Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний үнэ өссөн ч Монголын компаниуд шууд ашиг хүртэхгүй

The Mongolian Mining Journal /008.2016 /093

Б.Төгсбилэгт

Сүүлийн үед коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний үнэ өсөх тал руугаа хандаж эхэлсэн нь зах зээл шинжээчдийн төдийгүй салбарын компаниудын хувьд үнэхээр гайхашруулсан, бас горьдлого төрүүлсэн  хэрэг болов. Учир нь түүхий эдийн эрэлтийн дийлэнхийг бүрдүүлэгч Хятад улс түүхий эдийн хэрэглээ багатай эдийн засгийн тогтолцоо руу шилжиж буйтай холбоотойгоор эрдсийн түүхий эдийн зах зээлд үнэ өсөхгүй гэсэн таамаглал салбарынхан болон шинжээчдийн дунд хүчтэй тархсан билээ. Тэр дундаа эрчим хүчний нүүрс, коксжих нүүрсний үнийн бууралт үргэлжилсээр байсан нь сүүлийн саруудад эсрэгээр эргэж тодорхой өсөлт зах зээлд ажиглагдаж эхлэв.

Энэ сарын 16-ны байдлаар Австралийн коксжих нүүрсний CFR үнэ /худалдан авагч улсын эргийн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй үнэ/ 121 ам.долларт хүрсэн нь Хятад төдийгүй Энэтхэгийн коксжих нүүрсний эрэлтийн нөлөөтэй холбоотой. Ердөө ганцхан өдрийн дотор коксжих нүүрсний ханш тонн тутамд 6.5 ам.доллараар дээшилсэн нь огцом  өсөлтөөр тэмдэглэгдлээ. Ингэснээр өнгөрсөн 4 дүгээр сараас хойш коксжих нүүрсний үнэ бараг 50%-иар өссөн гэсэн үг юм.

Хятадын түүхий эдийн эрэлтийн өсөлт саарсан ч тус улс дотоодын ашиггүй уурхайнуудыг хаах бодлогыг төр засгаас нь хэрэгжүүлснээр ийнхүү зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Зах зээл шинжээчдийн дунд одоо Хятадын Засгийн газрын дотоодын нүүрсний уурхайнуудыг хаах бодлогын дүнд цаашид коксжих нүүрсний импортын эрэлт улам нэмэгдэнэ гэсэн таамаглал түгээмэл байна. Коксжих нүүрсний томоохон импортлогч Хятад улсын хувьд оны эхний хагасын байдлаар уг төрлийн нүүрсний эрэлт нь 259 сая тонн байсан бөгөөд мөн хугацаанд дотоодын нийлүүлэлт нь 210 сая тонн, импорт 27 сая тонн байжээ. Энэ нь тус улсын коксжих нүүрсний эрэлт нийлүүлэлтийн хооронд багагүй завсар гарсныг харуулж буй тухай Fenwei байгууллагын өнгөрсөн долдугаар сард гаргасан судалгааны тайланд тэмдэглэжээ.

Хятадын хувьд энэ жил нийтдээ 250 сая тонн олборлолтын хүчин чадал бүхий нүүрсний уурхайнуудыг хаахаар төлөвлөөд байгаа бөгөөд өнгөрсөн сарын сүүлийн байдлаар уг төлөвлөгөөний 72 сая тонн буюу 29%-ийг биелүүлсэн тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгдсэн юм.

Хятад улс оны эхний хагасын байдлаар нийтдээ 1.65 тэрбум тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7%-иар буурсан дүн болж байна. Түүнчлэн тус улс дотоодын нүүрсний уурхайнуудын жилд ажиллах хоногийн тоог хуучин 330 өдөр байсныг 276 өдөр болгон буулгаж буйгаас харвал нүүрсний нийлүүлэлтийг мэдэгдэхүйц хэмжээгээр буулгах нь илэрхий байгаа юм. Дээрх бүгдээс үүдэн нүүрсний үнэ сүүлийн хэдэн саруудад өсчээ.




Монголын нүүрсний дундаж үнэ тонн тутамд 33 ам.доллар байгаа бол Австралийнх 79.5 ам.доллар байгаа тухай China Coal Resource-ийн цахим хуудаст мэдээлжээ. Хятадын дотоодын зах зээлд нүүрсний үнэ өсч байгаа бөгөөд харин Монголын нүүрсний экспортын үнэ буурч буй нь Монголоос авах нүүрсний биет хэмжээ өсөхөд нөлөөлжээ. Энэ оны 8 дугаар сарын 11-ний байдлаар Монгол улс Хятад руу 11.5 сая тонн нүүрс гаргаад байгаа нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 30 гаруй хувиар дээшилсэн дүн юм. Монголын нүүрсний экспортын голлох компаниудад “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, МАК, орон нутгийн жижиг “Тавантолгой”, “Саутгоби Сэндс”, “МоЭнКо”, “Чинхуа МАК Нарийнсухайт”, “Өсөх зоос” болон бусад жижиг компани ордог.

Монголын нүүрс ихэвчлэн Өвөрмонголын хойд хэсэг болон Хэбэй мужийн Таншанд худалдаалагддаг. Тиймээс баруун Хятадын муж дараагийн гол зах зээл байж мэднэ хэмээн нүүрсний зах зээл судалгааны байгууллага Fenwei Energy-гийн Дэд ерөнхий захирал Xue Wenlin өгүүлжээ. Энэтхэгийн зах зээл Монголын нүүрсний хувьд боломжит орон зай байж болох ч одоохондоо тээвэрлэлтийн асуудлаас болоод энэ тухай ярих, бодох нь зөвхөн мөрөөдөл төдий байгаа юм.

Нүүрсний зах зээл сүүлийн саруудад дээшилж энэхүү үзэгдэл нь гагцхүү коксжих нүүрсний зах зээлд бус эрчим хүчний нүүрсний хүрээнд ч бас тод ажиглагдаж байна. Коксжих нүүрсний үнийн өсөлтийн тухайд Хятадын дотоодын уурхайн зогсолттой холбоотой төдийгүй гангийн үйлдвэрлэлийн өсөлт, ган бүтээгдэхүүний ханшийн өсөлттэй уялдаж байгаа юм.

Харин дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээтэй холбоотойгоор урт хугацаандаа зах зээлээс арчигдах төлөвтэй буй эрчим хүчний нүүрсний хувьд зургадугаар сарын сүүлээс хойш бараг 20%-иар өссөн бөгөөд тонн тутамд дунджаар 10 ам.доллараар өсч 60 орчим ам.долларт хүрчихээд байгаа юм. Олонхи шинжээчийн тайл­барлаж байгаагаар Индо­не­зийн нүүрсний экспорт буурсны сацуу, Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл буурсан нь эрчим хүчний нүүрсний үнэ ийнхүү өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ өсөөд буй энэ завшаант үеийг Монголын компаниуд хэр ашиглаж чадаж байна вэ гэсэн асуулт гарч ирж байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өсч байгаа ч үнийн дүн   бууралттай хэвээр байгаа нь дэлхийн зах зээлийн үнийн өсөлт Монголын нүүрсний салбарт шууд тусахгүй байгааг илтгэнэ.

Монголын компаниудын хувьд сүүлийн хэдхэн сарын дотор нүүрсний зах зээл дэх үнийн өсөлтөөс одоохондоо шууд эерэг нөлөөг хүртэх боломжгүй байгааг салбарын компаниудын зарим төлөөлөл тайлбарлаж байгаа. Учир нь Монголын нүүрсний компаниуд Хятадын худалдан авагчидтай улирал, хагас жил эсвэл жилийн гэрээ байгуулдаг учир ирэх намраас л хамгийн наад зах нь ханшийн өсөлтийн нөлөөг хүртэх боломжтой болж байна. Гэхдээ компаниудын баримтлах бодлого цаашид шууд худалдаа руу шилжиж магадгүй юм. Нөгөөтэйгүүр одоо  зах зээлийн үнэ 120 ам.доллар   нь Монголын компаниудын худалдааны гэрээний хугацаа дуусах үед эргээд доошилчихсон байхыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна манай нүүрсний цорын ганц худалдан авагч болох Хятадын компаниуд Монголоос өндөр үнэтэй нүүрс авахыг төдийлөн сонирхохгүй.   

Хэдий нөхцөл байдал амаргүй байгаа ч олон улсын зах зээлд үнэ өндөр хэвээр байх аваас Монголын нүүрсний компаниудын экспортын үнэ дээшлэх найдвар бий.  Олон улсын томоохон компаниуд тухайлбал “Teck Resources”, “BHP Billiton” зах зээлийн эерэг өрнөлөөс аль хэдийнэ ашиг хүртээд эхэлснээ дуулгасан билээ.

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаас гадна Хятад улсад мөн сүүлийн саруудад шатахууны үнэ бууруулах арга хэмжээг удаа дараа авч байгаа нь нүүрс тээвэрлэлтийн үнэ буурах, тодруулбал машинаар нүүрс тээвэрлэх нь урьд жилүүдийнхээс илүү ашигтай байх суурь нөхцөл болж байна. Энэ нь эргээд Хятад улс Монголын нүүрсийг худалдан авах магадлалыг улам нэмэгдүүлэх юм.

Зах зээл хэдийгээр сэргэж буй ч Монголын нүүрсний салбар худалдааны нэг сувагтай болж байж үнээ тодорхой түвшинд барих, улмаар өсгөх боломжтой болох билээ. Үгүй бол дотоодын өрсөлдөөн Монгол нүүрсний үнийн өсөлтийг хазаарлах томоохон хүчин зүйл болж байна.

Австралийн нүүрсний хувьд харьцангуй үнэ өсч буй тул тавдугаар сард Хятадын Австралиас авсан нүүрсний импорт Монголынхоос бага дүнтэй гарсан бөгөөд энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь анхны тохиолдол болжээ.

Энэ оны хэмжээнд Монгол улс 19 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Одоогийн байдлаар уг төлөвлөгөө бараг давж биелэх дүр зураг харагдаж буйн зэрэгцээ Хятадад үүсээд байгаа нөхцөл байдал цаашид Монголын экспортын нүүрсний биет хэмжээнээс гадна үнэ ханш өсөх төсөөллийг өгч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монголын нүүрсний компаниудын хувьд баярлах эрт байна. Учир нь өнөө зах зээлд үүсээд буй үнийн өсөлт нь зах зээлийн жам ёсны үйл явц гэхээсээ илүүтэй Хятадын төр засгийн хийж буй үйл хэрэг, тунхаглалаас үүдэлтэй тухай шинжээчид байр сууриа илэрхийлж буй юм.

Үнэ ханшийн өсөлт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй, “үүлэн чөлөөний нар” мэт түр хугацааны явдал байж болох ч Монголын компаниуд ханшийн өсөлтөөс тодорхой ашиг хүртэж чадах нь хамгийн чухал байна.