Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

РЖД-ийн Ерөнхийлөгч солигдож магадгүй

“Оросын төмөр зам”-ын Ерөнхийлөгчөөр Шадар сайд Аркадий Дворковичийг томилох талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэхүү томилгооны тухай Оросын төрийн өндөр албаны хэд хэдэн хүн батлаад байгааг мэдээлэлд онцолжээ. РЖД-ийн Ерөнхийлөгчийн албыг Аркадий Дворкович хүлээн авсан тохиолдолд одоогийн тэргүүн Олег Белозеров ОХУ-ын Тээврийн сайдаар томилогдох гэнэ. О.Белозеров өнгөрсөн оны наймдугаар сард РЖД-гийн Ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд үүнээс өмнө Тээврийн сайдын орлогчоор зургаан жил ажиллажээ.

44 настай Дворковичийн хувьд төмөр замын “хүн” биш гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Түүнийг РЖД-ийн тэргүүнээр томилох тухай асуудал жил орчмын өмнөөс албаны хүмүүсийн дунд яригдаж эхэлсэн байна. Албан бус мэдээллээр энэ аравдугаар сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин РЖД-гийн шинэ Ерөнхийлөгчийг томилох зарлигт гарын үсэг зурах байжээ.

Гэвч РЖД болон Шадар сайд Аркадий Дворковичийн хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүйг Оросын хэвлэлүүд дурджээ. 

Сүүлийн үед Ерөнхийлөгч Путин өөрийн багийг ”залуу үе”-ээр сэлгэж, халаа томилгоо эрчимтэй хийж байгааг хэвлэлүүд онцолж байна. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын орлогчоор “Росатом” корпорацийн тэргүүн Сергей Кириенког томилоод байгаа билээ.  

Э.Од