Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Эдийн засгийн коридор”-ын замаар хийсэн тэмдэглэл





Э.Жаргал

Монгол улсын гадаад худалдааны хамгийн том боомт Замын-Үүдийг зорилоо. Энд “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулна гэснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Соёмбо хөшөөг эс тооцвол элс шороонд дарагдсан хуучны хэдэн барилгаас өөр хүний нүдэнд торох содон бүтээн байгуулалт алга. Хил хооронд Оросын “УАЗ 469” машинууд хүн, ачаа зөөж, цаг завгүй давхилдан, ачаа бараа түрсэн тэрэгчид, гудамжинд жимс хоол худалдаалах авгай хүүхнүүд гээд тэртээ 1990-ээд оны дүр зураг огт өөрчлөгдсөнгүй. Замын-Үүдчүүдийн ихэнх нь Эрээнийг зорих иргэд, наймаачдын ачаа барааг нааш цааш зөөн амьжиргаагаа залгуулдаг. Хилийн энэ бүс нутагт томоохон үйлдвэр, бүтээн байгуулалт үгүй учир иргэд, тэр дундаа залуучуудад хийх ажил ховор. Улаан шороогоор шуурсан хөдөөх суурингийн буйдхан амьдралын уйтгартай дүр зураг өнөөгийн Замын-Үүдийнх.

Угтаа дэлхийн хамгийн том зах зээлтэй шууд хиллэдэг, Орос, Хятад гүрнийг холбосон төмөр зам болоод ирээдүйд олон улсын авто замын сүлжээ дайран өнгөрөх бүс нутгийн хувьд Замын-Үүд   эх орны шинэ цагийн хөгжлийг тодорхойлж, нүүр царай болох учиртай сан. Газар зүйн байршлын давуу талаа ашиглан дэлхийн хоёр том зах зээл Орос, Хятад улс, цаашлаад Ази, Европ тивийг холбосон эдийн засаг, худалдааны хамгийн дөт зам байх боломж манай улсад бий. Монгол, Орос, Хятад гурван улс “Эдийн засгийн коридор” байгуулахаар төслүүд эхнээсээ тодорч буй энэ цаг үед  уг санаачилга бодитоор хэрэгжих боломжтой. Олон улсын тээвэр логистикийн сүлжээ үүсгэж, экспорт импорт болон дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх учир манай улсын өнөөгийн төмөр зам, авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэчлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Замын-Үүдэд “Бүс нутгийн логистикийн төв”-ийг байгуулах төслийг хэрэгжүүлээд жил орчим болжээ. Хяналт шалгалтын дамжин өнгөрөх цэг, баталгаат агуулах, ачааны холимог тээврийн терминал, авто болон төмөр замын шилжүүлэн ачилттай, хүнд даацын авто техникийн зогсоол гээд олон улсын жишигт хүрсэн боомтын цогцолбор бий болгох чухал ажил юм. Өмнө нь ингэж л “чухал” төлөвлөөд өнөөдөр үр дүнд нь “Чөлөөт бүс..”-ийн гэх хаягтай элсэнд дарагдсан эл хуль хашаатай адил зүйл дотроо төсөөлж явснаа нуух юун.





Харин газар дээр нь очоод танилцахад нийт 128 га хамрах төслийн талбайд цемент бетоны үйлдвэр, лабораторийн байгууламж болон тоног төхөөрөмжийг тохижилтын хамт, 110кВ-ын өндөр хүчдэлийн дэд станц, өдөрт 700 шоо метр ус ашиглах худаг зэргийг барьжээ. Барилга угсралтын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл хангагдсан нь энэ.

Төслийн захиалагч Зам тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчид, Дорноговь аймгийн удирдлагууд болон “Улаанбаатар төмөр зам”-ын дарга нарын оролцоотой энэ есдүгээр сарын 2-нд шав тавьж барилгын ажлыг эхлүүлсэн юм. Эхний ээлжинд өргөн царигтай төмөр замын холбох хэсэг, захиргааны байр, гаалийн хяналт шалгалт, баталгаат агуулах, засварын төв барихаар төлөвлөсөн байна. Өргөн царигтай төмөр замын холбох хэсгийн төмөр замын даланг байгуулах ажил хийгдээд эхэлжээ. Өргөн, нарийн царигтай төмөр замын ачилт буулгалтын 11.5 км орчим төмөр замаас гадна 1.6 км авто зам болоод хүнд даацын тээврийн хэрэгсэл явах зориулалтын 50 болон 70 тонн даацтай гүүрэн байгууламжийг байгуулах юм байна. Замын-Үүдийн одоогийн шалган өнгөрүүлэх боомт, төмөр замаас 8 км зайд байрлах “Бүс нутгийн логистикийн төв” нь хоёр ээлжээр 24 цагийн байнгын ажиллагаатай, хоногт 600 орчим вагон БНХАУ-ын талаас хүлээн авч ачиж буулган, шижлүүлэн ачих хүчин чадлаар тооцжээ. Нийт 71.6 сая ам.долларын өртөгтэй уг төслийг Азийн хөгжлийн банкны  40 сая ам.долларын  хөнгөлөлттэй зээл болон 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар,  Монгол улсын Засгийн газар үлдсэн  26.6 сая ам.долларыг  санхүүжүүлж байна.

Замын-Үүд нь Монгол, Хятадыг холбосон төмөр замын цорын ганц боомт. Урд хөрш улсын Эрээн хотоос ердөө 9 км зайд бараа бараагаа харалцан оршино. Хиллэх газар нутгийн хувьд ойр ч хөгжлийн ялгаа тэртээ холд үлджээ. Хүн тэрэгнээс өөр хөл дүүжлэх унаагүй, хөх даалимбан өмднөөс илүү хувцасгүй, шавар тагзнаас өндөр барилгагүй багахан суурин байсан цаг ердөө 20 хүрэхгүй жилийн өмнө. 1992 онд Эрээн нь БНХАУ-ын анхны нээлттэй хотын нэг болсноос хойш өдгөө Монгол, Оросын нутгаар дамжин Европын зах зээлд хөл тавьсан худалдааны том бүс болжээ. Анх нээлттэй хот хэмээн зарлахдаа худалдаа арилжаагаар дамжуулан хөгжилд хүрэх зорилт тавьсан нь өдгөө хэрхэн хэрэгжсэнийг өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгө нэмж буй Эрээн хотын өнгө төрх илхэн харуулна.

“Хятад улсыг харах анхны цонх” гэсэн ойлголттой хотынхоо өнөөгийн хөгжлийн бодлогыг уялдуулжээ. Хуучин Эрээн хотоос 10 гаруй км зайд Удирдлагын ордон, үзэсгэлэнгийн цогцолбор, их дээд сургуулийн хүрээлэн хотхон, эмнэлэг, орон сууцны хороолол болон ногоон байгууламжийг цогцлуулж цоо шинэ өнгө төрхтэй хотыг бүтээн босгож байна. Монгол улс руу гаргаж байгаа өргөн хэрэглээний бараа, уул уурхай болон барилгын машин механизм зэрэг бүтээгдэхүүнээс авах ердөө 1%-ийн татвараар дагуул хот “Эрээн 2”-ыг сүндэрлүүлж буй нь энэ. Хөгжье гэсэн зорилго байвал хөрөнгө босгож, өр тавилгүй нэг зоосыг ч гололгүй тогтмол орж ирэх багахан орлогоор хөгжлийг бий болгож болдгийг эндээс харж болно.

Хуучны шавар тагз бүхий жижиг навтгар байшингуудаас цөөн хэд нь үлдсэн ч өнгө үзэмжтэй өндөр хашаагаар халхалж, наагуур нь цэцэг, мод тарьж хотын өнөөгийн цэмцгэр үзэмжид огтхон ч нөлөөлөхөөргүй болгожээ. Хойд хөрш Орос руу манай иргэд визгүй зорчдог болсноос хойш Эрээн хотод ирэх Монгол худалдан авагчид цөөрч, тэр хэрээр хямд үнэтэйг бус чанартай, өнгө үзэмжтэй бараа сонгодог болсон нь анзаарагдана. Худалдаа арилжаанаас гадна үлэг гүрвэлийн эх нутаг гэгдэх Эрээнийг зорих жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь энэ хотын бас нэг орлогын урсгал юм.  

2013 онд БНХАУ-ын шинэ удирдагчаар Си Жинпин сонгогдохдоо эртний худалдааны “Торгоны зам”-ыг сэргээх тухайгаа дэлхий нийтэд зарлаж байлаа. “Нэг бүс-нэг зам” санаачилгыг бүрдүүлэх хуурай замын “Торгоны замын эдийн засгийн бүс” ӨМӨЗО-ны Шинжаан-Уйгарын автономит бүсээс эхлээд Казахстан, Узбекстан, Туркменстан, Иран, Ирак, Сири, Турк, Болгар, Румын, Чех,  Герман улсаар дамжин 6500 км үргэлжлэх бол “21 дүгээр зууны далайн торгоны зам” нь Хятадын Гуанжоу хотоос Вьетнам, Тайланд, Малайз, Сингапур, Индонезиэр дамжин Энэтхэг улсад хүргэх төлөвлөгөөтэй.


“Нэг бүс-нэг зам” санаачилгаа олон улсад сурталчлан таниулах төрийн бодлогтойгоор эртний Торгоны зам дайран өнгөрөх бүс нутаг, тэр дундаа алслагдсан муж, хотууддаа олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулж “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн орнуудын төлөөлөгчдийг урих болсон билээ. Ингэхдээ улсын хөрөнгөөр үзэсгэлэн, хурал чуулганы нүсэр цогцолбор, өндөр зэрэглэлийн тансаг зочид буудлууд барьж байгуулан зочдыг хүлээн авч, Хятад орны шинэ цагийн эдийн засгийн хөгжлийг таниулах, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа, цаашлаад хөрөнгийн урсгалыг татахаар зорьж буй.



Хөрш гурван улсын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх Эрээн хотноо Эдийн засгийн найм дахь удаагийн чуулга, үзэсгэлэн есдүгээр сард зохиогдсон юм. Мэдээж тус уулзалт уламжлал болон жил бүр зохиогддог ч энэ удаад “Эдийн засгийн коридорыг хамтран байгуулж, уялдаатай хөгжлийг ахиулах” сэдвийн хүрээнд болсноороо онцлог байлаа. Чуулган Монгол, Орос, Хятад гурван улсын хил залгаа бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоорондын аялал жуулчлалын салбарыг уялдуулан хөгжүүлэх зорилго агуулжээ. Манай улсаас 100 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, 300 гаруй бизнес эрхлэгчид 72 төсөл танилцуулсан юм.

Чуулганы хүрээнд Монгол, Хятадын талууд бүс нутгийн аялал жуулчлал, мал аж ахуй, дэд бүтцийн салбарт тодорхой асуудлууд хөндсөн. Манай улсын худалдаа эрхлэгчид Эрээн хотын хөгжилд чамлахааргүй хөрөнгө оруулсан. Түүний адилаар гадаадын жуулчдыг татах, үүнийгээ дагаад орлогын шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор БНХАУ-ын иргэдийг визгүй буюу цагаан хуудсаар Замын-Үүдэд нэг өдөр аялуулах үйл ажиллагаа  зохион явуулдаг. Тэгвэл энэ аялалыг 2-3 хоног болгон сунгаж эртний түүхийн дурсгалт газруудтай танилцан Сайншанд хүртэл аялуулах боломжийг судлахаар болов. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд Хангимандалын боомтоор мах, сүү, арьс шир, ноос зэрэг Мал аж ахуйн боловсруулах үйлдвэр цогцолбор байгуулахад Хятадын тал хамтран ажиллах сонирхолтойгоос гадна Сайншанд-Хангимандал чиглэлийн 260 км төмөр замыг хамтран барих асуудлыг дэвшүүлж байлаа.



Хятад улс нь олон улсын чанартай аливаа арга хэмжээ зохион явуулахдаа өөрийн орны нэг муж, хотын эдийн засгийн өнөөгийн хөгжил цэцэглэл, давуу талтай гадны зочдыг танилцуулах аялалыг хөтөлбөрт тусгадаг онцлогтой. Тэгвэл Эрээн хотын эдийн засгийн энэ удаагийн чуулганаар Монгол, Орос, Хятад улсын “Эдийн засгийн коридор” сэдэвтэй уялдуулан ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зочиллоо. Шилийн гол аймаг нь эртний Торгоны зам, Цайны замын салшгүй нэг хэсэг юм. Тиймдээ ч  гурван улсын дамнан байгуулах дэд бүтцийн гол чиглэлүүд энэ бүс нутгаар дайран өнгөрөх учиртай. Эрээн хот боомтоос авто, төмөр замаар Шилийн голыг дайран өнгөрч Бээжин, Тянжин, Хэбэй зэрэг Хятад улсын аж үйлдвэр, худалдааны томоохон төвүүдэд хүрдэг.

Хурлын төлөөлөгчид Эрээн хотоос галт тэргэнд тухлан дөрвөн цаг гаруй явсаар Шилийн гол хотод буусан юм. Аймгийн нийт 1.4 сая хүн амын 400 хүрэхгүй мянга нь нийслэл хотдоо оршин суудаг. Хотыг төлөвлөхдөө эхлээд авто замаа тавьж, түүнийг дагасан ногоон байгууламжаар гудамжаа тохижуулсны дараагаар барилга, орон сууцаа барьдаг гэнэ. Хотоос холгүй хоосон шар талд борооны уснаас хамгаалж ногоон брезинтээр нямбайлан хучсан уртаас урт замууд тааралдаж байсан нь ийм учиртай аж. Хотын зах хэсэгт барууны хэв маягтай, өндөр өндөр орон сууцны хорооллууд шил даран сүндэрлэжээ. Одоогоор айл хүн цөөтэй, эргэн тойрны гудамж, зам нь эл хуль байгаа ч ирээдүйд хотын хүн ам өсч, эдийн засгаа тэлэхээ тооцон ийн барьж байгаа гэнэ.

Хөдөө аж ахуй, уул уурхайн салбартаа тулгуурласан эдийн засагтай Шилийн гол аймаг нь газрын тос, өнгөт метал, нүүрсний нөөц ихтэй. Зөвхөн нүүрсний 139.3 тэрбум тонн нөөцөөрөө Хятадын эрчим хүчний хэрэглээг хангадаг гол бүс нутгийн нэг. Энд тус улсын дулааны хамгийн том дөрвөн цахилгаан станц ажиллаж байна. Олон улсын байнгын нээлттэй хоёр боомтын нийт худалдаа 2015 онд 1.5 сая тоннд хүрчээ. Эрээн хотын боомтоор газрын тос, нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүн импортолдог бол Зүүн Хатавчийн боомтоор мал, хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдаа хийгддэг байна. Шилийн гол аймаг нь Оросын Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх бүтээн байгуулалтад хамтран ажиллах хэтийн зорилготой.   

Гурван улсын эдийн засаг, худалдааны чухал зам дайран өнгөрөх төсөөлөлтэй уялдуулан одооноос аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого барьж буй. Хотыг бүхэлд нь тольдож болохуйц өндөрлөгт “Адууны соёлыг хөгжүүлэх үндэсний хүрээлэн” томоохон цогцолбор байгуулсныг үзээд “манайхан хүсвэл үүнээс ч гоёыг хийж чадна даа” гэж дотроо битүүхэн атаархаж явлаа. Тэрхүү цогцолборын 500 гаруй үзэгчийн суудалтай   театрт Монголын эртний үүх түүх, угсаа гарал, ёс заншил, адууны өв соёлыг гайхуулах урлагийн үзүүлбэрээр Шилийн гол хотыг жилдээ зорин ирэх 1.9 сая жуулчны нүдийг хужирлах аж.

Өнөөдөр дэлхийн улс орнууд хамгийн том зах зээл Хятад улстай бүхий л зам харилцаагаар ойртож, худалдаа наймаа хийж, ашиг орлогоо нэмэгдүүлэн хөгжихийг зорьж байна. Хөрш гурван орны “Эдийн засгийн коридор” хэмээх мега санаачилга бодитоор хэрэгжвээс Монгол улс нь Ази, Европ тивийг холбох хамгийн дөт зам, дэлхийн зах зээлийн нэгэн чухал “судас” болох учиртай.