Лхагва гаригт Алжир хотноо нээгдэж байгаа Олон улсын эрчим хүчний форумаар газрын тос олборлогч орнууд /ОПЕК/ олборлолтоо хязгаарлан, “царцаах” тухай нэгдсэн шийдвэрт хүрнэ гэсэн хүлээлт байна.
Форум зохион байгуулагдах тухай мэдээллийн дараа даваа гаригт Brent маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 45.6 ам.доллараас өсч 48.3 ам.долларт хүрсэн юм. Гэвч мягмар гаригаас буцаад буурав. ОПЕК-ийн орнуудын уулзалтаар Тегераны зүгээс газрын тосны зах зээлийн өнөөгийн байдлын талаар санал солилцох төлөвлөгөө бий бөгөөд газрын тосны олборлолтоо царцаах шийдвэр гаргахгүй хэмээн Ираны Газрын тосны сайд Биджан Намдар Зангане мэдэгдэл хийсний дараагаар Brent маркийн газрын тосны үнэ 3,7%-иар буурч 45.35 ам.долларт хүрчээ.
Иран улсын хувьд хоногт 3,6 сая баррель газрын тос олборлож буй өнөөгийн хэмжээгээ 4 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх тухай Алжир дахь уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Тиймээс газрын тосны орнууд нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байгаа юм.
Э.Од