжээ. Гэхдээ зэсийн салбарын хувьд ойрын хоёр, гурван жилийн хугацаанд нийлүүлэлтийн хомсдол ажиглагдаж эхлэх бөгөөд ирэх арван жилд хомсдол тохиох нь гарцаагүйг Себастьян энэ сарын эхээр тайлбарласан байна.

Зэсийн зах зээл уруудсаар буй энэ үед зэсийн салбарын тухайд баримтлах өөдрөг байр сууриа Себастьян орхиогүй байгаа нь тэрбээр “Оюутолгой” төслийг ямар их чухалчилдгийг улам бүр тод харуулна. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор тус компанийг төслийн 66%-ийг эзэмшдэг Turquoise Hill Resources компанийг бүрэн эзэмшихээр төлөвлөж буй гэсэн цуурхал хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Харин энэ асуултын хариултад Себастьян “Рио Тинто” группын хувьд Оюутолгой дахь эзэмшлээ нэмэгдүүлэхгүй гэдгээ оны эхний хагасын тайланг мэдээлэх үеэрээ сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгдсэн байна.

“Рио Тинто” эрдсийн салбарт хүнд үе тохиож буй ч хамгийн шилдэг үзүүлэлттэй уул уурхайн компанийн байр сууриа хадгалсаар ирсэн. Себастьян компанийн удирдлагыг авснаар энэ байдал бүр ч төгөлдөржих хандлагатай байна.

Себастьяны үед “Рио Тинто”-гийн үйл ажиллагаа илүү хямгатай, хянуур болж ирж буй ч тэрбээр томоохон ашиг авчрахуйц төслүүд болох Оюутолгойн өргөтгөл, Австрали дахь бокситын төсөл Amrum, төмрийн хүдрийн Silvergrass төслийн бүтээн байгуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээ энэ сарын эхээр баталсан юм.