Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэлцлийн эргэн тойронд





The Mongolian Mining Journal /July 2016- 092/


Э.Оджаргал, С.Болд-Эрдэнэ, Б.Төгсбилэгт

2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураах 29-ний өмнөх өдөр Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оростой хамтарч эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Монгол улс бүрэн эзэмшихээр болсныг хэвлэлийнхэнд дуулгасан юм. Мөн өдөр Оросын мэдээллийн сайтуудаар ч “Орос Монголын уул уурхайн салбарыг орхилоо“ гэсэн гарчиг бүхий мэдээлэл цацагдсан бөгөөд энэ нь “Ростех” корпораци Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийн эзэмшил дэх тус бүр Оросын талын 49%-ийг Монголын талд худалдсан тухай байлаа.

“Эрдэнэт”-ийн 49% ба оросууд



Хоёр улс 1970-аад оноос зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэхдээ “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг Монголын талын 49%, Оросын талын 51%-ийн эзэмшилтэйгээр анх байгуулсан түүхтэй. Орос оронд төрийн эргэлт гарч, ЗХУ задрахаас ердөө хоёр сарын өмнө буюу 1991 оны зун талууд зэсийн төслийн хэлэлцээрийг шинэчлэхдээ Монгол 51%, Орос 49%-ийг эзэмшихээр болсон билээ. Энэ л үеэс талууд хамтарсан үйлдвэр дэх өөр өөрийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх гэж далдхандаа “өрсөлдөж”  ирсэн нь нууц биш бөгөөд аль аль талын хувь эзэмшил өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн юм.

Орос улсын хувьд  иргэний болон цэргийн өндөр технологийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох стратегийн зорилготойгоор 2007 оны сүүлчээр төрийн өмчит “Ростехнологи” корпорацийг байгуулсан билээ.
Ингэхдээ В.Путины шийдвэрээр корпорацийн шууд мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49% очсон юм. Тухайн үед Оросын хэвлэл мэдээллүүд “Ростехнологи”-ийг зэсийн олборлолтоороо Азидаа тавдугаарт орох үйлдвэрийн хувь эзэмшигч боллоо” хэмээн онцолж байлаа.

Дэлхийн хамгийн том зах зээл Хятад улсад бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж, үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон үйлдвэрийн төрийн хувийг “үнэгүй шахам” эзэмшихийн төлөө Уралын уул-төмөрлөгийн үйлдвэр /УГМК/, “Норийльский никель” болон “Оросын зэс” компаниуд өрсөлдсөн ч худалдаа явуулалгүй “Ростехнологи”-ийг сонгосон байдаг. Монголын зэсийн үйлдвэрийн хувийг эзэмших магадлал өндөртэй компаниудын нэрс дотор РЖД, “Газпромбанк” ч багтаж байсан юм.

“Эрдэнэт” үйлдвэр нь зэсээс гадна хүдрээс ховор метал рени агуулсан молибденийн баяжмал гарган авдаг учир титан болоод тусгай ган үйлдвэрлэлийн дэлхийд тэргүүлэх төслүүд хэрэгжүүлдэг “Ростехнологи”-ийн хувьд тун ч ашигтай, басхүү чухал хувь эзэмшил болох нь тодорхой. Нөгөөтэйгүүр, оросууд хамтарсан үйлдвэрээс жилд дунджаар 48,5 сая ам.долларын ногдол ашиг авч ирсэн, зарим тохиолдолд огт олгогдохгүй тасарч байсан  тул илүү үр ашигт хүргэхээр стратегийн том корпорацийнхаа мэдэлд өгсөн байх.

Эдийн засаг гүн хямралд автсан 2008 онд “Ростехнологи” хамтарсан үйлдвэрийн хувь эзэмшлийг авсан юм. Тэр даруй хямралын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж  “ажлын байрыг бүхэлд нь хадгалж, цалин хөлсийг дунджаар 20%-иар жил бүр нэмэгдүүлж чадсан”  гэж корпорацийн тайланд дурдсан байдаг. Үйлдвэрийн үндсэн технологийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 2008-2011 онд нийт 402,2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрээс Оросын тал 2009 онд 27,3 сая, 2010 онд 34,4 сая, 2011 онд 75,7 сая ам.долларын ногдол ашиг тус тус авсан байна.

Үүнээс хойш Оросын тал ногдол ашиг авалгүй өдий хүрчээ. Нөгөөтэйгүүр Монгол орны гол “саалийн үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэр нь татвараа сайн төлдөг ч зах зээлийн хүнд үед тус компанийн ашиг мэдэгдэхүйц хэмжээгээр дундарч байгаа билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Эдийн засаг, маркетингийн хэлтсийн Орлогч дарга, доктор Д.Галбаатар өнгөрсөн тавдугаар сарын 16-17-нд Улаанбаатар хотноо болсон “Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын семинарт төрийн оролцоотой компаниуд илүүтэй хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг эсэх тухайд өөрийн байр сууриа илэрхийлэх үеэр тус компанийн татвар хураамж төлөлтийн талаар тодорхой тайлбар өгсөн юм.

Тэрбээр “Уул уурхайн салбарын тухайд хэтэрхий чөлөөтэй байна, аль эсвэл төрийн оролцоо их байна гэж ярьдаг. Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд хууль зөрчдөг аливаа давуу тал байхгүй. Бидний хувьд алтны салбартай харьцуулахад найм дахин өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өгч байгаа. Хэрэв Оюутолгойтой харьцуулах юм бол тав дахин илүү роялти төлж байна. Нүүрсний салбарынхаас мөн адил найм дахин илүү роялти төлдөг. Энэ татварыг дээр дурдсан салбар, компаниудтай яг адил  төлөх юм бол бидний ашгийн чөлөөт үлдэгдэл өндөр байна.

2013 онд 95% нь татвар, 5% нь ашгийн чөлөөт үлдэгдэл байсан гэсэн мэдээлэл хэлэлцүүлгийн үеэр яригдсан нь эндүү ташаа юм. Үнэндээ 2013 онд бид төсөвт 523 тэрбум төгрөг төвлөрүүлсний 80-иад тэрбум төгрөг нь ашгийн чөлөөт үлдэгдэл байсан. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын хуулиар явдаг хэдий ч Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр манай компанийн үйл ажиллагаа зохицуулагддаг. Төрийн оролцоотой үйлдвэр учраас хөнгөлөлт эдэлдэг гэж яригддаг. Мөн чанартаа татварын дарамт хамгийн өндөр, бас хугацаандаа татвараа төлдөг. Хуулиар бол татвараа нэг улирлын дараа төлдөг жамтай. Гэтэл улсын төсөв тасалдаад байна гэсэн шалтгаанаар оны эхэнд, улирлын эхэнд биднээс татвар авдаг.

Эрдэнэт хотын төсөв 2013 онд 6.9 тэрбум төгрөг байсан байх. Харин компаниас орон нутагт 70 тэрбум төгрөг өгдөг. Энэ бол төсвийг 10 нугалж өгч байна гэсэн үг. Бас Эрдэнэт үйлдвэрт 6000 хүн ажилладаг. Энэ хүмүүсийн цалингийн фонд, хамтын гэрээгээр зохицуулж байгаа асуудал 230 тэрбум төгрөг болдог. Монголд хувийн хэвшлийнхнийг муу харж үздэг, төрийн өмчийн компаниудад давуу эрх эрх олгож, харж үздэг гэсэн ойлголт байдаг нь эндүү ташаа ойлголт шүү” гэсэн юм.

Эндээс “Эрдэнэт” үйлдвэрт татвар, төлбөрийн ачаалал маш өндөр байдгийг харж болох бөгөөд Оросын талд очих ногдол ашгийн хэмжээ тэр хэмжээгээр бага байдаг, байх ч болно гэдэг дүгнэлтийг бас хийж болно. 

Харин “Ростехнологи”-ийн хувьд хямралын эсрэг төлөвлөгөө сайн хэрэгжсэн гэхээсээ илүүтэй дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн хувьд таатай үе тохиосон байлаа. Зах зээл дэх зэсийн ханш 2009 оны эхнээс огт бууралгүй өссөөр 2011 оны хоёрдугаар сард хамгийн дээд үнэ 10 мянган ам.долларт хүрсэн юм. 

Зэсийн үнэ “тэнгэрт цойлсон” тэр жил  Монголын “их өр”-ийг тэглэсэн түүхэн айлчлалыг манай төрийн удирдлагууд ОХУ-д хийсэн. Мөн үеэр “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийг нэгтгэн IPO гаргах тухай талууд сүр дуулиантай мэдэгдэж билээ. Нэгдсэн компанийг хөрөнгийн биржид гаргахын тулд Монголын талын хувийг төрийн өмчөөс гаргахдаа “Ростехнологи”-ийн адил төрийн корпораци байгуулж, түүнд хувийг шилжүүлэх шаардлага тулгарч асуудал тэгсхийгээд намжсан. 

Дэлхийн хэмжээний уул уурхайн томоохон “тоглогч”-ийг бий болгох гэсэн зорилго биеллээ олоогүй ч хамтарсан үйлдвэрийн тодорхой хувийг олон улсын хөрөнгийн биржээр гуравдагч талд худалдах саналыг Оросын талаас гаргасан юм.

“Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ хамгийн ашигтай ажилласан 2012 онд “Ростехнологи”-ийн удирдлагууд Монгол, Оросын талын хувь эзэмшлээс тус бүр 25%-ийг нэгтгэн гуравдагч талд буюу стратегийн хөрөнгө оруулагчид худалдах санал дэвшүүлсэн. Ингэхдээ наймаанаас олох орлогоороо Оросын нутаг дээр зэс хайлуулах үйлдвэр байгуулъя гэсэн юм. Хамтарсан үйлдвэрийн 50%-ийг “Норийльский никель”, ”Металоинвест”, “Рио Тинто” болон “BHP Billiton” зэрэг “акул”-уудад санал болгож болох юм гэсэн санааг ч оросууд хэлж байжээ. Энэ санал дэмжигдсэн бол “Ростехнологи”-оос өмнө Оросын төрийн өмчийн 49%-ийн төлөө өрсөлдсөн “Норийльский никель” компани магадгүй худалдан авч оросууд “Эрдэнэт” үйлдвэрийн  74%-ийг эзэмшиж мэдэх байв. 

Өнгөрсөн жил “Ростехнологи” нь “Ростех” болж нэрээ өөрчлөн бүтцийн зохион байгуулалт хийхдээ корпорацийн стратегийн шинэ төлөвлөгөөнийхөө талаар олон нийтэд танилцуулсан юм. Тэр үеэр “Эрдэнэт”-ийн хамтарсан үйлдвэр 2012 оноос хойш ногдол ашиг хуваарилаагүй, сүүлийн жилийн 35 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөө биелэгдээгүй, Монголын тал “Ачит Ихт” компани байгуулсан нь аудитын шалгалтаар илэрсэн гэх зэрэг асуудлыг Оросын талаас хурцаар тавьсан юм. Энэ талаар “Сүүлийн жилүүдэд манай улс “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монголын талтай ойлголцож чадахаа болилоо” гэж Оросын хэвлэлүүдээр бичиж байлаа.

Өдгөө 30 шахам жил ашиглаж, олборлолтын хүнд үедээ орсон “Эрдэнэт”-ээс илүү  ашигтай, басхүү Оюутолгойтой өрсөлдөхүйц нэг биш төсөл оросуудад бий. Тэдгээрийн нэг нь Удоканы зэсийн орд юм. “Ростех”-ийн олон талт ажиллагааны нэг нь металлурги бөгөөд ялангуяа зэсийн үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгдөг. Тус корпорацийн хувьд Хятад улстай хил залгаа бүс нутаг дахь Удоканы зэсийн ордыг ашиглах “аварга” төсөлд 25%-ийг эзэмших нь хэдийнэ тодорхой болсон. Эл ордыг ашиглах Оросын Засгийн газрын 2008 оны шалгаруулалтад “Ростехнологи” корпораци нь “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн хамтарсан хувь эзэмшлийн тус бүрийн 49%-ийн хөрөнгөө оруулж, “Металоинвест” компанитай консорциум болж өрсөлдөж байсан юм.             

Оросын хамгийн том зэсийн орд Удокан нь JORC стандартаар хүдрийн нөөц нь 2.7 тэрбум тонн бөгөөд 25,7 сая тонн зэсийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ нь Оросын нийт зэсийн нөөцийн 60% гэсэн үг.

Цагтаа ноён Чемезов Удоканы ордын төслийг “Эрдэнэт” үйлдвэрийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Энэ зорилго ердөө өнгөрсөн зургаадугаар сард яригдаж, хэрэгжихээр бодит ажил болж байсан гэхээр “Эрдэнэт”-ийн хувь эзэмшил оросуудад хэр үнэ цэнтэй, стратегийн чухал төсөл байсныг илтгэнэ.

“Эрдэнэт” болон Удокан, Быстринскийн ордуудад тулгуурлан Оросын Краснокаменск хотын ойролцоо Зэс хайлуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөнийхөө талаар хоёрдугаар сард “Ростех” корпорацийн удирдлагууд мэдэгдсэн юм. Үүнээс дөрвөн сарын дараа үйлдвэр байгуулах 2 тэрбум ам.долларын төслийг хэрэгжүүлэх тухай баримт бичгийг “Ростех” корпорацийн охин компани “РТ-Глобальные ресурсы” Забайкалийн хязгаарын Засаг захиргаатай байгуулаад байлаа. Гэтэл ердөө долоохон хоногийн дараа Ташкентын уулзалтаар манай хоёр улсын Төрийн тэргүүн “Эрдэнэт”-ийн наймааг нууцлан хэлэлцэхийг хэн ч таамагласангүй.

Хамтарсан үйлдвэрийн ердөө гурван жилийн үйл ажиллагааны зардалтай тэнцэхүйц хэмжээний 400 сая ам.долларын хөрөнгөөр оросууд “Эрдэнэт”-ийн 49%-ийг Монголын талд худалдсан нь ашигтай наймаа гэхэд дэндүү “үнэмшилгүй”.  “Ростех”-ийн түүхэнд хийгдэж буй хамгийн өндөр үнийн дүнтэй, бэлэн мөнгөний наймаа гэж корпорацийн зүгээс тайлбарлаж байгаа ч үүнээс өндөр үнээр буюу 970 сая ам.доллараар 2012 онд титаны үйлдвэрлэлийн “ВСМПО-Ависма” охин компанийнхаа 45%-ийг худалдаж байсан билээ. 

Өнөөдөр 600 гаруй охин компаниараа дамжуулан Орос орны 60 гаруй бүс нутагт үйл ажиллагаа явуулж, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолдог  “Ростех” корпорацийн хувьд 400 сая ам.доллар тийм ч их хөрөнгө биш. Тиймээс 400 сая доллараас илүү хожоотой “цаад талын” ашигтай саналаар наймаалцсан байж таарна. Өнөөг хүртэл оросууд “Эрдэнэт” үйлдвэр дэх хувь эзэмшлээ 1%-иар ч гэсэн нэмэгдүүлэх санаархлаа ил, далд олон аргаар илэрхийлж ирснийг энд давтан тайлбарлах нь илүүц биз.

В.Путины шууд хяналт дор, стратегийн гол компанийнх нь мэдэлд байсан Оросын талын 49%-ийг гэнэт монголчуудад худалдах болсны цаад учир чухам юунд байсан нь хэзээ нэг цагт тодорхой болох бизээ. 

ХХБ-ны 3 дахь том хөрөнгө оруулалт

Оросын эзэмшлийн 49 хувийг Монголын хамгийн том арилжааны банкны нэг болох Худалдаа хөгжлийн банкны “Монголын зэс корпораци” хэмээх охин компани авсныг олон нийтэд зарласан билээ.  

Худалдаа хөгжлийн банк сүүлийн жилүүдэд томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа. Урьд нь “Хөтөлийн цемент шохой” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан бол “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн хэлцэлд оруулсан хөрөнгө оруулалт нь тэдний хувьд сүүлийн 4 жилийн дотор хийж буй 3 дахь том хөрөнгө оруулалт болж байна.

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-д хөрөнгө оруулах тендерийг Төрийн өмчийн хорооноос зарлахад “Бэйзмент” ХХК хөрөнгө оруулах эрхийг авч, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг 2011 оны сүүлээр байгуулсан. “Бэйзмент” компанийн ард Худалдаа хөгжлийн банк, түүний эздийг байгаа гэдэг. Хөрөнгө оруулалтын гэрээний дүнд “Хөтөлийн цемент шохой” ХХК-д нийт 250 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, хүчин чадлыг нэг сая тоннд хүргэсэн. Үүний 61.3 сая доллар буюу 120 гаруй тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлснийг Хөгжлийн банкны вэбсайтаас харж болно. Үлдсэнийг нь “Бэйзмент” ХХК, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк санхүүжүүлж байгаа бололтой.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д хөрөнгө оруулах Хөрөнгө оруулалтын гэрээг 2010 онд “Кью Эс Си” компани байгуулсан. Улмаар 2014 онд Концессийн гэрээ байгуулсан. Гол санхүүжүүлэгч нь мөн л Худалдаа хөгжлийн банк. Гэхдээ энэ Концессийн гэрээ нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хувьчилж авч байгаа хэрэг биш. “Кью Эс Си” компани Концессийн гэрээний дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг өргөтгөж, төмрийн хүдрийн хуурай баяжмал, нойтон баяжмал үйлдвэрлэх үйлдвэр болон шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрүүдээ барьж, төмрийн хүдрийн уурхайн олборлолтоо эхэлсэн гээд дэвшилттэй зүйл чамгүй бий. Бас Хөгжлийн банкны санхүүжилтээр Төмөртэйн ордыг ашиглахад шаардлагатай төмөр замыг барьж өгсөн.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд Монголын хамгийн том төмрийн хүдрийн орд Төмөртэй байдаг. Уг ордын олборлолт эхэлсэн бөгөөд ордыг “Болд Төмөр Ерөө гол” компанийн төмөр замтай холбох Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт өнгөрсөн 4 дүгээр сард ашиглалтад оруулсан. Хөгжлийн банкны 71.3 сая ам.долларын санхүүжилтээр уг төмөр замыг барьсан юм.

“Кью Эс Си” компани нийт 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, металургийн цогцолбор байгуулна хэмээн Дарханы төмөрлийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Д.Батжавхлан MMJ-д өгсөн ярилцлагадаа мэдээлж байсан билээ.

“Монголроцветмет”-ийн тухайд

Дээрх хэлцэл ганц “Эрдэнэт үйлдвэрт хамаараагүй билээ. “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын эзэмшдэг 49 хувь үүнд багтсан. “Монголросцветмет” компанийг “Эрдэнэт үйлдвэр”-тэй харьцуулахааргүй ч Монголын уул уурхайн салбарт жин дарах томоохон компаниудын нэг.

“Монголросцветмет” нь Монголын жоншны салбарт олборлолт, экспортоор тэргүүлэгч компани. Хайлуур жоншны 5 уурхайд олборлолт явуулдгаас 3 нь ил уурхай юм. Бүтээгдэхүүнээ ОХУ, АНУ, Тайланд, Тайваньд гаргадаг. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийг эзэмшдэг. Үүнээс гадна Баргилтын төмрийн хүдрийн орд, Зэрэгцээ алтны ордыг эзэмшдэг.

Монголд ашигт малтмалын хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын нэг нь “Монголросцветмет”. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2014 оны тайланд дурдсанаар тус компани нийт 31 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Үүнээс ердөө хоёр нь хайгуулынх бөгөөд Увс аймаг дахь талбайн хайгуулын дүнд 15 тонн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ хийсэн тухай компанийн вэбсайтад мэдээлсэн байна. Үлдсэн 29 тусгай зөвшөөрөл нь бүгд ашиглалтынх бөгөөд 14 нь жоншны, 7 нь алтны тусгай зөвшөөрөл юм. Мэдээж хамгийн том орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад байдаг Асгатын мөнгө, холимог металлын орд юм.

Дашрамд дурдахад, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар чамгүй ажил хийгдсэн байдаг. Сүүлд гэхэд Асгатын мөнгөний орд хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг барилгын цэргийн ангийнхан төсвийн хөрөнгөөр барьсан. Мөн ТЭЗҮ нь бэлэн болсон хэмээн компани мэдээлсэн. Харин ашиглалт эхлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа орд юм.