Бишкек хотоос Э.Оджаргал (The Mongolian Mining Journal) мэдээлэв
Киргиз улсын Бишкек хотноо өнөөдөр Канад, Монгол, Киргиз, Мьянмар, Норвеги, Зүүн Тимор, Герман улсын оролцоотой “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” сэдэвт семинар хурал эхэллээ. Хурлаар дээрх орнууд уул уурхайн салбар дахь төрийн бодлого болоод оролцоо, орлогын хуваарилалт, ард иргэдэд хүрэх үр өгөөж, авлигын нөлөө зэрэг асуудлаар туршлага солилцож байна.
Семинарыг Монгол улсын Гадаад хэргийн яам болон Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн (CIRDI), Норвегийн “Осло” төв хамтран зохион байгуулж байгаа юм. Анхны семинар Улаанбаатар хотноо өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан бол хоёр дахь нь Мьянмар улсад долдугаар сард зохион байгуулагджээ.
Бишкек хотноо болж буй гурав дахь удаагийн хурлыг нээж Монгол улсаас Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын орлогч захирал Д.Гэрэлмаа, Киргиз улсын Газрын баялаг ашиглалт ба худалдаа, эрчим хүчний төрийн хорооны дарга Дуйшенбек Залилаев, Төв Азийн их сургуулийн Ерөнхий захирал Богдан Кравченко нар үг хэлэв.
“Монгол улс сүүлийн 20 жилийн хугацаанд хурдацтай өсч байгаа эдийн засагтай орнуудын нэгд тооцогдох болсон. Үүний гол нөлөө нь уул уурхайн салбарын хөгжил бөгөөд салбар нь өсөлт уналтын аль алийг туулж явна. Байгалийн баялгийн нөөцтэй Монгол улсын хувьд эрдэс баялгаа зөв зохистой ашиглан нийгмийн салбаруудаа хөгжүүлэх, ард иргэддээ хүртээхийг зорьж байгаа. Тиймээс улс орнуудын уул уурхайн салбар дахь сайн, муу туршлага өндөр үнэ цэнтэй байх болно” хэмээн Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын орлогч захирал Д.Гэрэлмаа хэлсэн юм.
Хурлын эхэнд “Осло” төвийн ахлах зөвлөх Эйнар Стинснес байгалийн баялгийг зөв зохистой ашиглалтаараа дэлхийд тэргүүн жишээ болж байгаа Норвеги улсын туршлагын талаар илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ “Осло” төвийн үйл ажиллагааны түүх болоод зорилго, “Голланд өвчин”, Норвегийн тэтгэврийн сан, уул уурхайн салбар дахь төрийн оролцооны зохицуулалт, татварын бодлогын талаарх туршлагаасаа хуваалцсан юм. Байгалийн баялгийг зөв зохистой ашиглахад нэн тэргүүнд тухайн улсын авлигын асуудлыг цэгцлэх нь чухлыг онцолж байлаа. Мөн энэ талаар Монгол, Киргиз улс тодорхой үр дүнд хүрч буйг дурдав.
Үдээс өмнөх хурлын үндсэн сэдэв нь байгалийн баялгийн ашиглалт төрийн оролцоо, үүргийг хэрхэн зохицуулах, хуваарилах тухай байлаа. Энэхүү сэдвийн хүрээнд Мьянмар, Киргизийн төлөөлөгчид Монгол улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчны байдал, татварын хөнгөлөлтийн бодлогын талаар сонирхож байлаа. Тус хурлаар “Эрдэнэс Монгол”, “Кыргызалт” компаниуд үйл ажиллагааны бодлого, томоохон төслүүдийнхээ талаар танилцуулга хийсэн бөгөөд Монгол, Киргиз улсын төрийн өмчит компаниудын ялгаатай байдлыг харьцуулж болохоор байсан юм. Нээлттэй нийгэм форумын судлаач Д.Байлийхүүгийн илтгэсэн “Оюутолгой” төсөл дэх төрийн оролцооны талаарх илтгэлээс хөрөнгө оруулалтын гэрээ ихээхэн гайхал төрүүлснийг Киргизийн төлөөлөгчид нуусангүй.
Хоёр өдрийн турш үргэлжлэх семинарын дараа төлөөлөгчид алтны нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт тооцогдох Кумторын уурхайтай танилцах төлөвлөгөөтэй.
Дашрамд сонирхуулахад, өнөөдөр Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны орнуудын чуулга уулзалт эхэлж байгаа юм. Энэхүү уулзалтад БНХАУ-ын төлөөлөгчдийг ахлан тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэөцян албан ёсоор айлчилж байна. Киргизийн хэвлэл мэдээллийнхний онцолж буйгаар ШХАБ-ын арга хэмжээний үеэр сүүлийн 15 жилийн турш яригдаж байгаа “Хятад-Киргиз-Узбекстан” чиглэлийн төмөр замын төслийн асуудлаар Киргиз, Хятадын талууд санал солилцох бололтой.