Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Л.Пүрэвбаатар: Царигийн асуудлаар Монгол улс тодорхой шийдвэрт хүрнэ

Орос, Монгол, Хятад улсын “Эдийн засгийн коридор”-ын нэг хэсэг Транссибирийн төмөр замд тулгуурлан Ази-Европ тивийн хооронд ачаа тээврийг нэмэгдүүлэх, үүнд Монгол улсаар транзит тээвэр хийх боломж зэрэг асуудлыг хөндсөн олон улсын чуулган өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Монгол улсын санаачилгаар “Транссибирийн тээврийг зохицуулах зөвлөл”-ийн XXV ээлжит хурал анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа юм.

Хурлыг нээж Монгол улсын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К Азизов, РЖД нийгмэлэгийн Ерөнхийлөгч, Транссибирийн тээврийг зохицуулах Зөвлөлийн дарга О.В Белозёров нар үг хэлсэн. Ноён Белозёровын хувьд өнгөрсөн оны наймдугаар сард РЖД-ийн тэргүүнээр томилогдсон. Тэрээр Монгол улсад анх удаа хийж буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхсан юм.

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар Монгол улсын төмөр замын бодлого, газар нутгийн давуу талыг ашиглан гурван улсын “Эдийн засгийн коридор” дахь үүрэг оролцооны талаар илтгэл тавьсан бол РЖД нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В Белозёров Оросын төмөр замын  ачаа эргэлтийг нэмэгдүүлэхэд олон улс дахь хамтын ажиллагаанд анхааран чиглэсэн бодлого хэрэгжүүлэх талаар илтгэлээ.    
  
Мөн хурлаар Австри, Беларуссь, Герман, Казахстан, Хятад, Өмнөд Солонгос, Латви, Норвеги, Франц, Чех, Швейцарь, Эстони, Япон зэрэг орны тээвэр логистикийн томоохон компаниуд Европ, Ази хооронд ямар чиглэлээр ачаа тээвэр хийж байгаа талаарх  туршлагаасаа хуваалцсан юм. Зарим компаниуд Оросын газар нутгаар дамжин Транссибирийн төмөр замаар Европ Хятадын шууд чиглэлийн ачаа тээврийн туршилт хийсэн маршрутаа танилцуулсан нь зочдын анхаарлыг ихээхэн татсан.

Түүнчлэн, Хятадын далайн Инкоу, Далян, Чанчун зэрэг далайн боомтын удирдлагууд оролцож, сонирхолтой илтгэл тавьсан.      
Хурлыг даргалан явуулсан “Транссибирийн тээврийг зохицуулах зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.И.Бессоновын хувьд өнгөрсөн оны хурлын үр дүнг тайлагнасан юм. 

Хоёр дахь өдөр хурлын зарим зочид төлөөлөгчид Замын-Үүдийн боомтын өнөөгийн хүчин чадал, ачаа нэвтрүүлэх боломж нөхцөлийн талаар газар дээр нь очиж танилцах аялалыг арга хэмжээний хөтөлбөрт тусгажээ.  
 
УБТЗ нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар
Өнөөдөр дэлхийд хуурай газрын 2 том шугам өрсөлдөж байна. Нэг нь урд талаар Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн зам бол нөгөө нь хойд талаар Евроазийг холбох Транссибирийн төмөр зам юм. Транссибирийн төмөр замын асуудлаар түлхүү ярихаар 20 гаруй орны төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотноо хуран чуулж байна. Энэ хурлыг Монголд зохион байгуулж байгаа учир шалтгаан нь Монгол улсын газар нутаг дээрх төмөр зам нь Транссибирийн төмөр замын сүлжээний нэг хэсэг бөгөөд Хятад улстай холбох чухал зам гэж авч үзэн, ярилцаж байгаа хэрэг.

Монголын газар нутгийн хоёр талаар Казахстан, Манжуур чиглэлийн ачаа тээвэр нэлээд хийгддэг тухай Европын зарим компаниудын төлөөлөгчид өнөөдрийн хурлын илтгэлдээ  ярилаа. Энэ ачаа тээвэр Монгол улсын газар нутгаар дамжин хийгдэхгүй байгааг манай улсын төмөр замын үе үеийн удирдлагууд өнөөг хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь багагүй шүүмжлэлд өртдөг. Энэ асуудлыг УБТЗ-ын зүгээс энэ удаагийн хурлаар шийдвэрлэх зорилготой байна.

Хоёр улсын төмөр замын царигийн ялгааг арилгах асуудлыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ шийдвэрлэх боломжтой тод жишээ бол Польш юм. Тус улсын хувьд Европын холбоо болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хоорондын төмөр замын царигийн ялгааг зохицуулсан туршлагатай. Тэгвэл өнөөдрийн хурлаар Монгол улсын төмөр замын тээвэрт хоёр улсын царигийн ялгаанаас үүсэх шилжүүлэн ачилт, ачааг барааг хадгалах, гаалийн бичиг баримтыг бүрдүүлэх зэрэг ажлуудыг монголчууд өөрийн нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулах хэрэгтэй гэсэн тодорхой шийдвэрт хүрч чадах байх.
 
Э.Од

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.217.238)
    Ачих буулгах тeрминалаа эхэлж бариад дараа нь ложистикоо нэмэгдүүлэхээ шийдэх нь зөв
    2021 оны 04 сарын 20 | Хариулах