Эдийн засаг
Сайн уу, Стэнд бай
2016-09-30
The Mongolian Mining Journal /August 2016. 093/
С.Болд-Эрдэнэ
2010-2011 он бол Монголын эдийн засаг хөрөнгө оруулалтаар ангаж цанган байсан үе. Тавантолгой, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк гээд тухайн үедээ 17 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан том төслүүд ярин хөөрцөглөж, хурдхан шиг зээл авч бонд гаргахаар тэмүүлцгээж байв. Тэр үед Stand By шиг хэрэггүй хөтөлбөр байгаагүй юм. 18 сарын хугацаанд Стэнд Бай-г хэрэгжүүлж, 2010 оны 10 дугаар сард өсч дэвжих гэсэн эдийн засагт чөдөр тушаа болж буйг нь захын албан тушаалтан, эдийн засагч хэлдэг байв. The Mongolian Mining Journal, сэтгүүлч би ч мөн л тэгж ойлгон, Bye Bye, Stand By хэмээн бичиж байлаа.
Тэгвэл 6 жилийн дараа бид “Сайн уу, Стэнд Бай” хэмээн мэхийн зогсохоос өөр сонголт үлдсэнгүй. Мөнгөн тэмдэгт маань хамгийн их хямдарснаараа дэлхийд гайхуулж, Чингисээр овоглосон бондын хүү самууны хөл дэх Украйны бондтой дүйж байна. Сангийн сайдын хэлсэн эдийн засгийн үзүүлэлтүүд, Монгол банкны хийж буй үйлдэл, Ерөнхий сайдын “хэмнэх боломжтой бүхнийг хэмнэнэ” гэсэн мэдэгдэл гээд бүгд л Стэнд Бай-д хамрагдах нөхцөлийг бүрдүүлэн байна.
2013 он. Өнөөгийн эдийн засгийн хямрал руу бид гэнэт л яваад орчихоогүй. Ийм нөхцөл байдалтай тулж болзошгүйг аль арвангурван онд таамаглаж, тодорхой сонголт хийх хэрэгтэй болсон. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, төмрийн хүдэр, нүүрсний үнэ унаж эхэлсэн нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж байв. Байдал цаашид ч муу байх дүр зургийг харсан Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт хоёр л сонголт байсан юм. Эхнийх нь Стэнд Бай-д хамрагдаж, санхүүгийн хатуу сахилга батыг сахих. Удаах нь төгрөг хэвлэж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах. Үүнийгээ “зөөлөн газардалт” хэмээн томьёолсон. Тухайн үед мөнгөний эрх мэдлийг атгаж байсан дээрх хоёр эрхэм хоёр дахь сонголтыг хийсэн юм. Тэд хоёр жил хагасын дараа буцаж Стэнд Бай-д орж нэр хүндээ алдахгүй гэв. Үнэндээ нэр хүндээ бодсон мэт боловч төсөв, мөнгийг захиран зарцуулах эрх мэдлээ хязгаарлуулах хүсэл хэн хэнд нь байгаагүй нь ойлгомжтой. Ямар ч байсан мань хоёр нэг зүйл дээр тохирсноор төгрөг хэвлэж, “зөөлөн газардахаар” тохиролцож байв.
Ерөнхий сайдын хувьд Н.Алтанхуяг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд томоохон төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар долларын орох урсгалыг бүрэн нээнэ гэсэн ам өчиг өгснөөр Н.Золжаргал төгрөг хэвлэх ажилдаа орсон. Түүний үйлдлийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Ипотекийн 8 хувийн зээл”-ээр бид мэднэ.
Харамсалтай нь Н.Алтанхуяг хэлсэн амандаа хүрээгүй. Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт Хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчиж байна гэсэн гомдол мэдүүлснээр “Рио Тинто” далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосон удаатай. Тухайн үед долларын ханш өсч, хүндхэн цохилт өгснийг эргэн санахад илүүдэхгүй. Тавантолгойг ч бас шийдэж чадахгүй дуншсаар өнөөдөртэй золгоод байна. Нэгэнт төгрөгөө хэвлэчихсэн, төсөл хөтөлбөрүүдээ ч эхлүүлчихсэн байсан болохоор Н.Золжаргал ч тэр чигтээ гүрийв. Төгрөгийг их наядаар нь зах зээл рүү цутгаж эхэлснээр долларын ханш төлөвлөж байсан 1700-г давж, 2000-д хүрсэн. Уг нь алт олборлолтыг нэмэгдүүлж, Хятадын Ардын банкнаас своп зээлээр 1.8 тэрбум доллартай тэнцэхүйц юань авсан гээд хэвлэсэн мөнгөнийхөө арыг даах гэж хэрэндээ мачийсан биз.
2009 он. Валютын нөөц 400 сая доллар хүрэхгүй болж, долларын ханш 1700 төгрөг хүрч, төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн болохоор Стэнд Бай-д орохоос өөр сонголт үлдээгүй юм. ОУВС-гаас 230 орчим сая доллар зээлэхийн зэрэгцээ Япон зэрэг хандивлагч орнуудаас 50, 50 сая доллар бадарчилж байсан үе билээ. Ингээд 18 сарын дараа буюу 2010 оны 10 дугаар сард Монгол улс Стэнд Бай хөтөлбөрөөс гарч байгаагаа ёслол төгөлдөр зарлаж байлаа. Харамсалтай нь энэ өдрөөс хойш яг 75 хоног өнгөрөөд дараагийн алдаагаа гаргаж эхэлсэн. 2011 оны төсвийг анх зохиохдоо алдагдлыг ДНБ-ний 2.5 хувь байхаар Сангийн яам оруулж ирсэн ч нэмэгдсээр төсөв батлах өдрийн орой 9.9 хувь болж байв. Төсвийн алдагдал 200 гаруй тэрбум төгрөгөөс 900 орчим тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн. Үндсэндээ бид Стэнд Бай-гаас гарсан өдрөөсөө эхлэн дахиад Стэнд Бай-д орох нүхээ ухаж эхэлсэн гэсэн үг. Энэ байдал жил ирэх тутам даамжирсаар эцэстээ оны эхний хагас жилд 2 их наяд төгрөгийн алдагдал “үйлдвэрлэдэг” болсон. Тухайн үед буюу 2010 онд нүүрсний орлого анх удаа Эрдэнэтийн орлогоос давж, тэр чинээгээр мөнгийг баруун солгойгүй цацаж байсан болохоор төсвийн алдагдлыг тоодог хүн байсангүй.
2016 он. Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг, эрсдэлтэй зээлийн хэмжээ бас 1.9 их наяд төгрөг болов. Долларын ханш 2300 төгрөгт хүрч, ДНБ-ний өсөлтийг эс тооцвол эдийн засгийн голлох үзүүлэлтүүд түүхэн дэх хамгийн муу цэг дээрээ байна. Ийм нөхцлөөс 2009 оных шиг хурдан гарах найдвар байхгүй.
Нөхцөл байдал 2009 онтой харьцуулахад эрс ялгаатай. 2010 онд Стэнд Бай-гаас гарахад Оюутолгой гэж аварга төсөл хөдөлчихсөн, олон улсын зах дээр нүүрс, зэсийн үнэ тэнгэрт цойлж байсан нэн тааламжтай гадаад орчин биднийг угтаж авсан. Тийм болохоор 2009 оны хямралыг алдагдал багатай давсан. Харин өнөөдөр биднийг хүлээж байгаа гадаад орчин таатай биш байна. Дотооддоо Оюутолгой шиг хөрөнгө оруулалт татах том төсөл алга. Тавантолгойд тэрбумаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалт татна гэсэн гэнэн зүүднээсээ сэрэх хэрэгтэй. Ийм үед бид өөрсдөдөө л найдахаас өөр сонголт үгүй.
Яагаад Стэнд Бай гэж? Хариулт нь өөр сонголт байгаа гэж үү? гэсэн асуулт юм. Дээр нь Монгол улсад хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа нь бас чухал. Төсвийн алдагдлыг нөхөх 2 их наяд төгрөг, хэдхэн сарын дараагаас төлж эхлэх тэрбум долларын өрний нийлбэр нь бидэнд ойрын хугацаанд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээ юм.
Магад дахиад бонд гаргая гэх байх. Зээлдүүлэгчид авъя гэх тоолонд хүссэнээр өгдөг хүмүүс биш гэдгийг сануулах нь илүүц биз. Сангийн сайдын мэдэгдлийн дараа Чингис бондын хүү 10 хувийг даваад талийсан. S&P зээлжих зэрэглэлийг дахиад бууруулж, В- болгов. Чингис бондыг гаргахдаа төмөр зам барина, Сайншандын паркийг барина гэж зээлдүүлэгчдийг “хулхидсан” билээ. Өнгөрсөн 4 дүгээр сард 750 сая доллар босгохдоо Засгийн газрын дотоодын өндөр хүүтэй бондыг хямд хүүтэй гадаад эх үүсвэрээр сольж, банкуудын зээлийн эх үүсвэрийг суллана гээд сонгуулийн өмнө сонголтгүй байсан болохоор 10 хувийн хүүтэй зээл авсан хэрэг.
Одоо бонд гаргалаа ч 10+ хувийн хүүтэй арилжааны зээлээр төсвийн алдагдлаа нөхөж, өрөө төлдөг улс дэлхийд хаана ч үгүй. Бондын тэнгэр нь ивээдэггүй л юм бол дахиж бонд гаргах ямар ч шаанс байхгүй.
Тавантолгой, төмөр замдаа урьдын адил найдах нэгэн бий. Гэхдээ Тавантолгойд 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийе гэх хөрөнгө оруулагч одоо олдоно гэж гонж биз. Олдлоо ч ганц Тавантолгой эдийн засгийг сэргээдэг үе өнгөрсөн. Сайд асан М.Энхсайхан “Оюутолгой, Тавантолгой төслүүд дефолтыг зайлуулах үүрэг рольтой байх моментумыг нэгэнт алдсан байна. Мега төслүүдийн ач холбогдлыг дефолтын үргэлжлэх хугацааг богиносгох үүрэг рольтой гэж шинээр харах нь зүйтэй байна” гэж тэмдэглэснийг энд онцолъё.
Ийм үед хүссэн ч эс хүссэн ч Стэнд Бай-гаас өөр сонголт алга. Зөвхөн мөнгөний талаар ярих нь өрөөсгөл юм. 2009 оноос хойшхи эдийн засгийн нөхцөл байдлыг харвал хямралын гол үндэс нь төсөв, санхүүгийн сахилга бат алдагдагдсантай холбоотой. Стэнд Бай-гаас бидэнд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол санхүүгийн сахилга баттай болох. 2009 оны Стэнд Бай-гаас Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Тогтворжуулалтын сантай үлдэж байсан. Хуулиа дагаж мөрдөөгүй л болохоос хөгжиж буй, их мөнгөний үнэр авсан манайх шиг улсад хамгийн хэрэгтэй зүйл байсан. Энэ удаад Стэнд Бай-д орвол ядаж 4 тусдаа төсөв нэг болж, Сангийн яамны зохиосон төсвийг Парламент нь их наядаар өөрчилдөг гажиг тогтолцооноос салах ч юм билүү. Өөрсдөө төсвийн сахилга батаа сахиж чадахгүй байгаа улс өрөөлийн хяналтад сураад авах нь дараагийн хямралуудаас сэргийлэх нэг зам биз.
Стэнд Бай гэж юу вэ? Энэ дайсан биш. Монгол улсын эдийн засгийг хэвтрийн өвчтөн гэж зүйрлэвэл Стэнд Бай эмчилгээ нь юм. Өвчний онош нь олсон болгоноо хамаа намаагүй идэж ууснаас үүдэлтэй хоолны хүнд хордлого гэж болно. Эмчилгээг хийх эмч нар нь Ерөнхий сайд, Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч нар гэсэн үг. Харин ОУВС бол зөвлөх эмч. Стэнд Бай-д орсон л бол эдгэрнэ гэсэн үг бас биш. Эмчилгээ хэр амжилттай болох нь эмч нараас ихээхэн хамааралтай. 2009 онд С.Баяр, С.Баярцогт гээд туршлагатай, чадвартай эмч нар Стэнд Бай эмчилгээг амжилттай хийж байсан бол энэ удаа харин эмч нарын мэдлэг туршлага жулдаж магад. Хатуухан хэлэхэд ерөнхий эмч нь насаараа аймгийн нэгдсэн эмнэлгээс хэтрээгүй нэгэн шүү дээ. Гэхдээ эмчилгээг сайн хийж чадвал өвчтөн 2018 оны эхний хагас гэхэд хөл дээрээ босчихсон байх бүрэн боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байна.