Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад дэлхийн хоёр дахь гангийн компанийг байгуулж байна

БНХАУ-ын Засгийн газар тус улсын Baosteel групп болон Wuhan Steel компанудыг  нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Baosteel групп нь Wuhan Steel компанийн нийт хувьцааг 3 тэрбум юань буюу 540.1 сая ам.доллараар худалдан авч байгаа юм. Хоёр компанийн шинэ нэгдэл “Baowu Iron and Steel” группын 52,1%-ийг Baosteel групп, 13,48%-ийг Wuhan Steel компани тус тус эзэмших бөгөөд үлдсэн хувь Хятадын төрийн мэдэлд очих аж.

“Baowu Iron and Steel” нь жилд 60 сая тонн гангийн үйлдвэрлэлээрээ Хятад улсдаа тэргүүлэх компани болж байгаа юм. Ингэснээр Хятадын төрийн эзэмшилтэй тус компани дэлхийн гангийн салбарт тэргүүлэгч “ArcelorMittal” компанийн дараагаар орж байна. 

Baosteel групп нь 2015 онд нийт 36,11 сая тонн гангийн үйлдвэрлэлээрээ БНХАУ-д хоёрдугаарт,  дэлхийд тавдугаарт эрэмблэгдэж буй. Гэхдээ группын цэвэр ашиг 83%-иар буурч 1 тэрбум юань буюу 150 сая ам.долларын ашиг олжээ. 

Wuhan Steel компанийн хувьд өнгөрсөн жил 26 сая тонн ган үйлдвэрлэж улсдаа зургаа, дэлхийн хэмжээнд арваннэгдүгээрт орсон байна. 2014 онд 1.3 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан бол 2015 онд 7.5 тэрбум юанийн алдагдал хүлээжээ.

Хоёр том компанийн нэгдэх үйл явц нь Хятад улсын гангийн жижиг үйлдвэрүүдийг хааж, өнөөгийн 1,2 тэрбум тонн гангийн үйлдвэрлэлийг 2020 он гэхэд 100-150 сая тонноор бууруулахаар “13 дугаар таван жил”-ийн төлөвлөгөөнд тусгасантай холбоотой юм.  

Э.Од