Оюутолгойн гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй үеийн нэгэн томоохон үйл явдал бөгөөд үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөн, дотоодын чадварлаг ажиллах хүчнийг нэмэгдүүлэх хариуцлагаа бататгаж буй явдал юм. Даян нь дотоодын компаниийн нөөц бололцоо, гүний уурхайн бүтээн байгуулалтад мэргэшсэн олон улсын компанийн түншлэлд тулгуурлан, дэлхийн жишигт нийцсэн туршлага, ур чадварыг дотооддоо хөгжүүлэн нэвтрүүлсэнээр урт хугацааны үр өгөөжийг Монгол Улсад бий болгох болно” гэв.
Гүний уурхайн болон туслах үйлчилгээний гэрээнд Оюутолгой уурхайн дахь хоёр, тавдугаар босоо амуудын нэвтрэлтийг гүйцэтгэх ажил багтсан. Эдгээр босоо амын нийт гүн нь тус тус 1,284м болон 1,178м байна. Хоёрдугаар босоо ам нь 10м диаметртэй бөгөөд дэлхийн хамгийн том босоо амуудын тоонд ордог. Харин тавдугаар босоо ам нь агааржуулалтын зориулалттай ба 6.7м диаметртэй байна.
Мөн энэ гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээний ажил буюу хөндлөн малталт хийх, том хэмжээний ухалт, малталт болон гүний уурхайн үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэнэ. Түүнчлэн, гүний уурхайн төслийг үндэсний чадварлаг боловсон хүчнээр хангах болон мэргэшүүлэх уурхайн туслах үйлчилгээг үзүүлнэ.
“Даян Контракт Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Брюс Данлоп “Уул уурхайн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болох Оюу толгойн гүний уурхайн төсөлд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна. Бид цаашид Оюу толгойтой урт хугацаанд түншлэн ажиллаж, дэлхийн жишиг уурхайг бүтээн байгуулж, гүний уурхайд ажиллах үндэсний шилдэг ажиллах хүчийг бэлтгэнэ” гэв.
Хасу Мегаватт ХХК нь Монгол Улсын эрчим хүч, уул уурхай болон барилгын салбарт арвин туршлагатай бөгөөд 2006 оноос хойш Оюу толгойтой хамтран ажиллаж байна. Иргэний болон уул уурхайн инженерчлэл, барилгын салбарт өндөр туршлагатай 600 гаруй ажилтан бүхий Хасу Мегаватт компани нь энэхүү хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах юм. Хасу Мегаватт нь Оюутолгойн уурхайн чухал байгууламжуудын нэг Дулааны Станцыг олон улсын стандартын түвшинд 2013 оноос хойш ажиллуулан, өндөр түвшний үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Харин Жэй Эс Редпаф Лимитед нь уул уурхайн салбарт 50 гаруй жил ажиллаж буй арвин түүхтэй уурхайн гэрээлэгч болох Редпаф группт харъяалагддаг. Тэдний 5,000 гаруй ажилтан нь дэлхий даяар тархан байрлаж, гүний уурхайн бүтээн байгуулалт, босоо амын нэвтрэлт, чиглүүлэх өрөмдлөг, өгсөх өрөмдлөг, уурхайн хөгжүүлэлт, инженер техникийн үйлчилгээг олон төрлийн мэргэжлийн үйлчилгээний хамтаар хүргэж байна. Олон улсад ажилласан туршлагынхаа хүрээнд Редпаф нь удирдан чиглүүлэх ур чадвар, бүс нутагт суурилсан ажлын туршлага болон соёлын өргөн хэмжээний туршлага хуримтлуулсан юм.