2017 оноос Иран улс нь боловсруулаагүй төмрийн хүдрийн экспортоо зогсоохоор болжээ. Ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж төмрийн хүдрийн баяжмал, аргалж ба хорголж экспортлох юм байна.
Түүнчлэн ирэх жилээс аргалж ба хорголжийн экспортыг татваргүй болгож, үйлдвэрлэлийн ашиг орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ тухай Ираны төмрийн хүдрийн экспорт болон үйлдвэрлэлийн ассоциацийн олон улсын харилцааны хэлтсийн дарга Кейван Жавари Техрани Bloomberg агентлагт мэдээлжээ. Бүтээгдэхүүн экспортлох гол зах зээл нь Энэтхэг, Европ болон Хятад улс гэж тооцож байна.
2016 он гарснаас хойш дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ нийт 29%-иар буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 62%-ийн төмрийн агуулгатай хүдэр нь Хятадын Циндао боомт дээр 56.34 ам.доллараар худалдагдаж байв.
Иран улсын хувьд өнгөрсөн жилийн дүнгээр ойролцоогоор 15 сая тонн төмрийн хүдэр экспортолсноос 13.5 сая тонныг нь 44 ам.долларын үнэтэйгээр Хятадын зах зээлд нийлүүлсэн аж.
Э.Од