Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний компаниудын хувьцааны үнэ өссөөр байна

Монголд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний компаниудын хувьцааны үнэ Хонконг, Австралийн бирж дээр тасралтгүй өссөөр байна. Сүүлийн гурван сарын өсөлтийг харвал Австралийн хөрөнгийн бирж дээрх Aspire Mining /ASX:AKM/ компанийн хувьцааны үнэ 766%-иар өссөнөөр тэргүүлж байна.

Хонконгийн хөрөнгийн бирж дээрх Mongolian Mining Corporation-ий /HKG:0975/ хувьцааны үнэ 200 хувийн өсөлтөөр удаалж байгаа юм. Харин сүүлийн 1 сарын өсөлтийг харвал Aspire Mining компанийн хувьцааны үнэ 246 хувиар, E -Commodities Holdings буюу хуучнаар Winsway Holdings /HKG:1733/ компанийн хувьцааны үнэ169 хувиар, Mongolian Mining Corporation-ий хувьцааны үнэ 116 хувиар,  Southgobi Resources /HKG:1878/ компанийнх 94 орчим хувиар, Mongolia Energy Corporation-ий /HKG:0276/ хувьцааны үнэ 100 орчим хувиар тус тус өсөөд байна.

 
Коксжих нүүрсний үнэ өсч байгаа нь нүүрсний компаниудын хувьцааны үнэ огцом өсөхөд гол нөлөөг үзүүлж байна. Хятадын нүүрсний томоохон компаниуд болох China Shenhua Energy Company, China Coal Energy Company, Yanzhou Coal Mining зэрэг компанийн хувьцааны үнэ сүүлийн 1 сард 9-12 хувийн өсөлт үзүүлээд байгаа юм. Тэдэнтэй харьцуулахад Монголын компаниудын хувьцааны үнэ илүү өндөр өсөлт үзүүлж байна.

Хувьцааны үнэ нь хамгийн өндөр өсөлт харуулж буй компаниудыг харахад Mongolian Mining Corporation-ий хувьцааны үнэ сүүлийн 8 сард 7.1 дахин өсөөд байна. Өнгөрсөн 1 дүгээр сарын 28-нд буюу бондын төлбөрөө төлж чадахгүй болсноо зарлах үед хувьцааны үнэ нь 0.032 хонконг доллар болж, түүхэн доод үнэдээ хүрч байсан билээ. Өнөөдөр 0.245 хонконг доллараар арилжаалагдаж байгаа нь доод үнээсээ 7.1 дахин өссөн үзүүлэлт юм. Тус компанийн хувьцааны ханш сүүлийн 6 сарын хугацаанд 470 хувийн, сүүлийн 1 сард 116 хувийн өсөлт үзүүлээд байна.

Харин Aspire Mining компанийн нэгж хувьцаа тавдугаар сард 0.0050 австрали доллараар арилжаалагдаж байсан бол өнөөдөр 0.0530 доллараар арилжаалагдаж байна. Энэ нь сүүлийн 4 сарын хугацаанд компанийн хувьцааны үнэ 10 дахин өссөн гэсэн үг юм. Тус компанийн хувьд төмөр зам барих ажил нь ихээхэн ахицтай байгаа билээ.

С.Болд-Эрдэнэ