Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

РЖД-гийн Ерөнхийлөгчийн томилгооны эргэн тойронд

Ердөө сар гаруй өмнө манай улсад айлчилж “Оросын төмөр зам”-ын /РЖД/ шинэ Ерөнхийлөгч болоод Путины “залгамжлагч” хэмээн монголчуудын анхаарлыг татсан ноён Олег Белозеровыг албан тушаалаас нь буулгах тухай мэдээлэл Оросын мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болж байна. Түүний орны хүнээр одоогийн Шадар сайд Аркадий Дворковичийн нэр дуулдаж буй. 

“Улаанбаатар төмөр зам”-ын 50%-ийг эзэмшдэг Оросын төрийн мэдлийн компанийн удирдлагууд ямар учир шалтгаанаар халагдаж, өөрчлөгдөж байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүд янз бүрээр тайлбарлан бичиж байна.

Якунины үе

Жил бүр нэмэгддэг хэдэн арван тэрбум рублийн татаасыг улсын төсвөөс шаарддаг амбицаараа Якунин олон хүний ой тойнд үлдсэн гэж хэлж болно. Тэрээр зөвхөн БАМ болон Транссибириийн төмөр замын шинэчлэлийг 562 тэрбум рублиэр үнэлсэн байдаг. Оросын төр мөнгөтэй үедээ түүний амбицад татгалзаж байсан удаа үгүй. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ шалдаа бууж, Орос орны төсвийг ямар орлогоор бүрдүүлэх талаар Кремлийн эрх баригчид толгой гашилгаж суухад Якунины ээлжит шаардлага жинхэнэ “шүдний өвчин“ болжээ.

Тухайн үед “РЖД төсвөөс татаас авахаас өөр чадах зүйлгүй болсон төрийн ганц компани” гэж тодорхойлсон нь Якунины бардам занг хөндөж албан тушаалаа орхино гэж Ерөнхийлөгчийг “сүрдүүлсэн” гэх яриа ч гарсан байдаг. Харин Путин түүний энэ шийдвэрийг хүндэлсэн бололтой. 2016 онд РЖД-ийн санхүүг тогтвортой байлгахын тулд ачаа тээврийн тарифыг 7,5% хэтрүүлэхгүй байлгахаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилсан төсөвт суулгажээ. Харин Якунин энэ жил улсаас 130 тэрбум рублийн дэмжлэг үзүүлж чадахгүй бол ачаа тээврийн тарифыг 17,7% хүргэж нэмэгдүүлнэ гэсэн шаардлага тавьснаар төр болон монополь компанийн удирдлагуудын хооронд үл ойлголцол анх үүссэн гэх.

Нөгөөтэйгүүр, ойрын танил, найз нөхөд болон хүү Андрей Якунины компаниудын РЖД дэх холбоо сүлбээ нь Якуниныг албан тушаалаасаа буухад багагүй үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Зөвхөн ганц гэрээг жишээ татахад, Оросын Монополийн эсрэг албанаас хамгийн багадаа 360 тэрбум рублийн үнийн дүнтэй РЖД болон “ОСК 1520” компанийн хооронд байгуулсан 28 тэрбум рублийн гэрээг хүчингүй болгож чадаагүй юм. “ОСК 1520” компани нь БАМ болон Транссибирийн төмөр замын шинэчлэх төсөлд гүйцэтгэгчээр ажилладаг. Тус компанийг эзэмшигч “Группа компания 1520”-ийн эзэн Алексей Крапивин бол Якунины ойрын танил юм.

Крапивины хүү Андрей нь оффшор бүс дэх хөрөнгөтнүүдийг илчилсэн “Панамын баримт бичиг”-ээр РЖД-ийн томоохон туслан гүйцэтгэгч компанийн нэг “Бамстроймеханизация”-ийн эзэмшилтэй холбоотой нь илэрчээ.  “Бамстроймеханизация” компани нь 2014 онд зарлагдсан БАМ болон Транссибирийн төмөр замыг шинэчлэх тендерээс 177,3 тэрбум рублийн ажил авсан байдаг. Энэ мэт РЖД-ээс мөнгө “салгасан” цөөнгүй компани Якунинтай ойрын холбоо сүлбээтэй. Түүнийг РЖД-г удирдаж байсан үеийг цагтаа Юрий Лужков Москва хотын “хаан” аятай аяглаж байсантай адилтгах нэгэн ч бий.

Одоогийн Ерөнхийлөгч  Олег Белозеров

РЖД-ийн Ерөнхийлөгчийн суудлыг “Ростех”-ийн Сергей Чемезов, ОХУ-ын Зам тээврийн сайд асан Игорь Левитин нарт санал болгосон ч хүлээж аваагүй байна. Ингээд “запас” хүн Олег Белозеровыг тус албанд 2015 оны наймдугаар сарын 20-нд томилсон байдаг. Тэрээр томилогдохоосоо өмнө Тээврийн сайдын орлогчоор зургаан жил ажиллажээ.

Юуны түрүүнд түүний өмнө тавьсан гол зорилго бол Якунины 10 жилийн “засаглал”-ын үед үүссэн алдаа дутгадал, завхарлыг засч залруулах байв. Белозеровыг томилсноос хойш төрийн монополь компани дахь хээл хахууль буураагүй бөгөөд харин ч цалнгийн зардал нэмэгдсэнийг хэвлэлүүд онцолж байна. Гэхдээ тэрээр 2015 онд 86.2 сая рублийн цалин авснаа нээлттэй мэдээлсэн нь РЖД-ийн Ерөнхийлөгчийн албан ёсны цалингийн хэмжээг анх удаа ил тод зарласан тохиолдол болов. Энэ нь орлогынхоо талаар огтоос дуугарч байгаагүй Якунинтай харьцуулбал нэг “дэвшил” аж.

Компанийн санхүүгийн тайлангаар 2015 оны дөрөвдүгээр улиралд  топ-менежерийн цалин 2,45 дахин өсч 469.8 сая рубль болжээ. Гэтэл компанийн нийт зардал 373.7 саяас 553.3 сая рубль болж нэмэгдсэн байна. РЖД-гийн Ерөнхийлөгч асан Якунины хувьд сард 4-5,5 сая рубль буюу жилд ойролцоогоор 60 гаруй сая рублийн хөлс авч байжээ. Оросын төрийн өмчит РЖД нь 2015 оны жилийн эцсийн дүнгээр 1.9 их наяд рублийн хөрөнгийн эргэлттэй бөгөөд 8.2 тэрбум рублийн цэвэр ашигтай ажилласан байдаг.

Белорезов томилогдсон даруйдаа албан хаагчдын халаа сэлгээнээс ажлаа эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд дэд Ерөнхийлөгчөөр 10 жил ажилласан Вадим Морозовыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Энэ шуугиан намжаагүй байтал шинэ удирдлага байгууллагын албан хэрэгцээнд дөрвөн машин шинээр худалдан авахдаа 22.1 сая рубль зарлагадаж хэл ам “таталсан” байна. РЖД-ийн Ерөнхийлөгчийн албыг хүлээж аваад удаагүй байхдаа улсын төсвөөс татаас авахгүй гэдгээ мэдэгдэж, олны анхаарлыг татан эерэг сэтгэгдэл төрүүлж байлаа. Гэвч тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн өмчит компани дахь хэрээс хэтэрсэн зарлагыг бууруулах гэсэн Путины найдлага хөсөрдүүлсэн бололтой.

Олег Белозеровыг РЖД-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгах нь нэгэнт тодорхой болжээ. Одоогоор түүний орны хүнээр хэнийг томилох тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна.   

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 50%-ийн эзэмшилтэй РЖД улсын хөрөнгийг замбараагүй зарцуулж байгаа болон Ерөнхийлөгчийг нь солих шуугиан ид өрнөж байсан үед өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр УБТЗ-ын Монголын талын даргын томилгоо хийгджээ.

Э.Од